С.УЯНГА

 

Ямар нэг архаг, суурь өвчлөлгүй цоо эрүүл хүн хорвоог орхиж байгаа харамсалтай мэдээ жил ирэх тусам нэмэгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан толгой сэгсрэн хэлж байна. Үүний үндсэн шалтгаан нь ердөө архи, согтууруулах ундаа. Наркологийн эмчийн хэлж байгаагаар архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр хэрэглэснээр шууд үхэлд хүргэдэг. Байнгын хэрэглээтэй бол хавсарсан өвчин, жишээлбэл, чихрийн шижин өвчинтэй хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс цусан дахь сахарын хэмжээ багассанаас шоконд орж нас бардаг. Эсвэл амьсгал боогдоод  зогсчихдог. Мөн архи уугаад ухаан алдсанаас бөөлжсөндөө огиж, хахна. Энэ мэтээр архи хэтрүүлж гүн хордлогод орсон бол эмнэлгийн тусламж авсан ч аврах боломж тун тааруу. Ингэж гэнэт нас барахаас гадна архи, согтууруулах ундаа хүний биед 60-70 өвчин үүсгэж байдаг аж. Өөрөөр хэлбэл, огцом өөрчлөлт мэдрэгдэхгүйгээр хүний  биеийн аажмаар дотроос нь чимээгүйхэн “идэж” байдаг гэнэ. Тиймээс архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх. Хэрэглэлээ гэхэд тааруулж, соёлтой хүртэх учиртайг сануулсан олон мянган кейс, тоо баримт бий.

Монголчууд шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэр дундаа цар тахлаар хоёр жил хөл хоригдсоны дараа буюу энэ жил онцгой ач холбогдол өгч эхнээсээ баярлаж эхэллээ. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж талбайд хөлдөх, осгохоос сэргийлж албан байгууллага, хувь хүн аль аль нэг сэрэмжлэх шаардлагатай. Цагдаагийн байгууллагын тоо мэдээллээс харвал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж сард долоо, жилд 89 хүн осгож амь насаа алдсан. Таван жилийн хугацаанд 447 хүн осгожээ. Үүн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож амь насаа алдсан нь 600. Өөрөөр хэлбэл, 2864 хүн зөвхөн архитай холбоотой ахуйн ослоор амиа алдсан байх жишээтэй.

Тиймээс цагдаагийн байгууллага архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах үүднээс “Намайг алгас” аяныг өрнүүлж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат "Дэлхий даяар зам тээврийн ослын улмаас өдөрт 3500, жилд 1.3 сая орчим хүн нас барж, 50 сая хүн гэмтэж бэртдэг гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан. Ойрын 10 жилд бага дунд орлоготой орнуудад зам тээврийн ослын улмаас 13 сая хүн нас барж, 500 сая хүн гэмтэж бэртэх магадлал байгааг тодотгоод байгаа. Эрүүл мэндийн салбар,  ДЭМБ-аас Монгол Улсын хүн амын нас баралтын 50 шалтгааныг нэрлэсний эхний аравт зам тээврийн осол орж байгаа. Манай улсад сүүлийн 10 жилд зам тээврийн ослоор 5155 хүн нас барсан. 2022 оны эхний арван сарын байдлаар 477 хүний амь нас харамсалтайгаар эрсэджээ. Осол гарах шалтгаан нь хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчилтэй тэмцэхээр цагдаагийн байгууллагын алба хаагчид 250 орчим архины шил цуглуулж архинаас салж байгаа хүний дүрс бүхий макетыг хийж үзүүлэхээр зорьсон юм. Эдгээр 250 шил архийг 40000 төгрөгөөр бодоход 10 сая төгрөгийн үнэлгээ гарч байгаа. Архинд зарцуулж байгаа энэ 10 сая төгрөгөөр юу хийж болох байсныг ухаараасай. Энэ оны эхний 10 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1117 зам тээврийн осол бүртгэгдсэн. Улмаар 94 хүний амь нас хохирсон. Тэгэхээр бид дан архийг алгасах биш нэг удаа гэртээ түлхүүрээ үлдээгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалздаг болмоор байна. Жолоо барьж байгаа бол гар утсаа алгасчих, дүрэм зөрчих гэж байгаа бол энэ буруу үйлдлээ нэг удаа алгасчих гэж уриалж байна. Бид өдөр бүр хичээх хэрэгтэй байна” гэлээ.

"Намайг алгас" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тогтмол хяналт шалгалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард дөрвөн удаа шөнийн буюу 22:00-04:00 хүртэл хугацаанд хийсэн шалгалтаар 1828 зөрчил илрүүлсэн. Хоногт 100, нэг удаагийн хяналт шалгалтаар 577 согтуу жолоочийг илрүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 231 (6963)