Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач

 

Оршил

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “бүс ба зам” санаачлагын дэвшүүлснээс хойш эдүгээ 9 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд тус санаачлагад дэлхийн 149 улс орон, олон улсын 31 байгууллага хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зураад буй.  


 “Бүс ба зам” нь нэгд, Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа төмөр зам, авто зам, агаарын ба усан зам, байгалийн хий, газрын тосны хоолой, цахилгаан дамжуулах шугам, харилцаа холбооны сүлжээнээс бүрдсэн цогц хэлхээ холбоо бүхий зам тээврийн сүлжээ байгуулах; хоёрдугаарт, олон орныг дамнасан дэд бүтцийн хатуу холбоос бий болгосноор улс хоорондын худалдааг саадгүй, амар хялбар болгох; гуравдугаарт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дээшлүүлж, эрчим хүчний нөөц баялгийг нээж ашиглах; дөрөвт, эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн шинэ бүсүүдийг байгуулах; тавд Хятадын компаниудыг гадагшаа хөрөнгө оруулахыг дэмжиж, гаднаас ч хөрөнгө оруулалтыг ихээр татах зэрэг нээлттэй гадаад бодлого, эдийн засгийг сэргээх арга хэмжээгээр дамжуулан дэлхийн хэмжээнд хөгжлөөр манлайлагч их гүрэн болох зорилготой асар том мега төсөл юм.
 Тус нийтлэлд  “бүс ба зам” санаачлагын хэтийн зорилго, дэвшүүлэх болсон  түүхэн нөхцлийн талаар авч үзнэ. 

 

Нэг Бүс ба зам санаачлагын хэтийн зорилго

 

“Бүс ба зам” санаачлагын хэтийн зорилго нь Хятад улс Евразийн интеграцийг бий болгож, хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа илүү ойр дөт харилцаа үүсгэж, худалдаа хөрөнгө оруулалтыг улам хялбар дөхөм болгон, эдийн засаг технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, чөлөөт худалдааны бүсийг байгуулснаар эцэст нь Евразийн том зах зээлийг бий болгох [1] явдал. 
Хятад улс зам дагуух улс орнуудад дэд бүтцийн хатуу холбоосыг бий болгож, үүний үр дүнд гадаад эрэлт хэрэгцээг өдөөн, аж ахуйн нэгжүүдийг гадагшаа хөрөнгө оруулахыг дэмжих, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгох, нөгөө талаас зам дагуух улс орнуудаас эрчим хүч, ашигт малтмал, хүнсний бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, бүс нутгийн болон хоёр талын худалдааг өсгөх [2] зорилт тавьсан.
Мэдээж Хятад улс “бүс ба зам” дагуух улс орнуудтай өргөн хүрээний хамтын бүтээн байгуулалтыг хийхдээ бүс нутагт дотоодын мөнгөн тэмдэгтээр худалдааны тооцоо хийх, зээл гаргах арга механизмыг судалж, цаашид юань-ийг олон улсын валют болгон хөгжүүлэхэд илүү таатай боломжийг бүрдүүлнэ.
Хятадууд ийнхүү Евразийг дамнасан эх газрын холбоог бий болгож, Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэг талаас Хятадын энх тайвнаар хөгжих гадаад орчныг бий болгох, нөгөө талаас Дундад ази, баруун ази болон Европтой харилцаагаа ойртуулж, АНУ–ын Ази хийгээд Ази Номхон Далайн бүсэд үйл ажиллагаагаа дахин идэвхжүүлэхийн эсрэг арга хэмжээ авах, дэлхийд хүчирхэг гүрний байр сууриа баттай тогтоож, дэлхийн хэмжээний засаглалд оролцох, дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд оролцох гэсэн хэтийн зорилготой байгаа нь ч тодорхой.

