ХИС-ийн профессор

Д.УЛАМБАЯР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХVII жарны “Буян үйлдэгч” хэмээх хар усан барс жилийн зуны дунд улаан морин сар, билгийн тооллын 12, Сумьяа гариг, аргын тооллын 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигаар эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 860 жилийн ойн босгон дээр  төрийн ордон, төрийн бүх байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд,  айл өрх бүр хойморьтоо Их Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухайд зарлиг буулгасан нь туйлын их бэлэг дэмбэрэлтэй үйл болов.

Өнөөгийн дэлхий дахины шинэ дэг тогтолцоог анхлан журамлагч нь Их эзэн Богд Чингис хаан хэмээн дэлхийн судлаачид эдүгээ хүлээн зөвшөөрч, монголчуудын тогтоосон Pax Mongolica-г “Монголын их амар амгалан” хэмээн нэгэнт үзэх болов.

Чингис хаан бээр XIII зууны эхээр хаяа хаяагаа дэрлэн оршсон  монгол угсааны олон ханлиг,  аймгуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор, өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэрт нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болсноор монголчууд дэлхийн түүхийн тавцанд бие даан гарч ирсэн нь Монгол ба хөрш орнуудын харилцааны шинж чанарыг хувиргасан төдийгүй Төв Ази, цаашлаад Дорно, Өрнийн олон улсын харилцаанд чанарын үндсэн өөрчлөлтийг оруулжээ.  Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт оршин тогтнож байх цаг дор Чингис ба түүний дараах их хаад тэргүүлсэн Монголын тал нутгийн тэнгэрлэг заяат дээд язгууртнууд хол, ойрын хүчирхэг суурьшмал хөршүүдээр хүрээлэгдсэн өөрсдийн гал голомт, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, тэдгээрээр төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хүлээлгэн зөвшөөрүүлэхэд чиглэсэн  зөөлөн хүчинд суурилсан “Монголын их амар амгалан” зохист “дэлхийн шинэ дэг журам”-ыг илбэн тохинуулах хүртэл гадаад бодлого, дипломат ажиллагааг явуулж байсан ажээ.

Чингис хаан оюун ухаан нээгдэж, хүчин чадал олох  сацуу Монгол үндэстнийг нэгтгэж, нэгэн улс гэр байгуулан өөрийн эцэг өвгөдөөс янагш эзлэн сууж байсан монгол нутаг ба ялангуяа Гурван голын нутгийг сахин хадгалсугай хэмээх улс төр ба үндэсний бодлогыг чухал болгон явуулжээ. Чингис хаан зөвхөн өрх гэрийг байгуулан үндэсний улс төрийг тогтоон, бас ч өшөөт дайсан болсон этгээд лугаа хүчийг мохоон, дан гагц өөртөө тогтож, эв найрамдлыг хадгалан суусугай хэмээсэн боловч Чингис лугаа эрх мэдэл зэрэгцэгчид хэрхэн энгийн сууж чадсан билээ. Чингис хаан нэгэнт дийлээд тэдний хүн зоныг нэгтгэн дагуулжээ. Журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээсэн боловч Сартуул иргэн Чингис хааны илгээсэн элч худалдаачдыг хөнөөж ёсгүй аашилсан тул тийнхүү аргагүйн эрхээр ёс бус ихэс ноёдыг цээрлүүлж, улс орныг нь бултаар нэг засаг төрийн мэдэл дор нэгтгэн илбэн тохинуулах асар өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагааг эхлүүлсэн нь түүхийн хүрдийг орвонгоор нь өөрчлөхөд хүргэсэн билээ.

Монголчууд өөрсдөө хүн ам цөөн, өрнө, дорно этгээдэд эзэлсэн нь үлэмж, хойч үедээ  их амар амгаланг цогцлоохуй дор Монгол үндэсний төр улсын алс хил хязгаарын аюулгүй байдлыг сэргийлэн сахих хялбаргүй ажлыг эхлүүлэхдээ Өрнө зүгийн улс орныг Өрнө зүгт нь алс хол захируулан суулгасан нь чухамдаа Өрнө зүгийн аюулыг Өрнө зүгт нь сэргийлсэн хэрэг агаад Өмнөдийн аюулыг Өмнө этгээдэд сэргийлсэн хэрэг байсан бөгөөд, чухамдаа өөрийн язгуурын жинхэнэ гал голомтыг гадны ямар ч аюул, занал учруулахгүйгээр сахин хамгаалах үндэсний аюулгүй байдлын цогц тогтолцоог буй болгосон ажгуу.

