Ч.ГАНТУЛГА

 

Эмэгтэй хүний амьдрал ээж болохоос өмнөх болон ээж болсны дараа гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэлцдэг. Үнэхээр алаг үрээ ариун хэвлийдээ 10 сар тээж, хэмжээлшгүй их өвдөлтийг мэдэрч төрүүлснийхээ дараа эмэгтэй хүн орчлонг тэс өөрөөр хардаг билээ. Өвөр дээр нь үнэгчлэх ангаахай үрийнхээ төлөө тэд нэг насаа зориулдаг. Энэ л хүчирхэг ээжүүдийн төлөөллийг “Зууны мэдээ” сонин “Ээжүүд зүгээр суудаггүй” буландаа алдаршуулдаг юм. Ээлжит зочин маань бага насны хоёр хүүхдээ харангаа оёдлын үйлдвэрлэл эрхэлж, өөрийн нэрийн хуудас болсон “ANON” брэндийг үүсгэн байгуулсан, хөдөлмөрч, хичээнгүй ээж Б.Амгаланбаяр юм. 

 

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУРГАГЧ БАГШ 


Өдгөө 28 настай ч үеийнхнээсээ илүү хэрсүү, хөдөлмөрчөөс гадна хүсэл мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлэх тууштай зорилготой юм даа гэж хэсэгхэн зуур ярилцахдаа энэ ээжийн тухай бодож суусан юм. Б.Амгаланбаяр оёмол бүтээгдэхүүн хийх санаагаа 2015 онд олж, хийж эхэлжээ.

 

Анх дөнгөж нярайлаад удаагүй байсан учир гэрээр үйлдвэрлэлээ эрхэлж байсан гэнэ. Ийнхүү эхний он жилүүдэд илүү туршлагажиж, хүүхдүүд нь том болох тусам хэрхэн илүү сайжрах, бүтээгдэхүүнээ яаж борлуулах арга эвээ олсоор өнөөдөр өөрийн гэсэн брэндтэй, байнгын худалдан авагчидтай болж чаджээ. Энэ тухайгаа  “Анх гэртээ суугаад үйлдвэрлэл хийж байхдаа алдах бүтэлгүйтэх үе байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам туршлагажиж, хүмүүс ч надад зорьж захиалга өгдөг болсон. Тиймээс байнга гэрээрээ гэлтгүй, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгыг өөртөө тавьсан. Ингээд анх төсөл хөтөлбөрүүдэд орж,бүтээгдэхүүнээ танилцуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн "Старт апп"-аас санхүүжилт авч чадлаа. Мөн төрийн бус байгууллагад ажилладаг боллоо” гэсэн юм. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тууштай хөдөлмөрлөхөөс гадна өөртэйгөө адил бага насны хүүхэдтэй ээжүүдийг хөдөлмөр эрхлүүлэх , хэн нэгнээс санхүүгийн хараат бус, орлоготой болгох мөрөөдлийг тээсэн бүсгүй маань Сонгинохайрхан дүүргийн жишиг болох “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-д сургагч багшаар ажиллах болжээ. Энэхүү төвд бага насны хүүхэдтэй ээжүүд олон төрлийн сургалтад үнэгүй хамрагдаж, өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой байдаг ажээ. Тус төв нь ээжүүд хүүхдээ авчраад нэгнийгээ сургалт авч байхад ээлжээр хардаг онцлогтой юм байна. Тиймээс ээжүүд шилэн цонхны цаанаас хүүхдээ харангаа хөгжиж, үйлдвэрлэлээ хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх бүрэн боломжоор хангажээ.  Мөн энэ төвийн давуу тал нь сургалтад хамрагдсан ээжүүдэд гурван сарын хугацаатай тоног төхөөрөмж, өрөөгөө үнэгүй ашиглуулж, илүү туршлагажих, үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгодог гэнэ. 

 

 

“ХҮҮХДЭЭ ХАРАНГАА ХӨДӨЛМӨРЛӨХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ”

 

Мөн Б.Амгаланбаярын хувьд энэ жил НҮБ-ын зарласан төсөл хөтөлбөрт оролцож, шалгуурыг нь хангасан гээд түүний амжилт урт цуваа болохоор үргэлжилнэ. Тэрбээр энэ тухайгаа “Би хэд хоногийн өмнө төслийнхөө хаалтад оролцож, өөрийн ажил туршлагынхаа тухай илтгэл тавьсан. Өнөөдөр гэртээ хүүхдээ хараад суудаг мянга мянган ээж бий. Би ч тэдний нэг төлөөлөл байсан. Үнэндээ ямар ч хамт олон, орлогогүй, гэрээсээ гарах эрхгүй хүүхдээ харах тэр алтан үед ээж бүхний сэтгэл хямардаг шүү дээ. Үргэлж хүн гуйгаад хүүхдээ харуулах боломжгүй. Миний хувьд тэр үед яагаад ч юм гомдол төрөөд байдаг байсан. Энэ үеийг би өөрийн биеэр туулж, жаргал зовлонг нь мэдэрсэн болохоор яг над шиг байдалд орж байгаа ээжүүдэд урам өгч, хүүхдээ харангаа хөдөлмөрлөх бүрэн боломж бий гэдгийг ойлгуулахыг хүсч байна” гэсэн юм. Түүний түүхийг сонсоход туулж өнгөрүүлсэн зам нь дардан байгаагүй ажээ. Олон удаа төсөл бичиж, бүтэлгүйтэж, бүдэрч байсан ч шантраагүй гэнэ. Тиймээс ч өнөөдрийн амжилтандаа хүрч чаджээ. Б.Амгаланбаярын энэ олон жилийн хөдөлмөр, шантралгүй зүтгэсний үр дүн нь түүний “ANON” брэнд ажээ. Тиймээс ч хөдөлмөрч ээж маань саяхан болсон “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийнхөө таван жилийн ойн баяр дээр загварын шоугаа толилуулжээ. Дөрвөн төрлөөр зохиосон энэхүү шоуны загварууд бүгд эсгий чимэглэлтэйгээр гарсан байна. Гар ажиллагаа, чимхлүүр ихтэй ч эсгий гэдэг хамгийн эко бүтээгдэхүүн учир дизайнер бүсгүйн хувьд деталь ажлуудыг нэг бүрчлэн хийх бүртээ аз жаргалтай байсан гэдгээ онцолж байсан юм. 

