Б.ОД

 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган өнөөдөр төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Одоо мөрдөж буй хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд баривчлах шийтгэл ихэвчлэн ногдуулж байна. Монгол төрийн эцсийн зорилго нь гэр бүлийг салгаж, сарниах юм уу, эсвэл гэр бүлийн тогтвортой байдлыг хангах уу гэдэг нарийн заагийг төрийн бодлого дээр гаргаж ирэх шаардлагатай байна. Эхнэр нь дуудлага өгөөд нөхрөө баривчлуулсан гэр бүл цаашдаа тийм ч таатай харилцаа явахгүй л байх. Тиймээс дуудлага мэдээлэл өгөх хүртэлх харилцаан дээр бид ач холбогдол өгөх ёстой.Цагдаагийн байгууллагаас ч дуудлага мэдээллийг тал бүрээс нь шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд, аавуудын талаар гомдол ирдэг. Ажлаа тараад жаахан халамцуу ирээд, үл ялиг ам зөрчмөгц дуудлага мэдээлэл өгдөг, гэтэл бид тэргүүлэх чиглэлээрээ дуудлагыг шуурхай хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгодог" гэв.

Манай улс гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд дунджаар 5000 хүнийг баривчлах шийдвэр тогтоол гарч, шийтгэлийг эдлүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn