Б.БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан. Тэгвэл өчигдөр Сангийн яамнаас ирэх оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Ирэх оны төсвийн нийт зарлагыг 20.475 их наяд төгрөгөөр баталжээ. Харин тэнцвэржүүлсэн орлогын дүнг 127 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.  Тодруулбал, ирэх онд манай улсын зарлага нэмэгдээгүй харин орлого өссөн гэсэн үг юм. Мөн ирэх оны төсвийн алдагдлыг 2.8 хувь гэж тооцоолж байсан бол 2.6 хувь болгон баталжээ.

Тэгвэл хэдэн төгрөгийг хэрхэн яаж зарцуулахыг тоймолвол, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагааны зардлыг 94.5 тэрбум, хөрөнгө оруулалтын зардал 7.1 тэрбум, гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд 33.6 тэрбум, "Элэг бүтэн монгол" үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 13.5 тэрбум,  Ойн хортон шавжтай тэмцэхэд 8.0 тэрбум, Өнөр бүл хүүхдийн төвийн урсгал зардалд 100.0 сая, Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардалд 2.7 сая, Орон нутгийн санхүүжилт 10.7 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр тусгажээ.

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төрийн хяналтын тухай хуулийн хүрээнд бүтэн жилийн хугацаанд хийсэн анхны төсөв юм. Тодруулбал, шаардлагагүй зүйлс дээр төсөв батлаагүй гэсэн үг. Мөн эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж баталлаа. 2020 онд 4.4 их наядын алдагдалтай байсан бол 2023 онд 1.4 их наядын алдагдалтай болж байгаа” гэв.

 

Орон нутагт үйл ажиллагаа явуулах ААН татварын дэмжлэг үзүүлнэ

 

2023 он бол хөдөө орон нутагт ажиллаж амьдрах иргэд болон аж ахуй нэгжид анхаарал хандуулсан жил болох юм. Тодруулбал, орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд олгох ипотекийн зээлийн хүүг хоёр дахин бууруулна. Харин орон нутагт шилжин суурьшсан аж ахуй нэгжийн банкнаас авсан зээлийн хүүг нэг хувь хүртэл бууруулж татаас олгох юм. Мөн шилжин суурьшихад нь дэмжлэг олгох ажээ. Мөн орон нутагт суурьших иргэдэд газар олгож соёлын хүртээмжтэй байдлыг нь хангана. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид татварын дэмжлэг үзүүлэх бөгөөд ажлын байр нэмэгдүүлвэл татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна.

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг цогцоор нь шийдэж, түгжрэлийг бууруулна

 

Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ. Ингэхдээ 318 автобусыг шинээр хэрэглээнд нэвтрүүлнэ. Харин нийтийн тээврийн 45 автопаркийг нэмж барих юм байна.

 

Хүүхдийн мөнгийг “ирээдүйн өв сан”-аас санхүүжүүлнэ

 

Хүүхдийн мөнгөний хувьд нийт хүүхдийн 90 хувьд нь олгохоор болсон. Харин түүний санхүүжилт нь “Ирээдүйн өв сан”-аас гарах юм. Мөн төрийн албаны цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэхээс гадна ур чадвар, ажилласан жил зэргээс хамааран нэмэхээр төсөвт суулгажээ.

 

Ирэх онд зургаан тэрбум долларын өр төлнө

 

Ирэх онд манай улс нийт зургаан тэрбум ам.долларын хэд хэдэн томоохон зээлүүдийг төлнө. Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүхдорж “2020 онд “Чингис бонд”-ын нэг тэрбум ам.долларыг төлөх ёстой байсан бол өнгөрсөн жилүүдэд 877 тэрбум долларыг төлсөн. Ингэхээр ирэх онд буюу арванхоёрдугаар сарын 3-нд 133 тэрбум ам долларыг төлөх үлдсэн байна. Гэхдээ валютын нөөцөд хэт их дарамт үүсгэхээр байвал дээрх зээлүүдийг дахин сунгах арга хэмжээг авна. Энэхүү зургаан тэрбум төгрөгийн хоёр тэрбум нь Монголбанк Хятад улсын Ардын банктай хийсэн свопын зээл юм. Үүнийг Монголбанк сунгахаар болж байх шиг байна лээ. Засгийн газрын хувьд “Гэрэгэ” бондын 533 сая ам долларыг төлнө. Үүний тодорхой хэсгийг нь төлж үлдсэн хэсгийг нь дахин санхүүжүүлэх тухай судалж байгаа. Харин “Самурай бонд”- ын өрийг тэглэнэ” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 223 (6955)