Б.ДОЛЖИНЖАВ

 

Улаанбаатараас 1000 гаруй км-т орших Завхан аймгийн захын нэгэн сумаас ирсэн 63 настай иргэн Н.Ж одоогоос нэг жилийн өмнө элэгний хорт хавдраар ХСҮТ-д оношлогджээ. Үүний дараа тэрбээр 45 хоног буюу хоёр сар орчим хугацааг мэс засалд орох өдрөө хүлээн сэтгэлийн их шаналалд өнгөрүүлсэн юм. Энэ хугацаанд хавдрын хэмжээ хүрээгээ тэлж, бие нь улам муудаж байгааг анзаарч, түүндээ бухимдан сар гаруй хугацааг үдсэн байна. Элэг тайруулах мэс засалд орж, ямар нэгэн хүндрэлгүйгээр гарч ирсэн ч хөдөлгөөн хийхийг хориглосон учир гэрийн мухар сахьсан нэгэн болов. Цагтаа малын эмч, ерөнхий нягтлан мэргэжилтэй гялалзаж явсан Ж-гийн хувьд амьдралын ийм идэвхгүй байдал нь түүнийг улам шаналгах болжээ.

Харин Увс аймгийн Өндөрхангай сумын 71 настай иргэн Ө.Б дөрвөн жилийн өмнө  мөн элэгний хорт хавдраар аймагтаа оношлогджээ. Хавдрын шалтгаан нь 1978 онд хүүхэд төрүүлэхдээ шарлаж байсантай холбоотой талаар бид “Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй” цуврал нийтлэлээрээ хүргэж байв. Хавдартай хүмүүст үйлчилгээ үзүүлдэг улсын ганцхан эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төв дээр очиж таван өвчтөнтэй уулзахад хоёр нь элэгний хорт хавдар гэсэн оноштой байгаа нь манай улсад энэ төрлийн хорт хавдрын тархалт ямар хэмжээнд байгааг бэлхнээ илтгэж байгаа болов уу.

Монгол Улсын Засгийн газар нийт хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 2017-2020 онд эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийг хариуцан гүйцэтгэсэн ЭМЯ, ЭМДЕГ тэргүүтэй төрийн байгууллагууд үр дүн өндөр байсан тул ирэх оноос дахин хэрэгжүүлэхээр болоод байгаагаа зарласан. Тэгвэл тус хөтөлбөрийн хэрэгжилт, болоод санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтээр огт өөр хариу гарлаа. Мөн энэ хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх аудитын дүгнэлт, албаны хүмүүсийн мэдээлэл зөрүүтэй байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

 

ЭМЯ: ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАЖ БАЙСАН ХҮН НЬ АЖЛААСАА ГАРСАН, ӨӨР МЭДЭХ ХҮН БАЙХГҮЙ

Хепатитийн В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцооллоор 226 тэрбум 213 сая төгрөг зарцуулна гэж Засгийн газрын 112 дугаар тогтоолын хавсралтад дурджээ. Тодруулбал, тус хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг улс, орон нутгийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаадын улс орны төсөл, зээл, тусламж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандиваар бүрдүүлнэ гэж Засгийн газрын тогтоолд дурдсан байдаг. Хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байлаа.

 Тэгвэл үүнээс хойш тус хөтөлбөрт хэдий хэмжээний төсөв зарцуулж, ямар үр дүнд хүрсэн талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “2017-2020 онд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг хариуцсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй. Ирэх оноос дахин хэрэгжүүлнэ. Хэрэгжиж эхлэхээр нь оны дараагаас мэдээлэл өгөх боломжтой” гэсэн хариу өгөв. “Энэ хөтөлбөрийг ганцхан хүн хариуцдаг байсан юмуу” гэж тодруулан асуувал “Тиймээ. Өөр мэдэх хүн байхгүй” гэв.Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг цуглуулсан асар их хэмжээний дата мэдээлэлтэй, дөрвөн жилийн турш хэрэгжсэн хөтөлбөрийн санхүүжилт, үр дүнтэй холбоотой мэдээллийг ганцхан хүн гардан хийх боломжтой юу. Мөн тухайн хүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа яаманд үлдээх үүрэгтэй биш үү. Гэтэл яагаад хариуцдаг хүн нь ажлаасаа гарсан учир мэдээлэл өгөх боломжгүй гэж ЭМЯ хариулсан нь ихээхэн анхаарал татаж байна.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 6-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Энэ талаар тодруулахаар ДЭМБ-ын хэвлэлийн ажилтантай холбогдвол “Манайх 2019 оноос хойш судалгаа хийгээгүй. Тухайн үед хийсэн үнэлгээний тайлан манайд байхгүй. ЭМЯ-нд бий. Харин ирэх оноос тус хөтөлбөртэй хамтын ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа учир одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө. Тиймээс бид аудитын дүгнэлтээр ил болсон мэдээлэлд анализ хийлээ.

 

Аудит: В,С ВИРУСЫН ИЛРҮҮЛЭГ, ЭМЧИЛГЭЭНД 84 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

 

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон. Тус тайланд дурдсанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үндэсний хамрагдалт 50 хувьтай, эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байгаа ч үр нөлөөг тооцоогүй байна. ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш хепатитийн В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд зориулан нийт 47 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2016-2021 онд жороор олгох эмийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 226 тэрбум төгрөг олгосноос хепатитийн B,C  вирусын эсрэг эмд 36 тэрбум төгрөгийг олгосон байна. Тодруулбал, хепатитийн В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

Харин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайдын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлд дурдсанаар “ЭМДС-гаас шинжилгээний зардалд 6.3 тэрбум төгрөг, С вирусын эмчилгээний зардалд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан” гэсэн мэдээлэлд үндэслэвэл 2021 оны есдүгээр сарын 30-ныг дуусталх дөрвөн жилийн  хугацаанд 63.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн аравдугаар сарын 07-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж, эмчилгээ хийсэн” гэж ярьсан. Хөтөлбөр хэрэгжих үед Ж.Чинбүрэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан учир төсвийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Түүний мэдээллээр бол дөрвөн жилд 160 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингээд харвал аудитын дүгнэлт, Ерөнхий сайдын мэдээлэл, Ж.Чинбүрэн гишүүний ярианд дурдагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн тоо эрс зөрүүтэй байгаа нь ноцтой асуудал юм.

Манай улс 2023 оны төсвөө УИХ-ын чуулганы энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 17 тэрбумыг төсөвлөжээ. Өмнөх хөтөлбөртөө 80 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч  хэрэгжилт нь зорилтот хүн амынхаа 50 хувьд ч хүрээгүй нь аудитын дүгнэлтээр ил болсон байтал дахин үргэлжлүүлэхээр болж 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсний цаад шалтгаан юу болох, хөтөлбөрийн хэрэгжилт болоод ЭМДЕГ-аас хэдий хэмжээний төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг бид дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 222 (6954)