С.САРУУЛ

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2,000 метр кубын багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 метр.куб АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна. Уг савтай зэргэлдээ 400,000 литр буюу 400 метр.куб багтаамжтай, зургаан ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд 200 гаруй тонн шатахуунтай байжээ. Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газрын гадаргуу дээр унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо. Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байна. Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгосон. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй" гэв.

 Гал түймрийн тухайд өчигдөр/2022.12.01/ 09:21 цагт Дархан сумын гуравдугаар багт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан мэдээллийг Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.Дуудлагын дагуу Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын гал унтраах 7 анги, эрэн хайх нэг баг гарч ажилласан. Нэмэлтээр Улаанбаатар хотоос гал түймэр унтраах, аврах 10, 26, 63 дугаар ангийн аврагчид хөөсөөр гал унтраах гурван машинтайгаар очиж ажилласан байна.

Нийтдээ гал түймэр унтраах 10 анги, эрэн хайх аврах бүлгийн 280 гаруй албан хаагч гал түймэр унтраах 21 автомашинтай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн онцгой байдлын албанаас 22 албан хаагч 60 тоннын усны нөөцтэй нэг вагон цистерн, Дархан-Уул аймгийн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, ЗДТГ, ус суваг зэрэг зургаан байгууллагын 153 албан хаагч 30 автомашинтайгаар 8 цаг гаруй ажиллан орой 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраажээ.  Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог, тээвэрлэдэг, борлуулж, хадгалдаг ААН, иргэд галын аюулгүй байдлыг хангах, галын материалтай харьцахдаа журмаа мөрдөж ажиллахыг анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn