Б.НЯМСҮРЭН
“Хуулийн цоорхой нэвтрүүлгийн хөтлөгч А.Эрдэнэбилэг 800 хятадтай холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн болон шүүгч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг 2019 оноос шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгийн автомашинууд хураасан.
А.Эрдэнэбилэг “Хуулийн гажуудлаар хэлмэгдсэн олон арван жишээг хэлж болно. Сүлжээний залилан хийх гэж байгаад баригдсан 800 хятадтай холбоотой хэргийн хариуцагч, иргэний нэхэмжлэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар хуулийг гуйвуулж хүмүүсийг хохироож байна. Миний хувьд 2012 онд болсон иргэн, Монголын зочид буудлын эздийг оролцуулсан шүүх хуралд ажиглагчаар оролцохдоо шүүгч хэрхэн хууль зөрчиж байгааг харсан. Эрүүгийн хэргийн 68 хавтаст хэргээс тусгаарлан хуулбарлаж авсан 20 гаруй хавтаст хэрэгт материал, шүүх хуралдааны тайлбар, прокурорын яллах дүгнэлт, иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлт харсан. Мөн шүүхийн шийдвэр зэргийг үзэхэд 800 хятадыг байрлуулсан зочид буудлууд нь иргэний хуульд заагдсан хэлбэрээр гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу үйлчилгээний төлбөрөө авсан. Эдгээр нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нэг ч хуулийг зөрчөөгүй, гэмт хэрэг хийгээгүй гэм буруугүй нь тогтоогдсон" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)