М.ЗҮЙР

 

Ус сувгийн удирдах газрын Зөөврийн ус хангах албаны дарга С.Одгэрэлтэй ярилцлаа.

 

-Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн талаар яриагаа эхлэе. Өнөөдрийн байдлаар хэдэн ус түгээх байраар дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 400 гаруй өрх буюу 1.3 сая иргэн амьдарч байгаа статистик мэдээлэл байна. Манай байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааны чиг үүргийн нэг нь яах аргагүй гэр хорооллын иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг стандартад нийцсэн унд ахуйн цэвэр усаар тасралтгүй хангах ажиллагаа юм. Гэр хорооллын усан хангамжид манай байгууллагын 1000 орчим ажилтан зөөврийн болон шугамын 676 ус түгээх байр, 60 ширхэг ус зөөврийн автомашин, гэр хорооллын шугам сүлжээний бэлэн байдал засвар үйлчилгээг хариуцан батлагдсан хуваарийн дагуу өдөр тутамдаа ажиллаж байна. Мөн гэр хороололд үйл ажиллагаа эрхэлж буй 176 хэрэглэгчтэй Зөөврийн цэвэр усаар хангах гэрээ байгуулан үйлчилж байна. Үүнд иргэн, аж ахуй нэгж байгууллага, төсөвт газрууд болох сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг хорооны байрууд багтаж байна.

-Гэр хорооллын айл өрх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ ус хангамжийн түгээлт, дээрээс нь чанарын асуудлыг хэрхэн хангаж ажиллаж байна?

-Ус хангамжийн байгууллагын гол баримтлах зүйл бол хэрэглэгчид түгээж буй эцсийн бүтээгдэхүүн маань эрүүл ахуйн стандартад нийцэж байгаа эсэхэд технологийн үйл ажиллагааны бүхий л шатанд байнгын хяналт тавьж ажиллах хамтын үйл ажиллагаа байдаг. Энэ үйл ажиллагаанд эх үүсвэрийн бүсийн харуул хамгаалалтаас эхлээд ундны ус авч буй хэрэглэгч айл өрх хүртэлх цогц үйл ажиллагаа багтана. Манай байгууллагын хувьд долоон эх үүсвэрээс байгаль дээрээс ундны усыг олзворлон эх үүсвэр дээр халдваргүйжүүлэлтийг хийж MNS0900:2018 стандартад нийцүүлэн Улаанбаатар хотын төвийн цэвэр усны шугам сүлжээнд нийлүүлдэг. Гэр хорооллын ус түгээх байруудад ус зөөвөрлөх машинд энэ шугам дээрээс 17 цэгээс ус ачигддаг тул орон сууцанд амьдарч байгаа иргэд болон гэр хорооллын ус түгээх байраар үйлчлүүлж буй иргэд адил стандартын ундны усаар хангагддаг.

-Гэр хорооллыг усаар хангах ажилд тулгамдсан ямар асуудал байна. Алдагдалтай ажилладаг тухай сонсож байсан?

-Цэвэр ус олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны гол зардлууд болох цахилгаан эрчим хүч, шатахуун, ажиллах хүчний зэрэг олон зардал бий. Өнөөдөр Монгол Улсад өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүн болон хэрэглээний зардал нэмэгдэж байна. Манай байгууллагын гэр хорооллын иргэдэд үйлчилгээ үзүүлж буй 700 гаруй ус түгээх байр тус бүрдээ өдөрт 10-20тн ус борлуулж байгаа ч энэ нь гарч буй зардлынхаа 30 хувьд ч хүрэхгүй. Жилдээ дунджаар 15-20 зөөврийн ус түгээх байр шинээр ашиглалтад орж энэ хэмжээгээр ус хүргэх шатахууны зардал өсч байгууллагын алдагдал нэмэгдэж байна. Ний нуугүй хэлэхэд 5-8 ус түгээх байр нэмэгдэхэд нэг усны машин дагаж нэмэх шаардлагатай боловч сүүлийн жилүүдэд дорвитой парк шинэчлэл хийж чадаагүй. Ус зөөврийн автомашины насжилт ихэссэн, байнгын гэр хорооллоор явдаг учир эвдрэл, саатал байнга гарч байна. Шатахууны хомсдол цаашид үргэлжилбэл бид үйлчилгээгээ зогсооход ойрхон нөхцөл байдалтай ажиллаж байна.

-Цаашид танай байгууллагын зүгээс ямар асуудалд анхаарлаа хандуулж ажиллах вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтэд үүссэн COVID-19 өвчний цар тахлын үед манай байгууллагын ажилтнууд Улаанбаатар хотын иргэдээ стандартад нийцсэн унд ахуйн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах эрхэм зорилгоосоо нэг ч өдөр ухраагүй, нэгдмэл зорилготой ажилласан. Үүнд би хувь хүнийхээ хувьд хамт олноороо бахархаж явдаг.

Манай хамт олон 2022 онд Нийслэлийн гэр хорооллын иргэд, төвлөрсөн шугамд холбогдоогүй аж ахуй нэгж байгууллагуудыг ундны цэвэр усаар тасралтгүй хангах үндсэн үүргээ биелүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөрчил дутагдал, гомдолгүй хэвийн ажилласан. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг амжилттай хангаж ажиллалаа.

Цаашид бид албаны үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах тал дээр анхаарлаа хандуулж, Мянганы сорилын сантай хамтран судалгааны тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)