Б.ДОЛЖИНЖАВ

Ард түмний хурлыг Төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан нь “Ард түмний хурал”-ыг хуралдуулах хууль эрх зүйн үндэслэл гэж үзжээ.

Гэрэл зургийг Р.Оюун

Энэ үеэр Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүн И.Цэрэн “Монгол Улс 1990 онд Ардчилсан улс боллоо гэж эндүүрч байх хооронд олигархи бүлэг төрд шургаж, өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж эхэлсэн. Ингэснээр баян хоосны ялгаа эрс нэмэгдэж, үнийн өсөлтөөс үүдэн ард түмний амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, уул уурхайгаас өөр орлогогүй, ажилчин ангигүй улс болж хувирлаа. Мөн их хэмжээний гадаад өртэй болсон нь төрийн тулгуур бодлого байхгүй болсныг илтгэж байна. Иймээс “Ард түмний хурал”-аар төр болон ард түмний хооронд үүссэн үл ойлголцлын хана хэрмийг нурааж, төрийн бүх шатны эрүүл бус тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэл хийх түүхэн шаардлага бидэнд тулгараад байна. Энэ “Ард түмний хурал”-ыг хуралдуулахад төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Монгол төр энэ  санаачлагыг дэмжин хамтран ажиллах бодлого боловсруулж чухал үүрэгтэй оролцох хэрэгтэй гэж бид үзэж байна. Ялангуяа УИХ-ын гишүүд ард түмний дуу хоолой болсон үүргээ биелүүлэх шаардлагатай” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn