Б.ДОЛЖИНЖАВ

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-“Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт агаарын бохирдол ДЭМБ-ын зөвлөдөг түвшингээс давсан тул та эрүүл мэндээ хамгаалаарай” гэсэн утга бүхий мессеж иргэдийн утсанд очжээ. Үүнд та тайлбар өгнө үү?

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллага энэ мэдээллийг иргэд рүү илгээсэн юм билээ. Тус байгууллагаас агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн түвшингээс ихэссэн тохиолдолд иргэдээ хэрхэн урьдчилан сэргийлэх, мэдээллийг хэрхэн хүргэх талаарх судалгааны ажлын хүрээнд туршилтын журмаар мессеж илгээсэн гэж уулзалтын үеэр бидэнд тайлбарласан. Өнөөдрийн байдлаар олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд Улаанбаатар хотын агаарын чанар дэлхийн бусад улстай харьцуулахад энэ жилийн хувьд сайжирсан үзүүлэлттэй байна.

-Гэхдээ энгийн иргэний нүдээр харахад агаарын бохирдол ихэссэн харагдаж байна. Яг ямар үзүүлэлтээр агаарын чанарыг сайжирсан гэж үзэж байгаа вэ?

-ДЭМБ өнгөрсөн онд агаарын чанарын индескийг 24 цагийн дундаж нь 24 микрограмм куб байх зөвлөмжийг ирүүлсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ хэмжээнээс даваагүй. “Тавантолгой түлш” компани өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологи, чийглэгийн хэмжээ, нөөц бүрдүүлэлт дээр алдсан. Үүнээсээ сургамж аваад дээрх асуудлуудаа шийдвэрлүүлж чадсан нь агаарын чанарт сайнаар нөлөөлсөн. Тухайлбал, шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийг нь өөрчилж, нөөц бүрдүүлэлтдээ зунаас эхлэн анхаарсан. Өнөөдрийн байдлаар 110 мянган тонн сайжруулсан түлш агуулахад байгаа нь үйлдвэрлэл явуулахгүй байсан ч иргэдийн хоёр  сарын түлшний хэрэглээг бүрэн хангана гэсэн үг. Иргэд түүхий нүүрс болон бусад агаар бохирдуулагч зүйл бус зөвхөн шахмал түлш түлж байгаа нь маш том ололт, давуу тал юм.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот агаарын чанарыг хэмждэг 18 станцтай. Эдгээр станцууд мэдээллийг иргэдэд яаж хүргэдэг вэ?

 -Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Налайх дүүрэг, Ургахнаран хороололд "pm" тоосонцор, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, угаарын хий, озон, азот, хүхэрлэг хий гэсэн зургаан төрлийн хэмжилтийг хийдэг автомат суурин харуулын станцыг байршуулсан. Эдгээр суурин харуулын станц агаарын чанарыг автоматаар соруулж аваад мэдээллээ “agaar.mn” сайтад автоматаар байршуулдаг. Иргэд агаарын чанарын мэдээллийг “agaar.mn” сайтаас тогтмол авдаг болчихсон.

-Агаарын чанарын мэдээллийг гурван хоногийн өмнөөс иргэдэд мэдээллэх программ бүтээж байгаа гэж сонссон. Ийм программ дэлхийн хэдэн улсад байдаг вэ?

-Дэлхийн улс орон бүр агаарын чанарын мэдээллийг урьдчилан хүргэдэг болгохоор зүтгэж байна. Гэвч яг ийм программыг ашиглалтад оруулсан улс одоогоор хараахан алга. Тиймээс дэлхийд анхдагч болохын тулд олон мэргэжилтэн хүч хөдөлмөрөө шингээн гурав хоногийн өмнөөс урьдчилан агаарын чанарыг мэдээллийг хүргэдэг систем бүтээхээр шаргуу ажиллаж байна. Бусад улс орон “Бидний хийж чадаагүй зүйлийг бүтээсэн монгол инженер, эрдэмтэд, программчдаар бахархаж байна” гэсэн урмын үгийг бидэнд илгээж байгаа. Цаг агаарын мэдээг өдрөөр, сараар, олон жилийн дунджаар  нь харьцуулан гаргадаг шиг олон тооцооллыг хийдэг шинэ программаа удахгүй “agaar.mn” сайтаараа дамжуулан танилцуулна. Орчин үеийн дэвшилтэт техник технологи ашиглан олон цэгээс дээж авч туршилтын журмаар зураглал хийсэн.

-Хэрэв энэ программ ашиглалтад ороод миний амьдарч байгаа газар “агаарын бохирдол өндөр” гэж гарвал хэрхэн урьдчилан сэргийлэх юм бэ?

-Бид “agaar.mn”, agaarneg.mn сайтуудаар урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг хүргэж байгаа. Иргэдийг мэдээлэлтэй болгохоос гадна төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагууд ямар арга хэмжээг яаралтай авах ёстой талаарх мэдээллийг тус сайтаас авах боломжтой. Би Баянхошуунд амьдардаг байлаа гэхэд гурав хоногийн дараа хэр зэргийн бохирдолтой байхыг урьдчилан мэддэг болно. Ингэснээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах юм. Тодруулбал, гурван хоногийн дараа агаар бохирдохыг урьдчилан мэдвэл нам даралтны зуухны шүүлтүүр ажиллаж байна уу, шахмал түлш чийг аваагүй хуурай байгаа эсэхээ иргэд шалгаж, маск зүүх юм. Үүнээс гадна төрийн захиргааны төв байгууллага нь агаарын бохирдлыг бууруулахад хамтран оролцох үүрэгтэй. Шат шатандаа иргэд, төр, ТББ-ууд тус бүртээ анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал агаарын бохирдлыг бууруулж чадна.

-Улаанбаатар хотын агаарын чанарыг 80 хувиар сайжруулна гэсэн зорилт тавьсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байна?

-Улаанбаатар хотын агаарын чанарыг 80 хувь хүртэл сайжруулна. Аймгийн төв болон бусад суурин газруудын агаарын чанарыг үе шаттай сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Эхний ээлжинд Өвөрхангай, Орхон аймгийн төвийн айлуудын агаарын чанарыг сайжруулахын тулд агаарын чанарыг мэдрэгч төхөөрөмжийг хяналтын төв дээр байршуулан ажиллаж байна. Цаашид бүх аймгийн агаарын чанарын автомат станцын мэдээллийг хардаг болох системийг хөгжүүлээд ажиллаж байна.  Мөн Дархан-Уул, Баянхонгор, Дундговь, Хөвсгөл гэсэн агаарын бохирдол ихтэй аймгуудын агаарын чанарыг сайжруулахаар эдгээр аймгуудад шахмал түлшний үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшийг түлж эхлэх нь агаарын чанар сайжрах үндсэн суурь нөхцөл болох юм. Түлшээ бүрэн шаталттай болговол агаарт ялгарах тоосонцор, угаарын хэмжээ багасна. Тиймээс дараа нь зуухаа сайжруулах шаардлагатай. Уламжлалт зуух шаардлага хангахгүй, сайжруулсан түлшинд тохирохгүй байна.

-Агаарын чанарт дан ганц гэр хорооллын утаа нөлөөлөхгүй. Автомашины утаа, ашиглалтын хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл гэсэн  олон хүчин зүйл нөлөөлдөг?

-Улсын хэмжээнд 1.2 сая машин бүртгэлтэй байдаг. Үүний 670 мянга нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцож байгаа нь агаарыг бохирдуулж байгаа дараагийн хүчин зүйл юм.Автомашины хөдөлгөөнөөс үүдэлтэй агаарын бохирдлыг өнгөрсөн жилээс судлахад машин болгон стандартад заасан шатахуун хэрэглэх нь бохирдлыг бууруулах гол арга гэсэн дүн гарсан. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийнхээ моторын бүрэн бүтэн байдлыг хангаж агаарт ялгарах утааг бууруулах хэрэгтэй. Мөн янданг нь бүрэн ажиллуулах нь чухал. Одоогоор 2446 приус машины янданг борлуулсан, хулгайлсан гэсэн албан ёсны тоо бий. Яндангүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд орохыг хориглосон. Мөн түгээлтийн жижиг оврын машинууд дизель түлш хэрэглэдэг учир их утаа гаргадаг.Эдгээрийг шүүлтүүртэй байлгах, үгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зохицуулж ТЦА, МХЕГ ажиллаж байна. Нийтийн тээврийн автобуснууд стандартын шаардлага хангахгүй утаа ялгаруулдаг. Энэ автобуснуудын хөдөлгүүрт шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж суурилуулах, түлшиндээ нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх арга хэмжээг яаралтай авч ажиллахыг зөвлөсөн.Энэ бүхний үр дүнд автомашинаас ялгардаг утаа багассан нь шалгалтаар ил болсон.

-Ирэх онд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх онцлох ажлаасаа танилцуулвал?

 -Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийг шинэчлэн, бодлогын олон зорилтыг тусгасан.Ирэх жил зайлшгүй хийхээр төлөвлөсөн нэг ажил бий. Герман улс 1940 оноос нүүрсийг гүн боловсруулж, сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн. Өдгөө нүүрсний гүн боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс бид тус улсын Техникийн их сургуулийн дэргэдэх Шахмал түлшний технологийн институтэд эрчим хүчний нүүрсийг шинжлүүлэхээр захиалга өгсөн. Удахгүй шахмал түлшний шинэ технологи гаргаж бидэнд ирүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 235 (6967)