Т.САЙХАН

"Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд олгохоор болжээ. Түүний нэг нь Монголын газар зүйн ухааны ноён оргил, Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов юм.  Д.Доржготов нь 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшжээ. Тэр цагаас хойш өдгөө хүртэл Монгол улсын ШУА, Газар зүй, геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбар, лабораторийн эрхлэгч, захирлаар тасралтгүй 60 жил ажилласан манай улсын  нэртэй эрдэмтэн юм.

Д.Доржготов 1973 онд “Монголын хойд хэсгийн хөрсний газар зүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр 1998 онд академич цол хүртсэн юм. Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 машстабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газар зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. Манай улс энэ жил “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн гаргасан.

Эрдэмтэн Д.Доржготов дээрх бүтээлийн редактороор ажилласан юм. Үндэсний атлас нь монгол-англи хэлээр 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт ‭246‬ зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. Үндэсний атлас нь дөрвөн бүлэг, 22 дэд бүлэгтэй юм байна. 

Мөн түүнийг ОХУ-ын Газар зүйн нийгэмлэг өөрийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалиар шагнаж байв.   Уг шагналыг ази тивээс хоёр дахь, харин Монгол Улсаас анх удаа хүртэж байгаа тохиолдол болж байв. 

Эх сурвалж:www.polit.mn