Б.ДОЛЖИНЖАВ

ШИНЭ намын төлөөлөл нүүрсний хулгайтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” компанид үүссэн хор хохирлын талаар өнөөдөр “Үндэсний мэдээлллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шинэ намын дарга Ц.Гантулга “Нийтэд зарласан 40 их наядын хохирол бол бага тоо.Манай намын гаргасан тооцооллоор “Эрдэнэс Тавантолгой” компанид 122 их наяд 400 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.  Энэ компани нэгдүгээрт, төрийн өмч. Хоёрдугаарт, хаалттай хувьцаат компани учраас ийм их хэмжээний хохирол учирчээ. Тодруулбал, төрийн өмч учраас хэн дуртай нь хүссэн хэмжээгээрээ үрж байна. Мөн хаалттай хувьцаат компани учраас бүх гэрээ хэлцэл, төсөл, хөрөнгө оруулалт нь төрийн нууцад хамаардаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ард түмэн эзэмшдэг байтал бүх үйл ажиллагаа нь иргэдээс нууц байна. Дээр дурдсан хоёр асуудлыг ганц хуулийн төслөөр зохицуулж болно. Тухайлбал, төрийн өмчлөлд байгаа 12.7 тэрбум ширхэг хувьцааг ард түмэндээ хуваан өгч, үнэ төлбөргүй хувьчлуулвал “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмч биш, нээлттэй хувьцаат компани болох юм. Ийм хууль төслийг Шинэ нам 2018 онд боловсруулж, Засгийн газарт 2020 онд өргөн барьсан. Гэвч өнөөдрийг хүртэл үүнийг хэлэлцсэнгүй” гэсэн юм.

Мөн Шинэ намын дэд дарга Р.Ууганбаатар “Иргэн бүр 1072 хувьцаатай ч түүнийгээ өмчилдөггүй зөвхөн эзэмшдэг гэдгийг хүн бүр ойлгодоггүй. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааг 3.4 сая иргэндээ ижил тэнцүү хуваан өгвөл хүн тус бүрд 4685 ширхэг хувьцаа ногдоно. Үүнийг 20 ам.доллароор үржүүлбэл 93700 ам.доллар буюу 318 сая 580 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцааг иргэн бүр өмчлөх юм” гэв.

Ийн тус намаас дээр дурдсан хуулийн төслийг хүлээн авах болон хувьцаатай холбоотой асуудлаар УИХ, ЗГ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байгаа зарласан юм.

Эх сурвалж:www.polit.mn