Б.НЯМСҮРЭН

 

Гавьяат багш Ц.Хандын нэрэмжит МУИС-ийн “Физик инженерчлэлийн олимпиад” амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад VIII-XII ангийн  нийслэл, орон нутгаас нийтдээ 1300 хүүхэд оролцов. Энэхүү олимпиадыг анх 2000 оноос хойш жил бүр Ц.Хандын үр хүүхэд шавь нар болон МУИС хамтран зохион байгуулж иржээ. Мөн Ц.Хандын нэрэмжит физикийн боловсролыг дэмжих сан, Улсын физикийн олимпиадын хороо, физикийн нийгэмлэг дэмжин оролцдог ажээ. Харин цар тахлын жилүүдэд  цахимаар зохион байгуулсан байна. Өмнө нь цахимаар математик, физикийн олимпиад зохион байгуулсан түүх  ховор байдаг ажээ.

Тус олимпиад нь анх “Физикийн бага олимпиад” хэмээх нэршилтэй  байжээ. Цаг үеэ дагаад нэршил болон агуулга нь өөрчлөгдсөн гэнэ. Ц.Хандын нэрэмжит физикийн боловсролыг дэмжих сангийн тэргүүн Г.Зуундарь “Манай улсад физикийн олон олимпиад болдог. Ирэх онд  Азийн физикийн XXIII олимпиадыг манай улсад зохион байгуулах юм.  Тиймээс Азийн бодлогын жишгээр агуулгаа боловсруулсан. Сурагчид цаашид оролцох олимпиадын жишгээ эндээс олж авах ёстой. Мөн Азийн олимпиадад оролцох Монгол Улсын багт орох ирээдүйн хүүхдүүдэд энэ жишиг  чухал нөлөөтэй. Мөн олимпиадыг зохион байгуулж буй орон хоёр баг оролцуулах давуу эрхтэй байдаг” гэсэн юм.  Харин шагналын сангийн хувьд эхний гурван байрыг шалгаруулаад түүнээс хойших 10 байрыг урамшуулахаар болжээ. ШУА-ийн Физик, Технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу “Гавьяат багш Ц.Хандын нэрэмжит олимпиад нь цуврал олимпиадуудын эхлэл юм. Магадгүй хүмүүст зөвхөн тэмцээн зохион байгуулж буй мэт харагдаж магадгүй. Үүний цаана сургалт, бэлтгэл явагддаг. Манай улсад Азийн олимпиад болох гэж байгаа нь физикчдийн хувьд нэр төрийн хэрэг. Бусад орноос 300 гаруй сурагч оролцоно. Азийн физикийн олимпиад нь өндөр чансаатайд тооцогддог. Учир нь Азиас медаль хүртэх нь дэлхийгээс авахтай ижил. Үүнийг ажил хэрэг болгож бид нийслэл хот, аймгуудад сургалт зохион байгуулж байна. Энэхүү олимпиадаас гарсан сурагчид олон улсын чансаа өндөртэй тэмцээнд дэд, болон гуравдугаар, шагналт байруудад шалгарсан. Ц.Ханд багшийн олимпиадад оролцож буй сурагчдаас  Монголын ирээдүйн физикчид гарна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 222 (6954)