Б.БАЯРЖАВХЛАН

Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахыг НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. 

Энэ нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалсан, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Нийслэлд амьдарч буй айл өрхийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд бий. Эдгээр өрхийн 87.4 хувь  нь  орон сууцанд орох хүсэлтээ илэрхийлжээ. Орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг бэрхшээл байгаа тул НОСК 2022-2023 онд 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монголбанканд худалдахаар төлөвлөж байна. Хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангана” гэв. Мөн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй, зах зээлд бэлэн орон сууцаас худалдан авч, иргэдийг оруулах юм.

Нийслэлийн 2020 оны “Орон сууцны хөтөлбөр”-ийн хөрөнгөөр СХД-ийн 6 дугаар  хорооны нутагт барьж ашиглалтад оруулсан 22 айлын  орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэхийг хэлэлцэн, дэмжлээ. 

Мөн ЧД-ийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 10 дугаар хорооны нутагт байрлах Контор улаан булангийн барилгыг Чингэлтэйн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төв ОНӨТҮГ-ын балансад шилжүүлэхийг хэлэлцэн дэмжив. 

Эх сурвалж: www.polit.mn