Т.БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад СЭЗИС-ийн Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор, доктор, профессор Г.Батхуягийг урьж, ярилцлаа.

 

Бизнесүүд өөрсдийн гэсэн ялгаралаараа өрсөлддөг болсон

Блиц
СЭЗИС-ийн ахисан түвшний судалгаа,  сургалт хариуцсан проректор

Австралийн Гриффитийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан. 
Судалгааны чиглэл: Инновацын хэмжилт

Монголд анх удаа СЭЗИС дээр академик түвшинд Энтрепренершип ба инновацын мастерын хөтөлбөр хөгжүүлж, хэрэгжүүлж эхэлсэн.

ЗГХЭГ-ын Энтрепренершип ба инновацын хариусан зөвлөхөөр ажиллаж байсан.
"Мстарс" ХАБ-ын гарааны бизнес бойжуулах төвийн лийд ментор

-Инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байх нь тухай бизнесийн байгууллагад  ямар ач холбогдолтой вэ. Би энэ төрлийн үйлчилгээг хэрхэн зах зээлд амжилттай нэвтрүүлэх вэ.  Инновацыг хэрхэн хэмжих вэ зэрэг асуудлуудын хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг. Энэ салбарын буюу энтрепренершип, инновацын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаач хүн. Монголчууд нэг үеэ бодоход инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээнд нэлээд ач холбогдол өгдөг болжээ.  Мөн аливаа бизнесийн байгууллагууд өөрсдийн ялгарлаараа өрсөлдөх болсон.  Тэгэхээр энэ чиглэлд хөгжлийн нэгэн шинэ үе ирсэн байна. Дэлгүүрийн лангуун дээр байгаа олон нэр төрлийн талхнаас яагаад танай хийсэн талхыг сонгох ёстой вэ гэдэгт бизнес эрхлэгчид өөрсдийн бий болгосон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ ялгарал, онцлог байдлаар хариулт өгөх ёстой байдаг. Ингэж чадвал худалдан авалт нэмэгдэж, ашиг өсөх нөхцөл бүрддэг.  Энэ бол инновацын гол ач холбогдол.  Жижиг дунд бизнес эрхэлж байна гээд зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийг  дуурайлгаж хийгээд байвал, өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог байхгүй байвал тэр бизнес удаан оршин тогтнох байтгуай хөлдөө дээрээ ч тогтож чадахгүй.  Ямар нэгэн ялгарал заавал байх хэрэгтэй. Ялгарах онцлоггүй, төсөөтэй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын хамгийн том сул тал нь худалдан авагчдыг үнийн харьцуулалт хийхэд хүргэдэг, хэрэглэгчид мэдээж аль хямдханыг нь сонгодог. Тэгэхээр сонгогдохын тулд үнээ буулгаж өрсөлдөнө гэсэн үг. Ийм байдлаар ашгаа буулгаж өрсөлдөж байгаа бизнес урт хугацаанд хөгжихгүй болно. Тэгэхээр аль болох инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгоод түүндээ таарсан өндөр үнийг тогтоогоод явах нь одоогийн бизнесийн байгууллагуудын оршин тогтнох нэг хүчин зүйл нь. Энэ чиглэлд ажиллаж байгаа бизнес эрхлэгчид маань нэн тэргүүнд үүнийг олж харж, онцлог ялгарлаа зөв тодорхойлох нь чухал байна.

 

Анх инновацыг бүтээлч сүйтгэл гэж тодорхойлж байв

 

-Гэхдээ инновацлаг байхын төлөө ямар нэгэн инновац хийх гэж улайрах биш ач холбогдолтой, учир утгатай, үнэ цэнтэй инновац бий болгох хэрэгтэй. Түүнээс бусдаас ялгарах гээд гурвалжин савтай чацаргана үйлдвэрлэх байдлаар өнгөц хандана гэсэн үг биш. Би 2019 онд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалаад Монголдоо ирсэн.  Намайг ирэхэд энэ инновац гэдэг үг нэлээд трэнд болоод эхэлж байсан. Нэг талдаа их сайн.  Нөгөө талдаа хэт шоу байдлаар хандах нь сөрөг талтай.  Гэхдээ магадгүй шоу байдлаар хандаж байгаа нь хэсэг цаг хугацааны дараа байхгүй болж дараагийн моодны сэдэв рүүгээ шилжих байх. Тэр үед жинхэнэ инновацын мөн чанар руу илүү орох байх гэж хардаг.  Одоо ч инновацын давалгаа үргэлжилж байна.  Бидэнд өнгөрсөн хугацаанд оносон зүйл их бий.  Энэ чиглэлд парламентад бие даасан байнгын хороотой болсон. Яамдын дэргэд бие даасан бүтэц бүхий газар, хэлтэс үйл ажиллагаа явуулж байна. Хууль эрх зүйн орчин, төрийн дэмжлэгүүд хамаагүй сайжирсан.  Ер нь улс орны хөгжлийн гол хөшүүрэг нь инновац гэдгийг бид олж харж, түүнийг дэмжих бүтцээ тодорхойлж эхэлж байна.  Олон улсад 1934 оноос инновац яг шинжлэх ухааны түвшинд судлагдаж эхэлсэн байдаг.  Гэхдээ сонирхолтой нь анхны инновацын талаарх бүтээлүүдэд инновац гэж нэр томъёо ашиглаж эхлээгүй байсан. Бүтээлч сүйтгэл гэдэг утгаар тодорхойлсон байдаг.  Аливаа зүйлийг илүү сайжруулах замаар “байхгүй болгодог” эрс шинэчилдэг тийм өөрчлөлт юм.  Тухайлбал, харилцааны хэрэгсэл болох утас маань суурин байсан, дараа нь хөдөлгөөнт болсон, дараа нь смарт болсон, одоо цаашид бидэнд бараг гар утасны хэрэггүй болж, нүдний шил дээрээсээ бүх үйлчилгээг авдаг, үзэж хардаг болж магадгүй юм. Үүнээс харахад л өмнөхөө “бүтээлчээр устгаж”, илүү сайн хувилбарууд гарч байгаа гэсэн үг. Ер нь технологийн хурдацтай өсөлт, хөгжилтэй холбоотойгоор дэлхийд ч инновацын давалгаа хүчтэй өрнөж байна. Энэ нь цаашдаа ч улам нэмэгдэнэ.

