Х.ХАТАН

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн “Зууны мэдээ” сонины “Leaderships forum” буланд уригдаж ярилцсан билээ. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг тоймлон хүргэж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон түүнтэй холбоотой асуудлуудад боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, дэд бүтэц гээд бүхий л талууд оролцож байж шийдэгддэг. Өөрөөр хэлбэл салбар дундын зохицуулалт шаарддаг.


-Хөдөлмөрийн тухай хуульд “25-аас дээш ажилтантай өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны байгууллага нийт ажилчдынхаа дөрвөн хувиас доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна” гэсэн заалтыг ААН-үүд мэддэг болсон ч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яаж үнэлж ажилд авах, тэр хүний онцлог юу болох талаарх мэдээлэл, мэдлэг хангалтгүй байна.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүй бол төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ёстой. Гэхдээ төрийн байгууллагууд төсөвт мөнгө суулгаагүй гэдэг үндэслэлээр төлбөрөө төлдөггүй.


-Төрийн байгууллагуудад ажиллах хүн заавал төрийн албаны шалгалт өгч, тэнцсэн байх шалгууртай тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад бэлтгэх зөвлөмж өгсөн.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил хөдөлмөрт бэлдэх асуудлыг зэрэгцүүлээд хийж явах нь чухал байна.


-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлаад байна. Энэ хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээд, засаг захиргааны байгууллагууд хүртээмжтэй байдлыг бий болгоход хуулиараа үүрэг хүлээнэ гэсэн үг.


-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих асуудлыг өндөр хөгжилтэй оронд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-өөр шийдсэн байна. Энд мэргэжлийн хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч ажиллах бөгөөд хүүхдэд үнэлгээ хийж, өөрт нь таарсан, онцлогт нь тохирсон, ганцаарчилсан төлөвлөгөө гаргаж хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвүүдийг төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшил ажиллуулбал төр засаг дэмжлэг үзүүлдэг байх нь чухал.


-Тусгай сургуулиас гадна хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд суралцуулах бодлого баримталж байна. Ердийн сургуульд ажиллаж буй багш, нийгмийн ажилтанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах арга барил олгох, ганцаарчилсан төлөвлөгөө гаргах арга зүйг сургах, араас нь хяналт тавиад мэргэжил аргазүйн  дэмжлэг үзүүлэх зэрэг тасралтгүй үйл ажиллагаанууд хийх ёстой.


-Ажлаа хийж яваад хөдөлмөрлөх чадвараа алдсан хүмүүсийг буцааж ажилд нь оруулах асуудлыг НҮБ-ын конвенцод Мэргэжлийн нөхөн сэргээлт гэдэг. Ийм хүнийг тухайн байгууллага буцааж ажиллуулах үүрэг хүлээх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох хуулинд ийм өөрчлөлт оруулмаар байна. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн цогц үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог Монгол Улсад бий болгох хэрэгтэй.


-Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчаар АУИС-д ганцхан анги элсэлт авч, мэргэжилтэн бэлтгэдэг. Хэл засалч мэргэжлээр манай улсад одоогоор бэлтгэж эхлээгүй байна. Эдгээр нь эрэлттэй, ховор мэргэжлийн үнэ цэнийг залуус, нийгэмд ойлгуулах, энэ мэргэжлийг сонгон элсэж орох хүмүүсийг тэтгэлэгт хамруулах саналыг Боловсролын сайдад тавьсан.


-Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тулгуур эрхтэний бэрхшээлтэй заавал бусдын дэмжлэг авдаг хүмүүсд зориулсан Хувийн туслах үйлчилгээ өндөр хөгжилтэй орнуудад байдаг. Өнөөдрийн байдлаар манайд “Түгээмэл хөгжил төв” ТББ энэ үйлчилгээг нэвтрүүлээд явж байна. Одоо харин төр засгийн хэмжээнд бодлого болгоод хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.


-Хувийн туслахын үйлчилгээг хоёр талаас санхүүжүүлнэ, нэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, нөгөө нь Халамжийн сан гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар үйлчилгээ авах гэж байгаагаар нь ангилсан гэсэн үг.


-Халамжийн сангаас олгодог тэтгэмжүүдийг нэмэх гэхээсээ илүү сурч боловсрох, ажил хөдөлмөр хийх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнд дэмжлэг үзүүлдэг үйлчилгээнүүд хөгжих хэрэгтэй байна. Ингэж чадвал Засгийн газрын “Халамжаас Хөдөлмөрт” гэсэн бодлого бодит ажил болж хэрэгжинэ.

Эх сурвалж: www.polit.mn