 

“ХАВРЫН ГОЁЛ” НААДМЫН ТЭРГҮҮН ШАГНАЛТАН 

 

Б.Амгаланбаярын ойрын хугацаанд өөртөө тавьсан хамгийн том зорилт нь Сонгинохайрхан дүүргийн брэндийг гаргах ажээ. Өнөөдрийн нийтлэлийн гол дүр маань дизайнер мэргэжилтэй ажээ. Тэрбээр багаасаа л цаасан дээр зураг зурж, загвар гаргах хүсэлтэй охин байж. Тиймээс есдүгээр ангиа төгсөх жилээ коллежид орно гээд өөрөө сонголт гаргачихаж. Харин гэр бүлийнхнийх нь хувьд охиноо их сургуульд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан учир тэрбээр хүндхэн үл ойлголцолтой учирчээ. Гэвч хүний хүсэл мөрөөдөл гэдэг хүчтэй тул эцэст нь ээж аав нь буулт хийж, охиныхоо шийдвэрийг хүндэтгэхээр болсон гэнэ. Ингээд Үйлдвэр урлалын коллежийн дизайнерийн ангид орохоор очтол тухайн жил тус ангид элсэлт аваагүй байжээ. Тиймээс сургуулийн зүгээс түүнд оёмол бүтээгдэхүүний ангийг санал болгожээ. Ийнхүү 2.5 жилээр яг төгсөх гэж байхад нь дизайнерийн ангид элсэлт авснаар тус ангид орж, хоёр ангидаа зэрэг хичээллэх болжээ. Оёдлын анги төгсөөд дизайнераар сурч байхдаа хоёр ч удаа “Хаврын гоёл” наадамд оролцож, түрүүлсэн удаатай.    

 

“ХҮҮХЭД ЗӨНТЭЙ ГЭДЭГ ҮНЭН”

 

 “ANON”  брэндийн хувьд одоогоор дөрвөн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа юм байна. Энэ нь хувцас, саван гоо сайхан, хөрөг зураг, гар урлал ажээ. Түүний эдгээр бүтээгдэхүүн химийн бодис ороогүй эко гэдгээрээ бусдаас ялгарах ажээ. Саван гэхэд өөхөн тосоор хийх жишээтэй. Хувцасны тухайд биеийн тамир, үндэсний, гадуур гээд дотроо олон төрөлтэй.  Гаргаж буй хувцсан дээрээ даавууны будгаар дахин давтагдахгүй зураг зурдаг гэнэ. Зураг бүхнийг өөрийн гараар зурж, сэтгэлээ шингээж урладаг гэнэ. Хоёр бага насны хүүхэдтэй ээжийн хувьд бүх цаг заваа ажилдаа бүрэн зориулах хэцүү. Гэхдээ Б.Амгаланбаярын хувьд аливааг бэрхшээл гэж боддоггүй өөдрөг сэтгэлтэй ээж. Энэ тухайгаа “Би амьдралын жижиг асуудал бүрийг томруулж, бэрхшээл гэж хардаггүй. Мэдээж хоёр нялх хүүхэдтэй хөдөлмөр эрхлэх амаргүй. Гэхдээ хүүхэд уйлна, өвдөнө. Тэр бүхэнд сэтгэлээр унаад байдаггүй. Учир нь хүүхэд зөнтэй гэдэг нь үнэн. Ээж нь миний хүүхэд алзахгүй дээ гээд бодчиход хүүхдүүд маань зүгээр л байдаг. Ер нь аливаа бэрхшээл болоод алдахаас би айдаггүй. Хүн алдаж байж л сурдаг юм билээ. Харин өмнө нь гаргасан алдаагаа дараа нь давтахгүй байхыг хичээдэг” гэж байв. Түүний бүтээсэн “ANON” брэндийн хувцаснууд үнийн хувьд харьцангуй уян хатан байдаг ажээ. Нэг биеийн тамирын цамц гэхэд хамгийн дээд тал нь 59.000 төгрөг байдаг гэнэ. Одоогоор хоёр оюутан охинтой хамтарч ажиллаж байгаа тухайгаа ярьж байсан юм. Ийнхүү хоёр хүүхдийн ээж, “ANON” брэндийн үүсгэн байгуулагч, "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" -ийн сургагч багш Б.Амгаланбаяр яг өөр шигээ бага насны хүүхэдтэй ээж нарт урам өгч, туслах өгөөмөр сэтгэлийг тээж, сэтгэлдээ галтай, том мөрөөдөлтэй амьдарч явна.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 244 (6976)