 

Хоёр Бүс ба замыг дэвшүүлэх болсон түүхэн нөхцөл

 

“Бүс ба зам” нь Хятадын гадаад харилцааны чухал бодлого төдийгүй батлан хамгаалах, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт шинэчлэлт, соёл, экологи, эрчим хүч зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан асар том хөгжлийн стратеги юм. Аливаа бодлого стратегийн цаана шийдвэрлэхээр хүлээгдэж буй чухал асуудлууд оршиж байдаг. Тэгвэл “бүс ба зам” санаачлага нь Хятадын дотоодын нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудал болон олон улсын ээдрээтэй нөхцөл байдалтай уялдаж боловсруулагджээ. Тодруулбал: 


 
1. Эдийн засгийн хөгжлийн загварыг өөрчлөх шаардлага 

Эдийн засгийн хөгжлийн түүхээс харвал Хятад улс өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын хэрэгжилтийн эхний жилүүдэд АНУ тэргүүтэй хөгжингүй улс орнуудад үүдээ илүүтэй нээж, худалдааны гол түнш болохыг эрмэлзэж байв. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засаг өмнө нь хөгжингүй орнууд руу хийдэг экспортын ачаар өсдөг байлаа. Харин 2008 онд дэлхийн санхүүгийн хямрал дэгдэж, хөгжингүй орнуудын эдийн засагт бэрхшээл тулгарч, өрийн хямралд орж,  хэрэглээгээ танан, худалдан авах чадвар буурсан нь Хятадад үйлдвэрлэж, өрнөдийн улс руу борлуулдаг худалдааны загварын хувьд төгсгөл болсон байна. Ийнхүү хөгжингүй улс орнуудын худалдан авдаг байсан Хятадын бүтээгдэхүүн тэр дундаа ган, цемент зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын үндсэн хэрэгцээт барааны илүүдэл үүсч, хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай байх эрсдэл ч тулгарчээ. Энэ нь тус улсыг эдийн засгийн хөгжлийн загвараа дахин эргэж харахад хүргэсэн байна

 

2.  Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийг шийдвэрлэх

Хятад улс өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 40 гаруй жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь том эдийн засаг  болов. Гэвч өнөөдөр тус улсын уламжлалт аж үйлдвэрлэлийн нийлүүлэх хүчин чадал эрэлт хэрэгцээнээс ихээхэн давж, ган, цемент, шил зэрэг салбарын үйлдвэрлэх хүчин чадал бараг оргил түвшиндээ хүрч, янз бүрийн нээлттэй бүс, аж үйлдвэрийн парк, шинэ хот, шинэ дүүргийн төлөвлөгөөт бүтээн байгуулалтын нийт талбайн хэмжээ бодит эрэлт хэрэгцээнээс давсан зэрэг асуудалтай тулгараад буй [3]. Тэгвэл “бүс ба зам” дагуу зам харилцааны нөхцөл тааруу, хөрөнгө оруулалт нэн шаардлагатай хөгжлөөр буурай улсууд оршдог. Тиймээс сүүлийн жилүүдэд  хөрш улсууд нь Хятадаас дэд бүтцийн салбарт хөрөнгө санхүү татах, бараа  бүтээгдэхүүн импортоор оруулах эрэлт хэрэгцээ улам өсч, энэ нь Хятадын төв болон зүүн бүс нутгийн зарим салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийг гадагшаа зөөвөрлөхөд тусалж байна.

 

3. Дотоодын хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгах

“Бүс ба зам” -ыг “ШХАБ”, “баруун бүсийг нээн хөгжүүлэх”, “төвийн бүс нутгийг сэргээн хөгжүүлэх” зэрэг Хятад улсын дотоод, гадаадын төлөвлөлтүүдтэй хослуулж,  бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх  алсын хараатай боловсруулжээ. 
Хятад улсын эдийн засгийн шинэчлэлтийн архитектор, их удирдагч Дэн Шяопин 1970-аад оны сүүлээр шинэчлэлтийг эхлүүлж, бизнесийн илүү таатай орчин бүрдсэн Хятадын далай дагуух бүс нутгуудад  чөлөөт зах зээлийн системийг түрүүлж нэвтрүүлэн, гадагшаа нээлттэй байх стратегийг баримталснаар тус улсын зүүн эргийн хотууд эдийн засаг гайхам амжилтад хүрсэн юм. Гэвч  баруун, зүүн хойд, төвийн нутагт хөгжил улам хоцорч, хөгжлийн зөрүү нэмэгдсэн байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1990 оны сүүлээс Хятад улс “гадагшаа гарах” (go out) төрийн бодлого авч хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг гадагш гарч хөрөнгө оруулах явдлыг эрчимтэй дэмжин, улсынхаа дэд бүтцийн салбарын хөгжилд онцгой анхаарч, автозам, төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт ихээр хийв. Мөн 2004 оноос эхлэн Хятад  бүс нутагтаа хөгжиж буй болон хөгжлөөр буурай орнуудад бараа бүтээгдэхүүн ихээр нийлүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлүүлж[4] үүний үр дүнд зорилтот бүс нутгийн хөгжил, нээлттэй байдлыг мэдэгдэхүйц сайжруулсан ч хөгжингүй зүүн эргийн бүс нутагтай харьцуулахад буурай хэвээр байв. Энэ нь Хятад улсын дарга Ши Жиньпин “гадагшаа гарах” бодлогыг “бүс ба зам” санаачлага болгон өргөжүүлэх дотоод нөхцөл болжээ [5].

