1. Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn”-бэлэн боллоо

 

Олборлолтоос оюун санаа руу...ЦХХХЯ, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамтран үндэсний программ хангамжийн цахим их дэлгүүрийг нээхэд бэлэн боллоо. Цаашид мэдээллийн технологийн худалдан авалтыг Төрийн цахим худалдан авалтын шинэ систем Mindgolia.mn-ээр хийж байх бөгөөд үндэсний дэд бүтцэд суурилсан Cloud App Store бий болгож, дотоодын программ хангамжийн бүтээгдэхүүнийг байршуулах юм. Төр мэдээллийн технологийн худалдан авалт хийхдээ Cloud App Store -т байршсан бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг болно. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, бүтээмж нэмэгдэнэ. Мөн Программ хангамжийн компаниуд инновац, шинэ мэдлэг шингэсэн илүү олон бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргаж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

 

2. Төрийн “ХУРДАН” үйлчилгээний бэлтгэл ажил хийгдэж байна

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг шинээр байгуулж төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргана. Төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, хүнд сурталгүй, хүртээмжтэй иргэдийн сэтгэл ханамжаар үнэлдэг болгохыг Засгийн газраас зорьж байна. Бид нэг өдрийн дотор цахимжих боломжгүй. Цахим ур чадварын ялгаатай хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг үзүүлэх шилжилтийн үеийн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нийслэлд нэг цэгийн үйлчилгээний зургаан төвд хоногт дунджаар 15 мянган хүн үйлчлүүлж байна. Үйлчилгээ авч буй иргэд бухимдалтай, менежментийн хувьд дутагдалтай, нөөцийн хомсдолтой, төлбөр тооцооны нэгдсэн системгүй, дараалал ихтэй, ойлгомжгүй байдалтай, эргэж буцаасан, нэг цэгийн нэртэй боловч “олон цонх”-ны төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргана. Хөгжлийн дараагийн шат бол бүрэн “операторын горим”-д шилжих юм.

 

3. “E-bussines” хөрөнгө оруулалтын цахим таатай орчин бүрдүүлж байна

Компани үүсгэн байгуулахад шаардлагатай зөвшөөрлүүдийг нэг дороос цахимаар авах боломжийг бий болгоно. Өнөөгийн нөхцөлд хуулийн этгээдийн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг олон үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрээр явуулах боломжгүй юм. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Компани байгуулах, нийгмийн даатгал, татвараа төлөх бүх үйл ажиллагаа цахимаар буюу И-Бизнес системээр биелэлээ олох боломжтой болно. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хамтран Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах, виртуаль оффис авах, татвар төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

4. “Lavlagaa.e-mongolia.mn” төрийн мэдээлэл солилцооны дундын систем ашиглалтад орлоо

Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг шаардахгүйгээр түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк, “И-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбаруудад нэвтрүүллээ. Иргэд “И-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татан авч үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл, банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халах эхлэл тавигдлаа.

 

5. Төрийн албан бичиг, шуудан, интернэтийн зардлыг хэмнэнэ

Цаасгүй төрийг бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгдсэн тайланд дурдсанаар бичиг хэргийн зардалд 25.3 тэрбум төгрөг, шуудан холбоо, интернэтийн төлбөрт 18.2 тэрбум, нийт 43.5 тэрбум төгрөгийг төрийн байгууллагаас бусад байгууллагад зөвхөн албан бичиг солилцоход зарцуулсан байна. Төрийн байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн 15 төрлийн ERP буюу мэдээлэл солилцооны систем ашиглаж байна. Эдгээр албан бичиг хэрэг хөтлөлтийн системүүд хоорондоо уялддаггүйгээс төрийн цахим шилжилтийн ажилд маш их саад учирдаг. Иймээс ЦХХХЯ-аас бүх ERP-ийг хооронд нь холбох дундын мэдээлэл солилцооны системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

6. Нүүрсний реформ цахим бирж нүүрсний хулгайг үндсээр нь тасална

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал олон нийтийн дунд бухимдал үүсгээд буй уул уурхай салбарын далд эдийн засаг, нүүрсний хулгайг цаашид уг үндсээр нь таслахын тулд уул уурхайн түүхий эдийн цахим нээлттэй, ил тод, бирж байгуулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна. Нүүрсний хулгайн талаар улс төрийн эр зориг гарган, нийгэмдээ хандан зарласан Засгийн газрын салбар хариуцсан сайдын манлайлал дор мэдээллийн технологийн компаниудын нэгдэл, төр, иргэний оролцоо, хяналттайгаар цахим бирж байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа уг төслийг санаачлагчид илэрхийлж байна. Аль нэг компани давуу эрх эдлэхгүй, төсвөөс хөрнөгө мөнгө гаргахгүй, шинэ зүйл зохиолгүйгээр өөрсдийн түншлэгч Сингапурын компанитай хамтран бүтээсэн системд түшиглэн нүүрсний арилжааг ил тод болгох саналыг “Гэрэгэ системс” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр тавьсан юм. Уг саналыг бодит ажил хэрэг болгохоор УУХҮЯ, Монголын хөрөнгийн биржтэй хамтарсан ажлийн хэсэг байгуулахаар тохиролцлоо.

 

7. Дүрэм журмын саад тээгийг арилгах ажил үргэлжилж байна

ЦХХХ-ны яамнаас гаргасан суалгаагаар Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулиас хайлт хийхэд "бичгээр" буюу "цаасан хэлбэрээр" гэсэн агуулга бүхий үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг илэрч, "бичгээр" гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулсан байгааг өөрчлөх асуудал үзэл баримтлалын түвшинд хэлэлцэгдэж байна. Ингэснээр хууль хоорондын нийцлийг хангах ажил хийгдэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, эх баримтын хэмжээнд үнэлэх нөхцөлийг сайжруулахаар ХЗДХЯ-тай хамтарсан ажлийн хэсэг байгуулан ажиллаж байна.

 

8. Үндэсний хаягийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна

ЦХХХЯ, БХБЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж хаягжилтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Zip код, пост код, газар нэгжийн талбар гээд олон хаяг, дугаарыг нэгтгэн нэг хаягтай болох шийдлийг боловсруулах уг ажилд ХЗДХЯ, УБЕГ, ЗДТГ хамтран ажиллаж байна. Зип код нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. Хаягжилтыг шийдсэнээр такси, хүргэлт, шуудангийн үйлчилгээ, газар зохион байгуулалтын асуудалд томоохон дэвшил гарах юм.

 

9. Мэдээллийн технологийн хүний нөөц тогтвортой ажиллах боломжийг бий болгоно

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллийн технологийн салбарт хүлээн зөвшөөрөгдөх олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын сургалтаар олгогддог сертификатын жагсаалтыг баталсан. Ингэснээр мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжээч зэрэг мэргэжлээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн их, дээд сургууль төгсөж дипломын боловсрол эзэмшээгүй ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломжийг нээж байна.

 

10. 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Нотариатаар баталгаажуулах шаардлаггүй боллоо

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа" системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагагүй боллоо. Иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаяг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт үүнд багтаж байгаа юм. Төрийн мэдээлэл солилцооны “И-Монголиа” системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлэх, цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлчилгээ үзүүлэхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг нотариаттай холбоотой үүсдэг асуудлууд цэгцэрч байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)