С.УЯНГА

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Монгол, Солонгос хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Солонгос улсын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулах юм. Мөн үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар ол­гох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.


Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий хоёр танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх хоёр танхим зэргийг 100 хувь тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм. Солонгос улсын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 244 (6976)