Р.ОЮУН

 

Аяллын багийг төмөр замын тэг цэг дээр ирэхэд “Монголиан транс ложистик” компанийн гүйцэтгэх захирал М.Сүхбаатар угтан авч “Зүүнбаян-Хангийн төмөр замын нэг онцлог бол Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 111 км дээрх зөрлөгөөс хоёр талаас нь салаалсан. Гурван талаас ирэх ачааг саадгүй, шууд тээвэрлэх уулзвар төмөр зам анх удаа Монголд бий боллоо. Мөн Тавантолгойн нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлэхийн сацуу говийн бүс нутаг дахь төмөр замуудын дагуух уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа идэвхжинэ. Зүүнбаян-Хангийн төмөр замыг найман сарын өмнө гэнэт эхлүүлсэн ажил биш. 15 жилийн туршлага, хөдөлмөр, тооцоо судалгаа бүхий нөөц чадамжийг өнгөрсөн хугацаанд бий болгосны үр дүн” хэмээн танилцуулсан юм. Ханги-Мандалын төмөр замын шинэ гарц хоёр дахь Замын-Үүд, хоёр дахь Гашуунсухайт. Нэг үгээр хэлбэл, боомилогдсон боомтын зангилаа энэ бүтээн байгуулалтаар тайлагдаж байна. Ингэснээр 2023 онд экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.долларыг давна. Төмөр замын бусад гарц нээгдсэнээр монголчуудын олон жил хүлээсэн үзүүлэлтүүд 2050, 2040, 2030 онд биш ердөө ирэх 4-5 жилийн дотор бий болох боломжтой аж.

“Шинэ сэргэлтийн бодлого” төсөл хэрэгжсэнээр залуус орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломж нээгдэж байна. Тухайлбал, Хатанбулаг сумын иргэн Э.Одхүү төмөр замын бүтээн байгуулалтаас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр дөрөвдүгээр сард Сайншандын МСҮТ-д Вагон үзэгч засварчны мэргэжлээр хоёр сарын эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж төгсөөд зургадугаар сараас Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талбайд гурван сар цалинтай дадлага хийсэн байна. Ингээд есдүгээр сараас “Монголиантранс лайн” компанийн байнгын ажилтан болжээ. Түүний хамрагдсан сургалтыг 80 гаруй оюутан төгсжээ. Бүтээн байгуулалтын ажилд голлон гүйцэтгэгчээр ажилласан “Монголиантранс лайн” компанийн захирал Б.Баяржаргал болон төмөр замчид, Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд нарын сэтгэгдлийг сонирхлоо.

 

“Монголиантранс лайн” компанийн ерөнхий захирал Б.Баяржаргал: ДОТООДЫН КОМПАНИУДЫН ЧАДварЫГ ТОДОРХОЙЛЖ ЧАДСАН

-Засгийн газрын шийдвэр, бидэнд өгсөн итгэл найдварыг биелүүлж богино хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан төмөр замыг төр, хувийн хэвшил хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болгон хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа. Хоёр өртөө, зургаан зөрлөг, орчин үеийн дохиолол холбооны системээр тоноглогдсон. Төмөр замын тээврийн тээх нэвтрүүлэх чадварыг бүрэн хангаж гурван чиглэлийн төмөр зам мөн хил дамнасан Монгол Улсын шинэ гарц гэдгээрээ онцлог. Төмөр замыг богино хугацаанд хийж гүйцэтгэхэд Монголын дотоодын компаниудын чадавхыг тодорхойлж чадсан. Зүүнбаян-Хангийн төмөр замыг барих анхны ТЭЗҮ төмөр замын суурь бүтцэд 400 сая ам.доллар байсан ч энэ өртөг нэмэгдсэн. Энэ жил түлшний үнэ, хил, гааль гээд цар тахалтай холбоотой олон хүчин зүйл нөлөөлсөн. Богино хугацаан барихын тулд бэлэн бүтээгдэхүүн урьдчилсан захиалгагүйгээр авсан учир төсөвт өртөг нэмэгдсэн. Хятадын талтай холбох цэгээ тохироод төмөр замаа холбочихвол хоногт 8-9 галт тэрэг солилцоно гэж тооцсон байгаа. Энэ зам хүнд даацын, гуравдугаар зэрэглэлийн ачааны зам. 20 жилийн концессын гэрээгээр компани өөрийн хөрөнгөөр энэ төмөр замыг барилаа. 20 жилийн дараа төмөр замаа үнэ төлбөргүйгээр улсад буцааж өгөх ёстой.