Евразийн өргөн уудам геополитикийн орон зайд тогтоосон  монголчуудын их амар амгаланд суурилсан дэлхийн шинэ дэг журмын чухамхүү уг сурвалж нь зөөлөн хүчний бодлого байв. Чингис хааны билиг сургаальд тэмдэглэхдээ:

“Олон улсыг эзэлсү хэмээвээс

биеийг нь хураахаас

сэтгэлийг нь хураахтун

Сэтгэлийг нь хурааваас

бие нь хаа одох” гэжээ.

Илхант улсын төрийн зүтгэлтэн, түүхч Рашид-ад-Дин бээр “Шастирын чуулган” бүтээлдээ Чингис хааны билиг сургаалиас гуч гаруй хэсгийг перс хэлнээ хөрвүүлжээ. Чингис хаан өгүүлэхдээ:

 “Омог хүчийг тарааж

Олныг аргаар барью

Олны эзэн болох буй

Арга билгийг сайтар мэдвэл

Аливаа хүчитнийг

Эрхээр болгох хялбар

Арга билэггүй бол

Алган дахийг ч

Тогтооход бэрх буюу

Биеийн бөхөөр ганцыг ялъюу

Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу” гэжээ.

 Их хаан Чингис бээр өөрийн үр хүүхэд, дүү нар хийгээд өрлөг сайд нартаа хандан сургаж хэлсэн үгийг Чингис хааны билиг сургааль хэмээх бөлгөө.

Монголчууд эв найртай харилцаа тогтохыг хүсэмжлэн “алтан аргамж” хэмээн ихэд чухалчлан дипломат элчийг довтолгож байсан нь зөөлөн хүчний бодлогын тод илрэл байжээ. Дорно дахины уламжлал ёсоор элч гэдэг нь хүндэт дээд зочин учир итгэлийг хөсөрдүүлж, элчийг хороохыг хамгийн бузар үйл гэж үзэж үүнийг хэзээ ч өршөөдөггүй байжээ. Элч нарыг хөнөөсөн хотуудыг монголчууд «догшин хот» гэж нэрлэж байжээ. Овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр суурилсан монгол заншил ёсоор хийсэн ялынхаа өр төлөөсийг хамтаараа эдлэх учиртай байсан гэж монголчуудын явуулсан цэрэг, дайны ажиллагааны нэг учир шалтгааныг Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилёв тайлбарласан юм.

Францын IX Людовик вангийн зараалаар 1254 оны хавар Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд хүрэлцэн ирсэн христос шашны ширээт лам, элч Гильом де Рүбрүктэй Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хүү Их хаан Мөнх биечлэн уулзаад зарлигийн жуух бичгийг хүргүүлсэн байдаг. Дурдсан бичигт өгүүлэхдээ: «Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахаас шингэх хүртэлх бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно»  гэж зөөлөн хүчийг ашиглаж байсан ажээ.

Төр, шашныг хослон баригч, хоёр ёсны онолыг үндэслэгч Хубилай Их хаанаас Японы ванд илгээсэн Жуух бичиг зөөлөн хүчний үзэл санаагаар нэвтэрхий билээ. Түүнд:

«Дээр Тэнгэрийн Ивээл дор

 Их Монгол улсын Хуанди, Япон улсын ванд Бичиг илгээж амуй.

Богд хүмүүн миний бодоход, Бага улсын хаад хил савлахын цагт харилцах зам хайж, эетэн найрамдах арга сүвэгчилдэг нь эртний уламжлал. Өвөг дээдэс ману, Тэнгэрийн ивээлээр таван өнгө улсыг мэдэлдээ оруулж, холхи алсад ч бидний их хүчээс эмээж, эрдэм нигүүлслийг минь бишрэгч орон тоолж баршгүй олон. Богд хүмүүн би бээр сууринаа суусан эхэн цагаас дайн самууны хөлд он удаан шаналж асан Гуулин улсын энгийн номхон иргэдийн зовлон зүдгүүрийг нимгэлж, цэргээ татаж, нутаг орныг нь эгүүлэн өгч, хөгшин залуугүй буцаасанд Гуулин ван, түшмэл түшээд талархан, Гүрэнд айлчилсан бөлгөө. Тийнхүү Богд хүмүүн миний улс ба Гуулин улс нь Их Төрөөр бол хаан ба албатын харилцаатай боловч, чухам санаа нь эцэг, хөвүүдээс юун ялгарах аж. Ван ба албат иргэд ч үүнийг аль хэдийнээ мэдэж буйзаа. Гуулин улс миний дорно хөрш, Японтой нэн ойр. Япон нь улс нээснээсээ янагш, Дундад улстай үе үе арилжаа наймаа хийдэг байсан атлаа, намайг сууринд сууснаас хойш нэг ч удаа элч зарж ирүүлэн эетэн найрамтая хэмээсэнгүй. Вант улс хараахан учир мэдэхгүй байгаа бололтой тул, тусгайлан элчид Бичиг өвөрлүүлэн илгээж, миний санааг сайтар сэнхрэн ухтугай хэмээв. Өдгөөгөөс эхлэн, харилцан ирж очиж, амар мэндээ эрэлцэн, сайнаар эетэн найрамтваас зохистой.

Богд хүмүүн Дөрвөн далайг нэгэн хотол гэрт нэгтгэе хэмээх бөгөөд, харилцан ирж очиж, сайнаар эс эетэн найрамтах аваас, юуных нь нэгэн гэр бүлийн Зүй орших билээ. Эвсэх, цэрэглэхийн алийг сонгохоо Ван сайтар тунгаатугай.

Тийн мэдтүгэй хэмээн өгүүлжээ.

Үүний хариу үйлдэл нь Япон үндэстнийг орших, эс оршихуйтай тулгарахад хүргэсэн түүхтэй билээ.

Монголын Илхаадаас Өрнө дахины хаадад илгээж байсан дипломат бичиг захидал дотроос Өлзийт ханы захидал агуулгаараа онц сонирхолтой байдаг. Эл захидлыг Өлзийт хан 1304 оны тавдугаар сард Илхан ах Газаныг тэнгэрт хальсаны  дараа буюу 1304 оны долдугаар сард хаан ширээ залгамжлаад, 1305 оны эхээр Франкийн хаан  гоо Филиппт илгээжээ. Захидалд өгүүлэхдээ: «Эдүгээ, бидэнтэй ч та бүхэнтэй ч үл найрамдах этгээдтэй бид тэнгэрийн хүчин дор бүгдээрээ хамсран тэмцэхийг тэнгэр мэдтүгэй...Харин эдүгээ Тэнгэрийн ивээлээр ах дүү бид бүгд зохилдож наран ургах Нанхиадуудын газраас Тагу тэнгис хүртэл (манай) улс гүрнүүд барилдаж харилцаагаа сэргээж (өртөө) замуудаа байгуулав. Бидний завсар хэн бус сэтгэвээс бүгдээрээ хамсарч тэдний дээр байя хэмээн үг барилдав. Эдүгээ манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ахтай найрамдаж харилцсаныг яахин бид огоорох билээ... Олон франкуудын вангууд хамт (хоорондоо) зохилдож амуй хэмээн (бидэнд) айлтгасан билээ. Үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ» хэмээсэн байх агаад үүнийг «хуучин ертөнцийн үлэмж их орон зайд их амар амгалан тогтоох» үзэл санааг монголчууд анх удаа сэдсэн болохыг нэрч монголч эрдэмтэн В.Л.Котвич олж ажиглаад «XIII зууны эхэн үед Монголчууд дэлхий нийтийн энхтайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь» хэмээх өгүүлэл бичиж энэ нь түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1970 оны “Түүхийн асуудлууд” хэмээх франц хэл дээр гардаг сэтгүүлийн дугаарт хэвлэгджээ. Өрнөд Европт тогтсон энх амгалан байдлыг монголчууд өөрсдөө зарлан мэдээлсээр байсан байх бөгөөд найртай сайхан байхыг ихэд эрхэмлэсэн «үнэнхүү зохилдохоос сайхан юу байх билээ» хэмээсэн монгол ханы бодол санааг илэрхийлсэн зөөлөн хүчний гайхамшигтай үзэл санаа бүхий өгүүлбэрийг жуух захидалдаа шигтгэж өгчээ. Мөнх хааны хэлсэн бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно гэсэн санаа ч үлэмжийн утга учиртай байжээ. Энэ бол дипломат ажиллагаан дахь зөөлөн хүчний тод илрэл болсон юм. Өлзийт хан Монголын бусад хаадтай яриангүй найрсаг байж монгол газрын дотоодод ч тэр, хилийн чанадад ч тэр тогтсоор байсан status-quo-г улам батжуулахыг мэрийж байжээ гэж эрдэмтэн В.Котвич үзсэн байна.

Илхан Өлзийтээс Францын гоо Филиппт илгээсэн жуух захидлын уг эхийн хуулбар. 1305 он

Францын судлаач хатагтай Чанта Лемеркьер-Кюлкюжэй (Chantal Lemercier-Quelquejay) 1969 оны “Түүхийн асуудлууд” сэтгүүлийн 13-т  хэвлүүлсэн «Монголын их амар амгалан» буюу La Paix Mongole  хэмээх өгүүлэлдээ: «Татарчууд дарласан уу, эсвэл монголчууд их амар  амгаланг дархалсан уу?» хэмээх асуулт дэвшүүлж, төгсгөлд нь «Монголын их амар амгалан»-г Монголчууд хуучин тив буюу l’ancien monde гэж нэрлэдэг Евразийн алслагдмал өргөн уудам нутагт тогтоож олон улс гүрэнтэй соёлын харилцаагаа хөгжүүлж байжээ»  гэсэн дүгнэлтийг хийж байжээ.

Алтан ургийнхан 45 жил үргэлжилсэн дотоодын зөрчил тэмцлээ эцэс болгож, эвлэлдэн XIV зууны эхээр санасандаа хүрчээ. Алтан ургийнхны тусгаар улсуудын дотоодод энх амгалан, эв эе, нэгдмэл байдал дахин тогтсон хэдий ч өмнөх үе шигээ Голын улсын захиргаанд бус, харин Тусгаар улсуудын  хамтын нөхөрлөл бүхий шинэ зарчимд тулгуурлах болжээ. Монголын эзэнт гүрний Тусгаар улсуудын Холбоо нь Бат ханы Алтан Орд улс (1240-1502), Хубилайн Юань улс (1271-1368), Хүлэгүгийн Ил хант улс (1256-1353), Цагаадайн улс  (1225-1358)-аас бүрдэж байсан байх бөгөөд тэднээс хамгийн өнө удаан оршин тогтносон нь Алтан Орд улс болно.

Тухайн үеийн дэлхий дахины нөлөө бүхий  улс орнууд Монголын хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар Евразийн өргөн уудам нутгийн олон улс орныг эрхшээл нөлөөндөө оруулж Дорно, Өрнийн хэрэгт үлэмж эрх мэдэл бүхий болсон Монгол гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс хоорондын яриа хэлэлцээр байгуулах нь бэрхтэй болсон явдал энэ үеийн олон улсын харилцааны үндсэн онцлог байсан нь тодорхой юм.

Бүдгэрч балархад хүрсэн “Торгоны их зам” нэг засаг төрийн мэдэлд орсны дараа чөлөөт худалдаа, аян жуулчлал, шашны нөлөө тархалт, мэдээлэл, харилцаа холбоо урьд өмнө байгаагүй хөгжин цэцэглэх үүд нээгдсэн нь монголчуудын тогтоосон дэлхийн шинэ дэг журамтай  шууд холбоотой байв. Монголчуудын Евразийн уудам тал нутагт явуулсан цэрэг, дайны ажиллагаа өргөжих тутам урьд нь үл мэдэгдэх олон улс оронтой учрахад хүргэж, энэ нь чухамхүү анхны газарзүйн их нээлт байсан агаад цаашдаа Өрнө, Дорнын хоорондын харилцаа,  холбоо хөгжин цэцэглэхийн шийдвэрлэх хүчин зүйл болсон байна.

Их Монгол улсын гадаад бодлогын номлол, дипломат ажиллагааны зорилго, чиглэл цаашид боловсрон хөгжихөд тухайн цаг үеийн олон улсын байдал, суурьшмал хөрш орнуудын зүгээс Монголын төр улсын талаар баримталж байсан таатай биш бодлого, хандлага хүчтэй нөлөөлж байв. Тиймээс ч Монгол Улс хүчирхэгжин мандах цаг дор дэлхийг нийтээр нь нэг засаг, төрийн мэдэл дор илбэн тохинуулах бодлого явуулжээ. Япон тэнгис, Солонгосын хойгоос Ариун Ромын эзэнт улсын хил, Адриатик тэнгис хийгээд Ойрхи Дорнод, Египет хүртэл, Ява, Суматари арлаас Байгаль далай ба Саяны уулсыг өнгөртөл өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, цаана нь үлдсэн хэсэгт үлэмж нөлөөтэй болсон тул эзэнт гүрний гадаад бодлого, дипломат ажиллагаа нийт Евразийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болж иржээ.

Чингис хаан бээр Евразийн өргөн уудам орон зайд хуулийг бүхнээс дээгүүр тавьж, хуулийн дор засаглаж, улс хоорондын харилцааны эрхзүй, дипломат паспорт болох гэрэгэ, дипломат ёсны үндсийг тавьсныг “Их Засаг” хэмээх хууль цаазын дурсгал, бусад эх сурвалж гэрчлэх ажгуу.

Евразийн уудам орон зайд тогтоосон «Монголын их амгалан» үзэл баримтлалын уг чанар нь хуулийг бүхнээс дээгүүр тавьж, шашныг нэг газар дор нэгтгэн зангидаж, хүлцэх, хүндлэх,  шүтэж бишрэх эрх чөлөөг бүх талаар хөхиүлэн дэмжиж, үзэл суртлын сөргөлдөөнгүй, энхтайвнаар зэрэгцэн орших дор амар түвшин аж төрөх явдал байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы хүндэт индэр дээрээс үг хэлэхдээ: өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, энэ цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энхтайванч хандлага, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэж, Евразийн бүс нутагт тогтсон “Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энхтайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг онцлон сонордуулсан юм.

АНУ-ын нэрт геополитикч Зб.Бжезинский “Шатрын их хөлөгөн” хэмээх дэлхийн геополитикийн тухай өгүүлсэн нэн дорвилог бүтээлдээ: “Түүхийн тавцанд Монголын эзэнт гүрэн л өнөөгийн АНУ-тай эн зэрэгцэж байна” хэмээн бичсэн нь буй.

АНУ-ын The Washington Post сонин 1995 оны арванхоёрдугаар сарын 31-нд сүүлчийн хоёрдахь мянганы “нэн чухал түүхэн хүн”-ээр Чингис хааныг тодруулсан билээ.

2005 оны арваннэгдүгээр сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар тусай чуулган Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний дэлхий дахины хөтөлбөр  хэмээх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2001 оны арваннэгдүгээр сарын 9-нд  баталсан 56/6 тогтоолыг үндэслэн “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа олон улсын Засгийн газрууд тэмдэглэн өнгөрүүлэх тухай тусгай тогтоол”-ыг батлан  гаргасан юм. 

Мөнх тэнгэрийн хүчин дор хаяа хаяагаа дэрлэн оршсон эсгий туургатан олон монгол ханлиг, аймгуудыг өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэр дор нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж, цаашлаад Дорно, Өрнө дахиныг нэгэн засаг төрийн мэдэл дор илбэн тохинуулж, Монголын их амар амгалан хэмээх дэг журмыг цогцлоосон Их эзэн богд Чингис хаан, алтан ургийнхны хатуу, зөөлөн хүчний бодлого, дипломатын түүхийг судлахын учир нь өнөө туршлага хийгээд сургамжтай ажгуу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 227 (6959)