С.САРУУЛ

"Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг.Тэгвэл уг компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлжээ. Энэхүү мэдээллийг erdenesmongol.mn цахим хуудсанд нэвтрэн танилцах боломжтой аж.Тус авто зам дагуу хоёр байршилд 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулжээ.

Хяналтын камерын систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх зэрэг хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn