Ч.ГАНТУЛГА

 

Театрын хамбан улаан хөшиг нээгдэж, тоглолт эхлэхийг сануулсан хонх жингэнэхэд үзэгчид нам гүм болж, бид жүжиг үздэг. Тайзан дээр хайр дурлал, атаа хорсол, инээд гуниг сүлэлдсээр өнөөх улаан хөшиг хаагдана. Бид театраас гарлаа. Учир нь жүжиг дуусчихсан. Энэ бол саяхныг хүртэлх Монголын төдийгүй дэлхийн театрын школ, хэв маяг байв. Байв гэсний учир нь үзсэн хүн бүхэн шуугиж, ярьж, бичиж буй “Сычуаний сайн хүн” жүжиг энэ хэлбэрийг эвдэж, Монголын театрын урлагт нэгэн шинэ алхам, шинэ сорилтыг хийж чадлаа. УДЭТ-ын уран бүтээлчид өвөл цагийн үзвэрийн нээлтээ Германы алдарт зохиолч, театрын онолч  Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” туульсын жүжгээр хийсэн. “Анна Каренина” жүжгээс хойш шинэ бүтээлээр ангаж, цангасан үзэгчдийн хувьд энэ жүжгийн тухай яриа гарснаас хойш дээд зэргийн хүлээлтийг тээчихсэн гэхэд болно. Гэхдээ их сонин. Залуу найруулагч Э.Ёндоншарав яагаад Брехтийг онцлох болов. Бүр туульсын хэлбэрээр бичсэн “Сычуаний сайн хүн” жүжгийг нь шүү. Энэ бол түүний хувьд зоригтой алхам. Хэр баргийн найруулагч Брехтийг барьж авдаггүй. Тиймээс ч Монголын театрт хамгийн сүүлд 30 гаруй жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдорж л Брехтийг авчирч байсан юм.

 

“Туульсын театрын удирдагч Брехт”

 

Бертольт Брехт бол герман хүн. Германы зохиолч, яруу найрагч, театрын онолч. Тэрбээр 1898-1956 оны хооронд амьдарч, зохиол бүтээлээ туурвиж байсан юм. Хамгийн чухал нь энэ эрхэм театрын урлагт өөрийн баримталж байсан байр сууриа онол болгон хүлээн зөвшөөрүүлж чадсан цөөхөн хүний нэг юм. Түүний эпос театрын онол нь Германд төдийгүй дэлхийд алдартай ажээ. Брехтийн өссөн,  бүтээж туурвисан он цаг дэлхийн I, II дайны үетэй давхацдаг. Энэ үед илэрхийлэл гэсэн латин хэлний үгээс гаралтай нэр томъёогоор нэрийдсэн экспрессонизм хэмээх урсгал өрнө дахины зарим орны урлагт үүсэн дэлгэрчээ. Б.Брехтийн уран бүтээлд, ялангуяа туульсын театрын системээ боловсруулахад нь экспрессонизм онцгой нөлөөлсөн гэж утга зохиол судлаач, шүүмжлэгч  Х.Чойдогжамц онцолсон байна. Мөн Брехт өөрийн театрын аргачлалыг бий болгохдоо дорно дахин буюу Хятадын театраас санаа авч туульсын театрын онол зүйг бий болгосон гэж Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж хэлсэн бол “Туульсын театрын удирдагч Брехт”  гэж урлаг судлаач, доктор, профессор  Д.Батсайхан онцолсон нь бий. Манай найруулагчдаас Эпос буюу туульсын төрлөөр жүжиг тавьсан хамгийн туршлагатай найруулагч бол Б.Мөнхдорж билээ. Түүний “Саран хөхөө” жүжиг Монголын театрын урлагт энэ төрлийн хамгийн том жишээ гэж хэлж болно. Тиймээс ч найруулагч Э.Ёндоншарав “Сычуаний сайн хүн” жүжигтээ түүнийг зөвлөх найруулагчаар урьжээ. Хашир найруулагч түүнд олон үнэт зөвлөгөөг өгсөн нь лавтай.

