Т.САЙХАН

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан эрүүл мэндийн үйлчилгээ доголдолтой байгаа талаар шүүмжилсэн юм. 

Тэрбээр "Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгахад 611 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй санг хүлээлгэж өгсөн юм. Гуравхан жил болж байна. Гэтэл одоо алдагдалтай. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг дутахаар байгаа. Үүнийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал үүсэж байна. Зохиомлоор орлого тооцоолдог. Зөвхөн томоохон эмнэлэг биш улс төртэй хамаарал бүхий хүмүүсийн хувийн жижиг эмнэлгүүд ч гэсэн орно. Зохиомлоор орлого тооцоолж, хяналтгүйгээр төсөв хуваарилдаг. Өөрсдөө хяналт тавьж байгаа юм чинь яаж хянах вэ? 

Эмнэлгүүдийн үйлчилгээ доголдолтой, сайн үзэж өгөхгүй байгаа талаар иргэд хэлж байна. Өөрөөр хэлбэл, ахмад настнуудыг зайнаас үзэж, ойрхон үзэхгүй байна. Өвчин зовлонг нь настай нь холбон тайлбарлаж, чагнах ч үгүй байна гэж ярьж байна. Чанар нь өсөхгүй хэрнээ Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт их байдаг. 

Нийгмийн даатгалын байгууллага тус сангийн орлогыг төвлөрүүлж өгдөг тогтолцоо байж болохгүй. Буруу явсан, алдагдалтай Эрүүл мэндийн даатгалын санг эргээд засахад их хүч хөдөлмөр орно" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn