Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд зөвлөж байна.

Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх анхан шатны зааварчилгааг та уншиж танилцаад өөрийн эргэн тойрны эрэгтэй найзууддаа туслах боломжтой юм.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 2 дахин бага тоогоор сэтгэл гутралаар оношлогдож, тусламж дэмжлэг авдаг. Гэтэл эрэгтэй хүмүүст тулгарч буй олон асуудлууд нь энэ тоог үнэн байх боломжгүйг сануулдаг. Эрэгтэй хүний дундаж наслалт 10 насаар бага, архины донтолтын эрсдэл өндөр, өөрийгөө гэмтээх осолд орох эрсдэл өндөр зэргээр сэтгэл санааны хувьд сэтгэцийн олон төрлийн өвчлөлд өртөх эрсдэл өндөр.

Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд ирсэн эрэгтэй хүн бүр өөрийн эргэн тойронд байгаа хэн нэгэн найздаа асуудлынхаа талаар ярих гэж оролдож үзсэн байдаг. Харин хэрэгтэй тусламжаа авч чадаагүй байх нь элбэг. Асуудлыг нь цаг гарган сонсдоггүй, шууд өөрийнхөө түүхийг ярьж өгөх, чи чадна гэсэн эерэг тал руу хүчээр түлхэх, асуудалтай хүнтэй харилцаагаа дуусга гэж зөвлөх, эсвэл согтууруулах зүйл хэрэглэх зэргээр эрэгтэй хүнд сэтгэлээ уудлах эрэгтэй найз байдаггүй нь тодорхой байдаг.

 

Сэтгэл санааны дэмжлэг гэж юу вэ?

 

Тулгарсан асуудлаа тодорхойлоход нь туслах нээлттэй орон зайг бүрдүүлэх юм. Эрэгтэй хүн өөрсдийн хэрэгцээ, айдас, санаа зоволтыг өөрөө тодорхойлоход хүндрэлтэй байдаг гэжээ. (Nowinski,1993) Харин нийгмийн дэмжлэг нь эрэгтэй хүмүүсийн өөртөө итгэх итгэл, амьдрал дах сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. (Booth et al., 1992) Эрэгтэй хүн өөрийн найзууддаа сэтгэлийн дэмжлэг үзүүлэх анхан шатны арга замуудыг суралцвал эрэгтэйчүүд нэг нэгнээ дэмжих нийгмийн дэмжлэг болж өргөжин, сэтгэл тайван урт наслах боломжийг бүрдүүлэх юм.

Сэтгэл санааны дэмжлэгийг ямар дарааллаар үзүүлэх вэ?

1. Туслах цаг хугацааг зориулах

Хүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь хэдэн минутын ажил биш, мөн хэт олон цагийн ажил биш юм. Цаг хугацааг буруу төлөвлөснөөс болон нэгнийхээ яриаг дуусгалгүй яарах нь тус биш ус болох талтай. Мөн найзынхаа сэтгэл санааг дэмжиж байна гээд хэдэн цагаар хамт байх нь дэмжлэг болж үлдэхгүй. Та өөрийн 40-60 минутыг найздаа зориулж чадна гэсэн үедээ дараа дараагийн алхмыг эхлүүлэх нь чухал юм.

 

2. Тэвчээртэй сонсох

Эрэгтэй хүнд “чимээгүй байх” нь асуудалд орохгүй байх боломжийг багаас нь эхлэн бий болгосон байх талтай. Гэтэл сэтгэл санааны хямралаас гарах ганцхан арга зам нь өөрийгөө нээж илэрхийлэх. Өөрийн чимээгүй байдлыг эвдэн өөрт тулгарсан асуудлаа ярихын тулд тэвчээртэй сонсох хүн хамгийн их хэрэгтэй байдаг.

 

3. Шүүмжлэлээ өөрөөсөө холдуулах

Сэтгэл зүйн зөвлөгөөний сургалтын хамгийн оргил мэдлэг нь үйлчлүүлэгчээ цагаан цаас гэж төсөөлөх хичээл байдаг. Энэхүү цагаан цаасан дээр үйлчлүүлэгчийн ярьснаар мэдээллийг бий болгох нь сэтгэл судлаач нарын хамгийн суурь чадвар юм. Энэ чадварын үр дүнд үйлчлүүлэгчээ шүүмжлэх, сайн хүн муу хүн гэж ангилах, хийсэн үйлдлийг нь зөв буруу гэж шүүх боломжгүй болдог. Та найзынхаа талаар маш их зүйлийг мэдэж байгаа, түүний түүхийг цагаан цаас болгон төсөөлөхөд бэрхшээл тулгарч болох юм. Гэхдээ та найздаа шүүмжилсэн үгнүүдийг хэлэхгүй байж, буруутгасан бодлуудыг өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Үр дүнд нь таны найз танд итгэн өөрийгөө нээхэд туслах юм.

 

4.  Бүх түүх эмх замбараагүй ярианаас л эхэлдэг

Сэтгэл санааныхаа талаар ярьж эхлэхдээ ихэвчлэн эмх замбараагүй яриагаар эхэлдэг. Энэ үед ойлгож буйгаа илэрхийлэн толгой дохих, асуулт асуух, тийм гэж дэмжих зэргээр ярилцлагыг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлын талаар өмнө нь огт ярьж байгаагүй бол ямар үг ашиглах вэ, болсон үйл явдлын аль хэсгийг ярьж эхлэх вэ, өөрийн хараагүй тал нь юу байсан бэ, ярьж байгаа хүндээ итгэж болох уу зэргээр олон төрлийн бодлууд таны найзад бодогдож байгаа. Аль ч тохиолдолд нь таны анхдагч зорилго нь найздаа асуудлаа тодорхойлоход туслах байх хэрэгтэй юм.

 

5. Сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлох

Сэтгэл санааны хямралыг бүрдүүлж буй олон төрлийн сэтгэлийн хөдөлгөөнүүдээс аль нь таны найзад хүчтэй мэдрэгдэж байгааг нэрээр нь нэрлэн тодорхойлох нь чухал байдаг. Сэтгэлийн хөдөлгөөний жишээ:

Уур бухимдал

Түгшүүр

Айдас

Мухардал

Хагацал

Буруутай байх

Уйтгар гуниг

Ичгүүрт байдал

Ганцаардал

Төөрөгдөл

Зэвүүцэл

Хардалт

Эдгээр сэтгэлийн хөдөлгөөнийг ганцхан тархи удирдан бий болгодоггүй, бидний биеийн хариу үйлдлүүд болсон байдаг. Бид өөрсдөө нэрлэж чадаагүй ч, бидний бие физиологи эдгээр сэтгэлийн хөдөлгөөн өөрт нь хэрхэн мэдрэгддэг, бие физиологид ямар өөрчлөлтүүд гардаг, ямар бодлууд орж ирдэг зэргээр бүгдийг нь маш сайн мэдэж байдаг. Тиймээс нэрийг нь олохын тулд дараах асуултуудыг асууж болно.

“Чамд ойрд ямар санагдаж байна вэ?”

“Сүүлийн үед сэтгэл санаа нь ямар байна вэ?”

“Сэтгэлд чинь юу мэдрэгдэж байна вэ?”

“Хэцүү байгаа зүйл нь юу байна вэ?”

 

6. Үйл явдлыг ойлгох

Бидэнд сэтгэл санааны байдалд ихэвчлэн тодорхой үйл явдал нөлөөлсөн байдаг. Энэ үйл явдал нь ажлын байр, гэр бүлийн хүрээнд, найз нөхдийн дунд, хамаатан садны хооронд зэргээр тодорхой орон зайнд өрнөсөн байдаг. Мөн энэхүү үйл явдал бүр хүмүүстэй холбоотой байдаг.

Таны найзын сэтгэл санааны байдалд нөлөөлсөн зүйл нь хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйлдэл, давтамжтай өрнөж буй үл ойлголцол зэрэг шалтгаантай байдаг. Энэхүү шалтгааныг нь болсон үйл явдлын явцад ойлгож болдог. Тиймээс ямар үйл явдал тохиолдсон учраас энэ мэдрэмжийг авч байгаа вэ гэдгийг нь таны найз өөрөө ойлгохоос өмнө сонсож буй хүн түрүүлэн ойлгох боломжтой байдаг. Та өөрийнхөө ойлгосон дүгнэлтийг найздаа хэлж өгч болно.

 

7. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг хянах

Таны найзад асуудал тулгарсан, дэмжлэг хэрэгтэй байлаа гээд энэ асуудал нь таны асуудал болсон гэсэн үг биш. Та зөвхөн сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд асуудлыг нь өмнөөс нь шийдвэрлэх хариуцлага үүрч болохгүй. Таны асуудал ба таны найзын асуудал хооронд маш сайн хил хязгаартай байх хэрэгтэй. Өөрийн асуудлыг найздаа өгөх гэж оролдох, найзынхаа асуудлыг өмнөөс нь шийдэх гэж оролдох нь аль аль нь сайн үр дүнд хүргэхгүй байх талтай. Тиймээс найзынхаа асуудлыг өөрийн амьдралын нэг хэсэг болгохоос сэргийлэх нь чухал.

 

8. Зөвлөгөө чиглүүлэг өгөх

Хамгийн сайн зөвлөгөө нь ойлгомжтой 1-2 хийж болох үйлдлийн санал өгөх байдаг. Нэг удаа найзыгаа сонсоод тухайн хүний амьдралын тодорхой хугацаанд тулгарсан асуудлыг шууд шийдвэрлэх зөвлөгөө өгөх боломжгүй. Таны найзын олж хараагүй гарц гаргалгаа, шийдвэр гаргах боломж юу байж болохыг санал болгож болно. Өөрийн зөвлөмжийг 8-12 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Таны найзад асуудал тулгарсан гэдэг нь таны мэддэг бүх зүйлийг сонсох хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Тиймээс дараах зөвлөмжүүдийг санал болгож болно.

Бие физиологийн ядаргаа байж болохыг хэлэх

Бусдаас тусламж гуйх шаардлагатай үедээ санаа зовохгүй асуух

Гэр бүлийн тайван харилцаа нь өөрийгөө илэрхийлэхээс эхэлнэ гэдгийг сануулах

Сэтгэл санааны тогтворгүй үедээ согтууруулах зүйлс хэрэглэх шаардлага байхгүй гэдгийг сануулах

Биеийн дасгал хөдөлгөөн хийх, спортын сонирхлоо хөгжүүлэхийг санал болгох

Давуу талуудыг нь сануулах

Өнгөрсөнд гаргасан амжилт бүтээлийг нь ярьж өгөх

Ирээдүйн гэрэлтэй төсөөллийг ярьж өгөх зэргээр товч бөгөөд тодорхой 1-2 алхмыг санал болгож болно.

 

9. Нууцыг хадгалах

Таны найзад тулгарч буй асуудал нийгмийн олон хүрээний олон эрэгтэйчүүдийн амьдралд тулгарч буй асуудал юм. Та өөрийн сонссон мэдээллийг найздаа үнэхээр туслах хүсэлтэй байгаа бол зөвхөн өөртөө үлдээх нь л хамгийн сайн дэмжигч болохыг тань илэрхийлнэ. Хүний амьдралын нэгэн хэсэг хугацааны нэгэн хэсэг амьдралын асуудлыг тодорхойлоход нь найздаа та тусалсан. Тухайн асуудлыг шийдвэрлэснийхээ дараа таны найз танд талархахгүй ч байж болно. Харин та нэг ч гэсэн хүнд өөрийн сэтгэлээс дэмжлэг үзүүлсэн байх нь л чухал юм. 

Амьдрал өөрөө амар хялбар биш. Хүн энэ амьдралыг санаа зоволтгүйгээр өнгөрөөх боломжгүй. Нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь хүний нийгмийн зайлшгүй хийх хэрэгтэй үйлдэл юм. Үүнийг зөв зорилгын хүрээнд, зөв дараалал чиглүүлэгтэйгээр, зөв үр дүнд хүрэхээр хийж чаддаг байх нь нийгмийг бүрдүүлэгч хүн бүрийн үүрэг билээ. Хүн бүр өөрийн доторх бөглөөсийг авч, бөглөөсний цаанаас гарч ирэх огт өөр үзэл бодол, огт өөр зорилгууд бидний нийгмийг гэрэлтүүлэх нь жам юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)