Б.ОД

 

Монгол Улсын нийт хүн амын тал буюу 1.6 сая гаруй хүн амьдран суудаг нийслэл Улаанбаатарын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангахын зэрэгцээ энэ чиглэлд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, инновацийг хөгжүүлэх нь нэн чухал билээ. Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод өчигдөр нээсэн билээ. Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийг хүнсний гол бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцууллаа.

 

Мах, гурил, төмснийхөө хэрэгцээ дотоодоосоо бүрэн хангадаг

 

Хүн амын хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг 2021 оны байдлаар тооцож үзвэл, нийслэлийн хэмжээнд жилд 54.3 мянган тонн малын мах, 18.1 мянган тонн шувууны мах, 72.4 мянган тонн сүү, 81.4 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 45.2 мянган тонн гурил, 81.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 54.3 мянган тонн төмс, 117.6 мянган тонн хүнсний ногоо, 9 мянган тонн өндөг, 10.4 мянган тонн ургамлын тос, 4.6 мянган тонн цөцгийн тос хэрэгцээтэй байдаг ажээ. Үүнээс мах, гурил, төмс 100 хувь дотоодоос хангадаг бөгөөд харин сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөгний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтай бөгөөд сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийн хувьд дотоодоос хангах боломж нөөц хангалттай байгааг аж.Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээг хангахаар хүнс боловсруулах салбарын 655 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж буйн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт төвлөрдөг.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2027 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.

 

Шийдэл: Нэгдсэн логистик, санхүүгийн гарц

 

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын оновчтой системийг нэвтрүүлэх, хүнсний  бараа бүтээгдэхүүний логистикийн сүлжээг хөгжүүлэх гэсэн гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Өнөөгийн нөхцөлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйгаас бэлтгэх, боловсруулах, тээвэрлэх, худалдан борлуулах бүх үе шатанд ченж буюу дундын дамжлагын оролцоо маш өндөр учир хүнсний бүтээгдэхүүн өндөр өртөгтэй хэрэглэгчдэд хүрдэг. Дундын энэхүү дамжлагыг халж, хүнсний бараа бүтээгдэхүүнийг төвлөрсөн нэг цэгээс тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээгээр хэрэглэгчдийн гарт хүргэж, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсээр хотын иргэдийг хангах боломжийг бүрдүүлэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаарч ажиллана гэдгээ онцлов.

Худалдааны нэгдсэн логистикийн төвийг агуулахын хамт хотын баруун, зүүн бүсэд авто болон төмөр замын сүлжээтэй уялдуулан шинээр, мөн одоогийн нөөцийг түшиглэн төлөвлөж, хотын хүн амын хүнсний хангамжийг хөдөө орон нутаг болон бэлтгэн нийлүүлэгч, хүнсний боловсруулах үйлдвэрээс нэгдсэн зохион байгуулалтаар тээвэр логистикийн нэгдсэн сүлжээгээр иргэдийн гарт хүргэх шийдэл бий. Ингэж чадвал эцсийн хэрэглэгчид очиж буй бүтээгдэхүүний үнэ буурч, бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Түүнчлэн иргэдийн бодит худалдан авах чадвар өсөх, хот руу чиглэсэн төвлөрөлт саарах, орон нутагт үйлдвэрлэл бий болох бөгөөд улмаар амьжиргааны түвшин дээшилж, ядуурлыг бууруулна гэж үзэж буй. Санхүүгийн хувьд хүнсний хангамжийг сайжруулах тодорхой гарц гаргалгааг эрэлхийлж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээлийн сувгуудаар аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдний бизнес эрхлэх бо­лом­жийг санхүүгийн зөв меха­низмаар дэмжихээр төлөвлөж буй.

 

Боломж: Бүгд хожно

 

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, чанартай хүнсээр хангахад үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихийг зорьж байгаа юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд зээлийн дарамтаас чөлөөлөгдөж, урт хугацаатай, тогтвортой, бодит хөрөнгө оруулалт авна. Мөн хүнсний сүлжээнд оролцогчдын үйл ажиллагаа өргөжиж, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломж нэмэгдэнэ.

Цаашлаад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар улирлаас хамаарсан үнийн хөөрөгдөл, хомсдлыг зогсоох, гарал үүсэл тодорхой эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангахад анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Том зургаар нь харвал, эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажлын байр нэмэгдэхээс гадна дотоодын үйлдвэрлэл өсөж, импортоор авах бүтээгдэхүүний хэмжээ буурна. Мөн мизо эдийн засаг бүхий хотын татварын орлого нэмэгдэх, хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх боловсрол сайжирч, нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх олон давуу талтайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)