Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /11.29/ 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна. Мөн архинаас үүдэлтэй өвчлөл их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан.

Хүний эрүүл мэндэд хортой хатуулаг өндөртэй архины хэрэглээг багасгах зорилт тавьсан. Архины үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг цаашид зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Архины худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг таван жилээр, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг 10 жилээр олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй. Энэ хуулийг зөрчвөл үйлчлүүлсэн, үйлчилсэн хоёр нь хоёулаа хариуцлага хүлээнэ. Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газрууд халуун хүйтэн зууштай байх ёстой. Оройн цагаар архи пивоор үйлчилж байгаа газрууд ундны усыг үнэгүй болгох зохицуулалт орсон. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд бар, ресторанууд үйлчилгээ үзүүлэхийг хориглоно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn