Б.ДОЛЖИНЖАВ

 

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Д.Сүхбаатарын талбайд 12 дахь  өдрөө үргэлжилж байна. Төрийн далбаагаа барьсан иргэд “Уухай, уухай” хэмээн орилж, талбайг гороолон тойрсоор байна. Жагсагчдад гэр барих зөвшөөрлийг даваа гарагт олгосны дагуу талбайн урд талын зогсоолд  хоёр гэр барьжээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар” заасан. Тиймээс Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгаагаа НЗДТГ-ын дарга И.Баатархүү мэдэгдэж байв. Нэг гэрийн гадаа “Хөрөнгийг нь хураа” гэсэн лоозон байршуулсан бол нөгөө гэрийн бүслүүрээс “Төрийн байгууллага ашиг сонирхлын зөрчлөө цэвэрлэе” гэсэн баннер байршуулжээ.


Жагсагчдын  ихэнх нь үндэсний хувцас болох дээлээ өмссөн агаад зарим нь талбайн төв хэсэгт дэлгэсэн хивсэн дээр лоозонгоо барин суужээ. Мөн хүүхдүүдээ дагуулан олон хүн ирсэн байлаа. Тэд  “Албан тушаал ямба биш, Ард түмэн боол биш, Буруугаа хүлээ ялаа эдэл”,  “Амлалтаа биелүүл”, “Хулгайчдыг илчил”, “Буруу тогтолцоо биднийг туйлдуулж байна”, “ЖДҮ, Хөгжлийн банкны зээлийг төлүүлье” гэсэн лоозон барьжээ. Нэгэн жагсагч “Нүүрсний хулгайчдыг барьчихлаа. Бишээ, жинхэнэ том нууц  эздийг нь” гэсэн бичигтэй Д.Сүхбаатарын зурагтай лоозонг хүзүүнээсээ зүүсэн байв.


Энэ үеэр жагсагч 26 настай Т.Бүрэнбаяр “Миний хувьд таван өдрийн турш тасралтгүй жагсаалд оролцож байна. Бидний амьдралыг сайжруулахад зарцуулах ёстой улсын баялаг болох нүүрсийг дундаас нь завшин их хэмжээний мөнгийг хувьдаа зарцуулсан хүмүүст хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой. Засгийн газраас  зарим нүүрсний хулгайчийг зарлалаа. Гэхдээ тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцож, яллаж, хөрөнгийг нь хураахгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Тиймээс хулгайчдын нэрсийг зарлалаа гээд бид тарахгүй. Жинхэнэ хулгайчдыг бүгдийг нь зарлаж, хуулиар яллах хүртэл нь жагсана” гэж бидэнд ярьсан юм. Тэрбээр хувиараа хөдөлмөр эрхлэгч учир өдөр бүр жагсаалд оролцоход ямар ч асуудалгүйгээ бидэнд тайлбарласан юм.


Харин 58 настай жагсагч Г.Чулуунбор “Би сүүлийн гурван өдөр жагсаалд оролцлоо. Өдрөөс өдөрт жагсагчдын тоо нэмэгдэж, өвлийн энэ их хүйтэнд тасралтгүйгээр жагсаж байгаа залуучуудаараа бахархаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс бол ард түмний өмч. Хулгайчид бидний өмчийг хууль бусаар зарцуулсан. Тиймээс байж болох хамгийн хатуу хариуцлагыг тооцох хэрэгтэй. Тэр хүртэл нь бид тэмцэнэ. Үгүй бол энэ Засгийн газрыг огцруулья. Хэрэв нэр нь ил болсон гишүүд, бусад хүнээ яллаж, хөрөнгийг нь хураахгүй бол иргэдийн жагсаал ямар ч үр дүнгүй болно. Мөн хулгайчид улам даварч, тоо нь нэмэгдэнэ. Мөн зарлаагүй үлдсэн хүн ордонд олон бий. Нүүрсний хулгайг эхлүүлсэн нууц эздийг зарлахыг шаардаж байна” гэлээ. Тэрбээр хурган дээлнийхээ гадуур арьсан хүрэм өмсчээ. Биднийг ярилцаж байх зуур хоол, халуун савтай цай, аарц барьсан иргэд ирсэн юм.


Ийн лхагва гарагийн жагсаалд уурхайчид, уул уурхайн компаниуд нэгджээ. Тэд Засгийн газар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хандан “Ажлаа хий, хуулиа хэрэгжүүл, шүүхийн шийдвэрийг биелүүл” гэсэн шаардлагыг тавьж жагсаж байна. Ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлсэн юм.
Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн багтай хамтарч жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Тодруулбал, энэ сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдэд хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгчээ. Ингэхэд 15 хүний хоолой өвдсөн зовуурьтай, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ.  Мөн шөнө хонож буй жагсагчдад дулаацах нөхцөл бүрдүүлэх үүднээс том оврын автобус гарган Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулаад байна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бага насны хүүхэдтэйгээ хамт жагссан эцэг эхчүүдтэй уулзаж, хүүхдийн эрх болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байв.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 243 (6975)