 

4. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг хурдацтайгаар өсч, эдүгээ дэлхийн эрчим хүчний хамгийн том импортлогч, хамгийн том хэрэглэгч улс болов. Үүнийг даган тус улсын түүхий тосны импортын эх үүсвэр хэт нэг газар төвлөрч, хараат байдал улам нэмэгдэх зэрэг асуудал үүссэн. Өнөөдөр Хятадын газрын тосны импорт үндсэндээ Ойрх дорнодын улс орнууд тэр дундаа Африкийн Судан зэрэг улсаас хамаарч, түүхий тосны эрэлт хэрэгцээний 60 гаруй хувийг импортоос хангаж, түүний 80 хувь нь зөвхөн Малаккийн хоолойгоор дамжин ирдэг. Тиймээс ч “бүс ба зам” нь газрын тос, уул уурхайн нөөц баялгийн хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, мөн хуурай газраар нөөц баялгийг нэвтрүүлэх шинэ гарцыг нээх зэрэг Хятадын хувьд маш чухал асуудлыг шийдэж өгөх аж [6].

 

Дүгнэлт

Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарч гадаад харилцаандаа Хятадын онцлогтой их гүрний гадаад бодлого авч хэрэгжүүлнэ гэж онцлоод дотоод, гадаад хоёр их төлөв байдалд зэрэг анхаарч, “Хятадын мөрөөдөл”-ийг олон улсад хүргэх, мөн хамтдаа хожих явдлыг гол цөм болгосон олон улсын шинэ маягийн харилцааг байгуулна гэдгээ  зарласан. Тэгвэл “Нэг бүс нэг зам” нь энэ бодлогыг хэрэгжүүлэх гол арга зам гэж болно.
Харин энэ оны 10 сарын 16-23 өдөр болж өндөрлөсөн ХКН-ын 20 их хурлаар Хятад улсын дарга Ши Жиньпин өндөр түвшний гадагшаа нээлттэй байх бодлогоо цаашдаа ч тууштай баримтана, ингэхдээ “бүс ба зам” бүтээн байгуулалтын чанарт ихээхэн анхаарч, олон талт, тогтвортой олон улсын эдийн засгийн байдал болон эдийн засгийн харилцааг бүрдүүлж, хамгаална” гэж мэдэгдэв. Нэг үгээр хэлбэл “бүс ба зам” санаачлага нь шинэ эрин үеийн Хятадын их гүрний эдийн засаг гадаад харилцааны стратегийг урагшлуулах чухал төлөвлөлт хэвээр байж, урт хугацаанд үргэлжилэх нь.

 

 

Ашигласан материал

1.Ван Ивэй, “Нэг бүс нэг зам”: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага, УБ 2019 он, Удам Соёл хэвлэлийн газар
2.美中新战场—中巴经济走廊,许世宗,清流,2021,01月31日。
3. 习近平 治国理政2册,外文出版社,2017年。
4.  Belt & Road ABCs: Analysis of “One Belt – One Road” initiative
https://moderndiplomacy.eu/2021/08/02/belt-road-abcs-analysis-of-one-belt-one-road-initiative/
5. 习近平 治国理政2册,外文出版社,2017年。
6.共建绿色丝绸之路 推进全球可持续发展 https://eco.cctv.com/2022/08/01/ARTItFleIe3PcTtLtBmvTjGx220801.shtml

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)