 

Найруулагчийн задгайрал ба Э.Ёндоншаравын театр

Анхны уран бүтээл гэдэг найруулагчаас шандас, хүч, зориг шаарддаг. УДЭТ-аас үе үеийн шилдэг, шинэлэг, содон найруулагчид төрсөн байдаг. Хамгийн ойрын жишээ нь “Арслан” нэрээрээ алдаршсан найруулагч Г.Доржсамбуу агсан. Түүнээс хойш Б.Мөнхдоржийн театр, Б.Баатарын театр, Н.Наранбаатарын театрт бид тэдний уран сэтгэлгээ, үзэл бодол, өгүүлэмж, задгай ертөнцөөр аялсаар ирсэн. Харин энэ удаад ОХУ-д театр урлагийн сургууль төгссөн Э.Ёндоншарав хэмээх залуухан бас зоригтой найруулагчийн театраар зочиллоо. Түүний ертөнцийг харж, биширч, хааяа шүүрс алдаж, зарим үед цочирдож, өөрөө голд нь жүжиглэж, Сычуан мужид оччихсон юм шиг бодит мэдрэмжийг авсан юм. Энэ бол найруулагчийн содон шийдэл, зоригтой тавилтууд. Жүжигчид тайзны араас бус үзэгчдийн дундаас, хажуугийн хаалганаас, тайзны доороос  гээд хэний ч санаанд оромгүй газраас цуглаж байв. Тэд жүжгийн турш тайзаа орхилгүй нэг хэсэг жүжигтээ орж, өөр үед нь дүрээсээ гараад тайзнаа зөөж зогсох нь содон. Энэ л өнөөх туульсын театрынх нь онцлог ажээ. Үүнийг найруулагч Э.Ёндоншарав ойлгомжтой, энгийнээр үзэгчдэд хүргэж, ойлгуулж чадсанд нь алга ташмаар. Газарт гурван бурхан бууж ирэхийг нь харахад үлгэр домгийн гэмээр. Гэтэл эгэл хүмүүний сайн муу буюу нэг биений хоёр талыг харуулсан нь төгс драм ч юм шиг. Ер нь л их сонин. Хайр сэтгэлээс эхлээд хөнгөн инээд, харуусал гуниг бүхий л зүйл энэ жүжигт бий. Үүнийг төгс хослуулж, үзэгчдэд ухаарал, бодрол, өөрөө өөртэйгөө ярилцах нэгэн сэжмийг найруулагч Э.Ёндоншарав бидэнд өглөө. Түүний жүжгийн төгсгөл нь асуултын тэмдэг. Сайн хүн болох уу муу хүн байх уу гэдгээ театрт очоод та шийдээрэй.

 

Тайзны зүггүйтэл

 

“Сычуаний сайн хүн” жүжгийг үзэх хүслийг асаасан нэг том шалтгаан нь тайзны шийдэл байсан юм. Учир нь тус бүтээлд ОХУ-ын театр урлагийн сургуулийг зураач мэргэжлээр төгссөн Анна Гребенникова ирж ажилласан юм. Орос зураачийн шийдэл, зүггүй тайзны тухай энд дурсахгүй өнгөрч болохгүй. Учир нь түүний бүтээсэн тайз жүжигчидтэй хамт тоглож, хааяа биднээр тохуурхаж, шоолж байх шиг санагдсан юм. Үнэндээ уранхай цаас жүжгийн эд эс болж, тайзан дээр тоглож болдгийг “Сычуаний сайн хүн” жүжиг бидэнд харуулсан юм. Зөвхөн тайзны дээрээс унжсан тэр цаас нэг харахад айлын цонх, жижигхэн тамхины мухлаг, хоргодох байр, хорт тамхи болж хувирна. Шаагин асгарах бороог ундааны саваар орлуулж болдгийг энэ жүжигт л би харсан. Мөн дэндүү нүсэр тайз засалт, олон хэсэг жижиг хэрэглэлээс Э. Ёндоншаравын театр зугтааж, илүү энгийн, бодит мэдрэмжийг үзэгчдэд өгч чадсан нь бас нэгэн шинэчлэл байв. Техник технологи давамгайлж, театрт хүртэл олон төрлийн эфект, гэрэл, дэлгэц ашиглах болсон энэ үед эгэл тайз, үнэн мэдрэмжийг театрын тайзнаас үнэртэх ямар таатай байсныг энд онцлон хэлье. Мөн зураачийн өөр нэгэн онцгойрол нь нүүр будалт. Учир нь тайзан дээр нэг ч жүжигчин бидэнд танигдаж харагдсангүй. Тоглолт дууссаны дараа л энэ жүжигчин байсан юм уу гээд үзэгчид хоорондоо нудралцаж байв. Энэ бол найруулагч болон зураачийн ойлголцол, мэдрэмжийн төгс нийцэл байсан юм.

 

Хулан ба Ялалт

“Сычуаний сайн хүн” жүжгийн сураг сонсогдсоноос хойш гол дүрийн жүжигчид хэн байх бол гэсэн яриа, таамаг үзэгчдийн дунд байсан. Харин найруулагчийн эхний сонголт нь жүжигчин Т.Хулан байсан юм. Нэгэн цаг үед театрын тайзнаа тоглож явсан тэрбээр хэсэг хугацаанд завсарлага авч, дэлгэцийн уран бүтээлд түлхүү тоглосон. Харин энэ жтил театр түүнд санал тавьснаар эргэж, улаан театрын жүжигчин болсон билээ. Т.Хулангийн хувьд эргэж ирээд анхны сонгодог, том бүтээлд гол дүр авсан нь Шэн ти болон Шуй Та -ийн дүр байв. Үргэлж хөнгөн, хүүхдийн жүжигт тоглож байсан түүнийг сонгодог дүрээр харах содон бас “амттай” байсан юм. Гурван цаг гаруй үргэлжлэх жүжгийн турш тухайн дүр тайзнаас нэг ч удаа буусангүй. Жүжгийг бүхэлд нь нуруундаа үүрч, зарим үед өмнөөс нь халаглаж ядармаар, хашгирч орилмоор дотоод хүнтэйгээ зөрчилдсөн хүнд дүрийг тэр бүтээлээ. Зарим үед жүжгээсээ гараад эгэл амьдралдаа очиход ийм турьхан бүсгүйгээс яаж энэ их хүч, хөдөлмөр гарсан юм бол гэж бахархаж сууснаа нуухгүй. Тэрбээр дүрийнхээ тухай “Шэн Тигийн дүр Т.Хулангийн мөн чанартай жаахан төстэй тал бий. Үнэний төлөө зүтгэдэг ч юм уу. Би амьдрал дээрээ муу үйл хийх үнэхээр дургүй. Ялангуяа хүнийг муулж, муу санах. Ямар ч үед мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явахыг хүсдэг. Хэн нэгэнд гай болчихгүй юмсан гэж хичээдэг төрлийн хүн. Энэ талаараа Шэн Ти гэсэн дүртэй төстэй байж магадгүй юм.  Яг энэ зан чанар хүнд хамгийн хэрэгтэй нь. Ийм хүн олон байгаасай. Гэтэл энэ цаг үед муу, хорон санаа нь илүү дийлээд байна. Тэгэхээр энэ бүтээл яг цагаа олсон гэж би олон дахин онцолмоор байна” хэмээсэн юм.  Харин түүний хамтрагч нь жүжигчин Н.Ялалт. Кино урлагийн салбарт хэзээний дархлагдсан түүнийг театрын тайзан дээр хэрхэн хувьсах бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд байсан. Аль хэдийнэ 40 насны босго давсан ч “Сычуаний сайн хүн” жүжигт тэрбээр 20 гаруйхан настай нисгэгчийн дүрээр тэсрэлт хийлээ. Н.Ялалт өөрийгөө тайзан дээр байх ёстой юу, үгүй юу гэдгээ энэ жүжгээр үзнэ гэж хэлсэн. Магадгүй тэр одоо сонголтоо аль хэдийнэ хийчихсэн байх. УДЭТ-ын тайзнаа өөрийгөө тунхагла Н.Ялалтаа ...   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)