Гончигжавын Чулуунбат

/1942-2022/

Бидний хайртай хүн, бидний бахархал, нэр төр болон тодорсон авъяас билигт эрхэм хүмүүн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч Гончигжавын Чулуунбат нь хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.

Г.Чулуунбат нь 1942 онд Улаанбаатар хотод төрж, 1952-1957 онд Улаанбаатар хотын 2 дугаар дунд сургууль, 1959-1963 онд Төмөр замын техникумийг радио техникч мэргэжлээр суралцаж төгсжээ. Улмаар 1963 онд МРТУХ-ны холбооны албанд хуваарилагдан ажиллаж байгаад өөрийн авьяас сонирхлын дагуу радиогийн нэвтрүүлэгчээр ажиллах болжээ. Ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлан төрөл бүрийн нэвтрүүлгийн зохиолыг урнаар унших болон  хөтлөх ур дүйд уйгагүй суралцан мэргэжилдээ эзэн болон төлөвшсөн тул 1968-1972 он болон 1987-1992 онуудад Москвагийн олон улсын радиод нэвтрүүлэгчээр томилогдон ажиллаж байв.

Тэрбээр нийгэм улс төр, утга зохиол уран сайхны нэвтрүүлгүүд, кино болон шууд нэвтрүүлгийн синхрон тайлбарыг дуу дүрстэй нь ягштал тохируулан уншиж хөтлөх онцгой чадвартай нэвтрүүлэгч байлаа. Хариуцсан ажилдаа чин шударга, өндөр хариуцлагатай хандаж аливаа бүтээлийг том бага гэлгүй нягт нямбай бэлтгэн урьдчилан хянаж өөрийн болгосны дараа эфир болон бусад үйл явдлын талбар дээр итгэл дүүрэн зогсож, сонссон бүгдийн сэтгэлийг өргөн, урмыг бадраах увидаслаг, ховор сайхан дуу хоолойны эзэн болсон уран бүтээлч байв.  

Радио өргөн нэвтрүүлэгт уншиж хөтөлсөн, олон мянган нэвтрүүлгийн дотроос Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романаар хийсэн радио уран уншлага болон “Сэтгэлийн утас” найраглал, “Эхийн тухай эгшиг дуу”, “Моринд гарамгай хүүхэн”, “Домогт хатан”, “Алдарт тэнгис ариун байгаль” зэрэг олон арван нэвтрүүлэг, баяр наадмын шууд дамжуулалтын бичлэг нь сонсогч олны талархал хүлээж Алтан сан хөмрөгт үнэт өв болон хадгалагдаж байна.

Нэрт нэвтрүүлэгчийн хөдөлмөр бүтээл, ажил мэргэжлийн ур чадварыг төр засгаас өндрөөр үнэлж, 1981 онд БНМАУ-ын Соёлын Гавъяат Зүтгэлтэн цолоор, 2022 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ. Мөн хуучнаар ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар “Хүндэт одон”-гоор шагнуулж байсан ховор сайхан түүхтэй юм. Эх орны хөгжил мандлын төлөөх бүхий л байгууллагын ажил хөдөлмөрийн тухай нэвтрүүлэг уран бүтээлийг эрхэм сайхан дуу хоолойгоороо амилуулан ард түмэндээ түгээж байсны учир “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоор “Биеийн тамирын тэргүүний ажилтан”, “Биеийн тамир спорт-90”, “Монголын чөлөөт бөхийн холбоо-50”, Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Монголын цагдаагийн байгууллагын “Цагдаагийн гавьяа” медаль, “Спортын алдар” медаль  зэрэг олон арван шагналуудаар шагнагдаж байжээ.

 Бидний хайрт аав, халамжит хань, ач зээгийнхээ хайртай өвөө, ах дүүсийнхээ халамжит ах эрхэм хүмүүн Г.Чулуунбат нь Монгол Улсад телевиз үүсэн байгуулагдахад анхны нэвтрүүлэгчээр нь ажилласан ховорхон хувь тохиолын эзэн, радио телевизийн нэрт нэвтрүүлэгч, гэр бүл, хамт олныхоо хүндлэл хайрыг зүй ёсоор хүлээсэн хүн байлаа. Сурч мэдсэн эрдэм мэдлэг ур ухаан бүгдээ хойч үедээ харамгүй өвлүүлсэн таны минь үйл хэрэг мөнх билээ.

Эрхмийн дээд үйлс бүтээлийн эзэн эрхэм таныгаа үүрд дурсан санах болно.

Хөх мөнх тэнгэртээ амгалан нойрсох болтугай.

 

УМ МАНИ БАДМИ ХУМ

ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