С.САРУУЛ

БНТУ-аас гаралтай сулейменж жамаат хэмээх шашны бүлэглэл манай улсад үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Сулейменжүүд дэлхий даяар аалзны тор шиг сүлжээ байгуулж, өнөөдрийн байдлаар 3000 гаруй сурагчийн болон оюутны дотуур байр байгуулан өнчин, ядуу иргэдийн хүүхдүүдэд амьдрах орчин, сурах нөхцөлийг хангаж байна. Тус шашныхан пантуркизмын үзлийг дэлгэрүүлэх зорилготой, цар хүрээ өргөн шашны бүлэглэл идэвхжүүлж байгаа бөгөөд энэ урсгалын ислам шашны бусад урсгал, чиглэлээс ялгарах гол онцлог нь “аллах”-ыг бус тус урсгалыг үндэслэгчийг тахин шүтэх юм байна.

Өнөөдрийн байдлаар сулейменж бүлэглэл Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Алтай аймгууд болон Улаанбаатар хотод 30 шахам сурагчийн, оюутны дотуур байр байгуулж, бага болон өсвөр насны 1200-1500 хүүхдэд шашны мэдлэг олгох нэрийдлээр тахин шүтэх үйл ажиллагааг тогтмол, тасралтгүй явуулж байгаа мэдээлэл байна.

Уг бүлэглэл нь нийтийн байранд байрлаж буй бага болон өсвөр насны охид хөвгүүдийн оюун санаа, шашны итгэл үнэмшилд нөлөөлөх замаар эрхшээлдээ оруулдаг нарийн зохион байгуулалттай гэдгийг олон улсад сэрэмжлүүлжээ. Тодруулбал,  хүүхдүүдийг ЕБС-д сурахгүй байхыг ятгах, хэрэв Сулейманыг шүтэж явбал хэд хэдэн их, дээд сургууль төгссөн мэт “гэгээрнэ” хэмээн сургах, номлогч багш нарыг хоорондоо гэр бүл болохыг шаардах, гэр бүлийн гишүүдийг төрийн албанд ажиллахыг эсэргүүцэх, эрэгтэй хүүхдийг дээд уруулдаа сахал ургуулах, цэнхэр өнгийн тоорцог малгай өмсөх, охид эмэгтэйчүүд зүүж буй алчуураа мөр давуулан дэлгэж зүүх зэрэг шаардлагуудыг тавьж, хүний эрх, эрх чөлөөг зөрчин чимээгүй хүчирхийлж байж болзошгүй аж.

Сулейменжүүд Рамазан, Курбан айт шашны баяраар дотуур байранд байрлаж буй өсвөр насны охид, хөвгүүдийг гуйлгачин, үгээгүй ядуу айлын хүүхдүүд болгон иргэдээс хандив цуглуулах, мөн БНТУ, Казахстан улсаас их хэмжээний хандив тусламж авч олон тооны мал нядлуулах замаар их хэмжээний ашиг хонжоо олдог юм байна.

Эх сурвалж: www.polit.mn