 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд: ТӨМӨР ЗАМЫГ НАЙМАН САРЫН ХУГАЦААНд ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН НЬ БАХАРХМААР БАЙЛАА

-Манай суманд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдээс гурван бодлого нь амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын ажил өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхий сайд нээснээр эхэлж байсан бол өнөөдөр бүтээн байгуулалт өндөрлөлөө. Төмөр замын 160 орчим км нь Хатанбулаг сумын гурван багийн нутгаар дамжин өнгөрч байгаа. Бүтээн байгуулалтын хүрээнд зөвхөн манай сумын нутагт гэхэд 1000 гаруй техник, 2000 гаруй хүн ажлын талбай дээр байрлаж ажилласан. Хатанбулагчууд ч далан шороо, гүүр хоолойн барилгын ажилд гар бие оролцож ажилтай, орлоготой байлаа. Мөн манай сумаас төмөр замын мэргэжлээр ажиллах сонирхолтой 30 хүнийг хоёр сарын сургалтад хамруулж, гурван сар цалинтай дадлага хийлгэж байнгын ажилтан болголоо. Гаднаас нэг ч ажилтан оролцоогүй. Монголчууд өөрсдийн хүч, нөөц боломжоор төмөр замыг найман сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн нь бахархмаар байлаа. 

 

Төмөр замчин Б.Долгор: АЖИЛЛАХ ЯВЦАД ХЭЦҮҮ БАЙГААГҮЙ

-Дорноговь аймгийн Мандах сумаас ирсэн. Төмөр замын замчнаар ажиллах сонирхолтой залуучуудыг хоёр сар танхимын сургалтад хамруулсан. Би энэ сургалтад суугаад долдугаар сараас төмөр замын ажилд оролцоод хийж дуусгасандаа сэтгэл өндөр байна. Ажиллах явцад хэцүү байгаагүй. Цаашид үргэлжлүүлээд төмөр замчнаар ажиллана. Өмнө нь сумандаа тогоочоор ажилладаг байсан ч өөр чиглэлээр ажилламаар санагдсан учраас энэ мэргэжлийг сонгосон.

 

Төмөр замчин Б.Амгаланбаяр: ЦААШИД ЭНЭ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАНА

-Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ирсэн. Өмнө нь гагнуурчнаар сурсан ч жил гаруй гэртээ байсан. Улсын ажил хийж үзмээр санагдаад энэ төсөлд хамрагдаж хоёр сар танхимаар сураад зургадугаар сараас эхлэн замчнаар ажиллаад өнөөдөр хийж дуусгасан ажлаа харахад сайхан байна. Цаашид энэ мэргэжлээрээ ажиллана. Сайхан хамт олонтой болсон. Анхнаасаа төмөр зам байгаагүй ул шороон дээр төмөр замаа тавиад галт тэрэг явж байгааг харахад сэтгэл өндөр байна.

 

Ханги боомтын онцлогууд

Монголчууд өөрсдийн хүчээр богино хугацаанд буюу найман сарын дотор барьж ашиглалтад оруулсан.


Ханги-Мандалын боомтыг нээж, төмөр замаар холбосноор хоёр дахь Гашуунсухайт, хоёр дахь Замын-Үүд бий болно.


Автотээврээс 3-4 дахин бага өртөгтэй.


Далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээврийн коридоруудтай болж урд, хойд хөрш, Ази, Европтой холбогдох.


Төмөр зам ашиглалтад орсноор Монголын эрдсийн экспорт зорилтот зах зээл рүүгээ гарах хамгийн дөт гарц нээгдэнэ. Монголын коксжих нүүрс болон төмрийн хүдэр нь зорилтот зах зээл Бугатын районтой хамгийн богино зайгаар холбогдоно. 


Зүүнбаян-Хангийн төмөр замын онцлог нь гурван талаас ирэх ачааг саадгүй, шууд тээвэрлэх уулзвар төмөр замыг анх удаа Монголд бий болгосон.


Зүүнбаян-Хангийн төмөр замын төлөвлөгдсөн хүчин чадал 20 сая тонн. Үүнээс 15 сая тонн нь Тавантолгойн нүүрс болон бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн. Үлдсэн таван сая тонныг Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдэр, Сайншанд, Алтанширээгийн аж үйлдвэрийн паркаас гарах бараа бүтээгдэхүүн, транзит ачаа байхаар тооцоолж байгаа. Мөн удахгүй Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Хангиар Оюу толгойн зэсийг ч тээвэрлэх боломжтой.


Зүүнбаян-Хангийн төмөр замын эхний хэсэгт хилийн талаас өргөн, нарийн хос царигийг зэрэгцүүлэн бариад байна. Өөрөөр хэлбэл, Ханги боомт хүртэл нарийн царигтай 13 км төмөр замын үндсэн шугамыг давхар шийджээ. Харин одоо Ханги-Мандал боомтын төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирох асуудал үлдээд байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 231 (6963)