Монголын Залуучуудын Холбооноос санаачилан  Боловсролын ерөнхий газар, Тэтгэгэлэг аппликэйшн хамтран, "Алма-Матер-2022" Үндэсний шилдэг багш оны шилдэг оюутан шалгаруулах ёслолыг энэ сарын 14-ны өдөр Чингис хаан музейд 28 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хүрээнд  аймаг, нийслэлийн 300 гаруй багш оюутны материал ирж, тэдний судалгааны ажил, нийгмийн оролцоо, зөв хандлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусдад ямар боломж олгож буйг голчлон анхаарч  шүүгчдийн сонгон шалгаруулалтаар 10 багш, есөн оюутныг оны шилдэгээр тодрууллаа. Ёслолын үйл ажиллагаанд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар, удирдах зөвлөлийн гишүүд оролцож шагнал гардуулж,  Чингис хаан музейн захирал С.Чулуун “Чингис  хаан, Монголчуудын үнэт зүйл болох нь” сэдвээр багш, оюутан залуучуудад хүндэтгэлийн лекц уншиж, музейн зүгээс дурсгалын бэлгийг гардуулан, үнэ төлбөргүй үзмэрийг үзүүлэв.  Энэхүү ёслолын арга хэмжээг боловсролыг дэмжигч Оюут групп ивээн тэтгэж хамтран ажиллаа. 

Үндэсний шилдэг багш
1. Их засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш доктор, дэд профессор Буянгийн Нацагдорж нь 2021 онд олон улсын хэмжээнд 3, үндэсний хэмжээнд 7 илтгэл, өгүүлэл хэлэлцүүлж эрдэм судлалын ажлын өндөр амжилтыг үзүүлсэн байна. Мөн Монгол багшийн загвар боловсруулах ажлын хэсэгт судлаачаар, БШУЯ-ны Боловсролын мэдээллийн технологийн төвийн хичээлийн зөвлөхөөр, АТГ-ын сургагч багшаар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээч зэрэг ажлуудыг нэрлэж болох юм. Залуу судлаачдыг бэлтгэх, судалгааны ажилд дур сонирхолтой болгох үүднээс 10 гаруй магистрын судалгааны ажлыг удирдаж чиглүүлж ажилласан байна.


2. Улаанбаатар эрдэм их сургуулийн багш Доктор, дэд профессор Баатарын Лхагвамаа нь 34 насандаа докторын зэрэг хамгаалж судалгааны ажлын арга барилыг эзэмшин боловсролын салбартаа тулгамдаж байгаа асуудлуудын суурь судалгааг үндэсний хэмжээнд хийж олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, ном тохимол хэвлүүлж байгаа залуу судлаач багш юм. Мөн боловсролын салбарын томоохон шинэчлэлийн нэг цахим сургалтыг ерөнхий боловсролын болон их дээд сургуульд амжилттай туршин хэрэгжүүлж олон олон багшид цахим сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлж энэ онд гэхэд давхардсан тоогоор 2500 орчим багшийг хөгжүүлсэн байна.


3. Отгонтэнгэр их сургуулийн багш Пүрэвдагвын Эрдэнэчимэг Татварын мэргэшсэн зөвлөх, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмлдэгтэй. Тэрээр 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл 15 гаруй илтгэл 6 ном гарын авлага нийтэлсэн байна. Отгонтэнгэр их сургуулийн карьер хөгжлийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгууллагуудын захиалгаар soft skill н сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Мөн Тогтвортой хөгжлийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна.


4. Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн багш СТА, Намдагийн Түвшинжаргал нь Монголын Үндэсний урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн морин хуурчид, 1000 морин хуурчдыг бэлтгэхэд зөвлөх багшаар ажилласан. Мөн өөрийн уран бүтээлийн тоглолтоо шавь нарын хамт үзэгч олондоо хүргэсэн. “Үлэмж эгшиглэхүй”  эмэгтэй морин хуурын хамтлаг байгуулан морин хуур хөгжмийн өвийн санд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. 


5.    Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн багш Пүрэвдоржийн Номинцэцэг.  2008 онд залуу багш нарын ур чадварын уралдааны дэд байрыг эзэлж байсан. Шавь Э.Номинзаяа дүүргийн монгол  хэлний олимпиад 1-р байр, О.Мөнхнасан дүүргийн математикийн олимпиадад 1-р байр эзэлсэн. Дүүрэг, нийслэлийн багш нарын заах ур чадвар, ажлын үзүүлэлтээр тэргүүлж,  нийгэм олон нийтийн ажилд манлайлан оролцдог залуу багш юм. 


6. Хобби сургуулийн бага ангийн багш Алтантуяагийн  Бат-Учрал нь судлаач багш бөгөөд хүүхдийн сурах арга барил, хүмүүжүүлэх арга зүйн талаар судалгаа хийж, залуу багш нарын заах аргын уралдаанд II байр эзэлж байсан. Дүүргийн залуу багш нарын дунд эрдэм шинжилгээний хурал, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, сурах арга барилаа хуваалцдаг шилдэг багш юм. Түүний хэрэгжүүлдэг “Сайн багш” туршлага нь залуу багш нарын заавал суралцах, судлах  ёстой ажил мэргэжлийн толь болжээ. 


7. Оюуны ундраа цогцолбор сургуулийн бага ангийн багш Жавзмаагийн Ариунжаргал. Бага ангийн хүүхдийн боловсролыг хөгжүүлэх сургалтын тусгай хөтөлбөрийг боловсруулан  “Хүүхэд бүхэн манлайлагч” төслийг дүүрэг, нийслэлд амжиллтай хэрэгжүүлсэн. Түүний энэхүү туршлагаас нийслэл хотын олон сургуулийн багш нар амжилттай суралцан, үр дүнг гаргаж байна. 


8. Нийслэлийн Налайх дүүргийн 140 цэцэрлэгийн эрхлэгч Жанчивын  Одгэрэл нь авьяаслаг багш, удирдагч бөгөөд Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Гимнастрада-2022" тэмцээнд хамт олонтойгоо Налайх дүүргээ төлөөлөн оролцож "ШИЛДЭГ ХЭМНЭЛ-ЭРЧ ХҮЧ” алтан цом, алтан медаль, “Өргөмжлөл”-өөр шагнагдсан. Мөн Дэлхийн Хийн дасгалын холбоо, Хятад улсын Хийн дасгалын холбоо хамтран зохион байгуулсан Өвлийн Цагаан олимп угтсан олон улсын хийн дасгалын цахим тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцож дэлхийн 285 улсын баг тамирчдаас “ГУРАВДУГААР” байранд шалгарсан. 


9.    Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Доржбаатарын Ширчинсүрэн нь боловсролын чанарын шинэчлэл, сургалтын “Сайжруулсан” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний  авъяас  чадварыг  нээн  илрүүлэхэд манлайлан үлгэрэлдэг багш юм. Түүний энэхүү туршлага аймаг, улсын хэмжээнд үнэлэгдэж, гадаад хэлний судлагдахууны Сайн хичээл үйл ажиллагааны туршлага  солилцох  анхдугаар зөвлөгөөний   II байр эзэлж байв. Тэрээр ширээний тениннсийн тэмцээнд аймагтаа хойшой аварга болж, сурагчдын спортоор хичээллэх үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулдаг. 


10.    Архангай аймгийн Их-Тамир сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Жаахнайгийн Отгончимэг. Сургуулийн багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд манлайлан оролцож, “Судлаач багш”  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүний энэхүү хөтөлбөр нь багшийн хөгжлийг дэмжих, судалгаан дээр тулгуурлан сургалтын олон шинэлэг арга барилыг нэвтрүүлж, аймгийн тэргүүлэх, шилдэг багш нарыг бэлтгэж байна.  

 

Оны Шилдэг оюутан 
1. Дотоод хэргийн их сургуулийн эрх зүйн ангийн II курсын оюутан Мөнхбат овогтой Шинэжаргал нь Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан Постер илтгэлийн тэмцээнд тэргүүн байр, “Терроризмтай тэмцэх арга зам” сэдэвт  улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд англи хэл дээр илтгэл хэлэлцүүлсэн нь II байранд шалгарсан амжилтыг үзүүлж нийгэм олон нийтийн ажилд манлайлан оролцдог.

2. Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн IV курсын оюутан Батмөнхийн Мөнхбат. Шүдний их эмч мэргэжлээр суралцаж байна.  Анагаах ухааны доктор, професоор Ц.Намсрайн Биохимийн 12-р олимпиадын тэргүүн байрыг эзэлж, Жирэмсний хяналтад хянагдаж буй ээжүүдэд жирэмсний чихрийн шижингийн эрсдлийн асуумж, глюкозын ачаалалтай сорил хийж, эрсдэлт хүчин зүйлийг илэрүүлсэн. 

3.    Монгол улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн худалдааны IV курсын оюутан Буяндэлгэрийн Энхзул нь Номин оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн  шилдэг 15 оюутны тэргүүн байр,  “Цаглашгүй буяны гэрэл сан”-ын Бэсүжин группын Шилдэг 25 оюутны нэрэмжит тэтгэлэг хүртсэн. Мөн Монгол улсын их сургуулийн “Оюунлаг оюутан” Подкастыг хөтлөн явуулдаг.

4. Монгол улсын боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын ангийн 3-р курсийн оюутан Дашнямын Үүрийнтуяа. Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд SP.ED Клубыг  үүсгэн байгуулж, Сонсголгүй иргэдийн албан ёсны эх хэл болох дохионы хэлээр “Монгол хэлний хурууны үсэг”, “Өөрийгөө танилцуулах”, “Сэтгэл хөдлөл бүлэг сэдэв”, “Мэндчилгээ бүлэг сэдэв” , “Тоо тоолол бүлэг сэдэв” хүрээнд чөлөөтэй өөрийгөө танилцуулах болон илэрхийлж сурсан бөгөөд сонсголгүй оюутнуудтайгаа хамтдаа уулзалт бүрээр уулзалдаж дохионы хэлний чадвараа сайжруулах ажлыг зохион байгуулдаг. 

5.    Монгол улсын их сургуулийн салбар Ховд их сургуулийн  багш нийгмийн ухааны III курсын оюутан АЙБАС ОВОГТОЙ ЭРКЕГҮЛ. Судлаач –оюутан уралдаанд тэргүүн байр, аймгийн Цагдаагийн газраас зохион явуулсан ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧИХ уралдаанд тэргүүн байр, Монгол улсыг тунхагласны 97 жилийн ойд зориулсан “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ эсээ бичлэгт тэргүүн байрыг эзэлж байсан. С.Ханатбек хүүд ДҮҮЛЭН НИСЭХ ЖИГҮҮР, П.Пүрэвцэцэг багшид “БАГШДАА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аяныг  сургуульдаа зохион байгуулж амьдрал бэлэглэж,  Казак түмний шилдэг оюутнаар шалгарч байсан.

6. Их засаг их сургуулийн  Санхүү эдийн засгийн III курсын  оюутан Ариунзулын Бат-Ирээдүй. Moon dance хамтлагийн гишүүн,  цэнгээнт бүжгийн Дэлхийн аваргын Мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн Үндэсний шилдэг оюутан юм. 

7. Монгол Улсын Их Сургуулийн Экологийн  IV курсийн оюутан Баатархүү овогтой Болортуяа. Сургуулийнхаа оюутан залуучуудыг манлайлан амжилттай суралцаж, хөдөөгийн залуучуудад ажил олгох өдөрлөг болон Залуучуудын хөгжлийн 30 орчим лекц уулзалтыг зохион байгуулсан. Мөн байгаль экологи хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байна. 

8. Санхүү эдийн засгийн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн III курсын оюутан Арвайхүүгийн Хонгорзул. Сургуулийн нийт оюутнуудаа хошуучлан манлайлж,  Голомт банк, СЭЗИС-ийн Ректорын Нэрэмжит тэтгэлэгт шалгарч, “Миний гэр аюулгүй орчин” үндэсний  эсээ бичлэгийн уралдааны  тэргүүн байранд шалгарч, нягттан бодох бүртгэлээр компани, аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. 

9. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Шүдний Их Эмч”-ийн 6-р дамжааны оюутан Соронзонболдын Ангар. АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Оюутны Зөвлөлийн дэд тэргүүн ба “Залуу Эмгэг Физиологич” клубын гишүүн бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа болон эрдэм шинжилгээний ажлууд хийж байсан. Мөн улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад шагналт байр эзэлсэн ба 2 эрдэм шинжилгээний өгүүллийг хариуцлагатай зохиолчоор олон улсын сэтгүүлд хэвлүүлж байсан.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 245 (6977)