 

“Стар-ап компаниудад татварын хөнгөлөлт бус хөрөнгө оруулалт чухал”

 

-Инновац нэвтрэх боломжгүй салбар гэж байхгүй.  Мал аж, ахуй, уул уурхай, урлаг соёлынхон ч инновац хийх хэрэгтэй.  Ер нь одоо байрандаа байж байдаг үйлчилгээ гэж байхгүй. Манай улсын хувьд хөдөө аж ахуй ч гэдэг юм уу өөрийн сайн мэддэг салбарууд дээрээ инновац хийвэл илүү давуу талтай.  Ядаж манай бизнесүүд нарийн лаборатори ашиглаж, судалгаа хөгжлийн нүсэр үйл ажиллагаа хийж, олон зуун сая төгрөг заавал үрэхгүйгээр бизнес загварын инновацуудыг хийх бүрэн боломжтой.  Бизнесийн байгууллага ч гэлтгүй төрийн байгууллагууд инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал байна.  Одоогийн байдлаар “И-Монголиа” цахим систем амжилттай нэвтрүүлж, олон үйлчилгээг хөнгөвчилж чадсан. Төгс биш ч гэлээ бид амжилттай яваа.  Мөн саяхан төрийн зүгээс гарааны бизнесийг дэмжих бодлогоо танилцуулсан.  Стар-ап гарааны компаниудыг эхний таван жил ашгийн татвараас чөлөөлнө гэсэн.  Гэхдээ энд нэг асуудал байна.  Үүнийг  ач холбогдолтой дэмжлэг гэж харахгүй байгаа.  Яагаад гэхээр энэ төрлийн компаниуд угаасаа эхний таван жилд ашиг олдоггүй.  Өөрөөр хэлбэл, татвараас чөлөөлөөд байх шаардлагагүй гэсэн үг.  Тэгэхээр  энэ нь олон нийтэд энэ төрлийн бизнесийг дэмжээд байгаа юм шиг мэдээллийг  өгч байгаа ч  яг асуудал дээрээ төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Гарааны компаниудын хувьд эхний жилүүдэд тэдний санал болгож буй шинэ инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл инновацлаг бизнес загвар нь үнэхээр ажиллахаар байна уу,  ашиг олж болохоор байна уу, яаж оршин тогтнох уу гэсэн тэмцэл л өрнөж байдаг. Бодсон хийсвэр санаагаа бодит амьдрал дээр буулгаж, жинхэнэ үнэнтэй нүүр тулдаг үе гэсэн үг. Гэтэл дээрх ашгийн татвараас чөлөөлнө гэдэг шийдвэр нь хэрэв чи сугалаа хожих юм бол чамаас татвар авахгүй гэсэнтэй агаар нэг. Дэмжлэг өгсөн үү өгсөн, гэхдээ хэрэв чи үнэхээр азтай байгаад хожвол түүнийг эдэлнэ гэсэн үг. Ер нь старт-ап компаниудад эхний таван жилд хөрөнгө оруулалт их чухал байдаг. “Facebook” гэхэд яаж ашиг олохоо мэдэхгүй 10 жил явсан.  Гэхдээ үндсэн загвар нь ажиллаад л байсан.  Өдөр бүр олон сая хүн нэгдээд байсан.  Тэгээд бага багаар учраа олж эхэлсэн, лайк гэдэг зүйлийг нэвтрүүлээл, зар сурталчилгаа явуулаал гэх мэтээр. Ингэж л гарааны бизнесүүд амжилтад хүрдэг.  Инновацлаг бизнес гэдэг шинэ зүйл байдаг учраас эхнээсээ л ашиг олоод эхэлнэ гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.   Өөрсдийгөө зах зээлд таниулах, шинэ хэрэглээ, үйл хөдлөлд хэрэглэгчдийг сургах, ач холбогдолыг нь ойлгуулах, үнэ цэнийг нь мэдрүүлэхэд хугацаа шаардана. Энэ алхмуудыг зөв хийж чадаагүйгээс эхний 3-4 жилийн дотор 80 орчим хувь нь дампуурдаг эрсдэлтэй.

 

Жинхэнэ инновацлаг бизнесийн хөрөнгө оруулалт манайд хөгжөөгүй

 

-Хүмүүст бизнес хийе гэсэн сэтгэл байна.  Төрийн зүгээс бага ч гэсэн дэмжлэг үзүүлж байна.  Хууль эрх зүйн орчин мөн таатай байна.  Гэвч энэ төрлийн бизнест нэг асуудал байгаа нь хөрөнгө оруулалт юм.  Уламжлалт буюу банкны зээл, аливаа сангийн хөрөнгө оруулалт тохиромжгүй.  Цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг учраас хөрөнгө оруулахад нэлээд эрсдэлтэй.  Гэхдээ амжилт олбол ашгаа хэд дахин нугалах боломжтой. Үүнийг нь тооцсон, итгэсэн, тууштай хөрөнгө оруулалт   чухал байна.  Түүнээс биш сар бүр төлбөрөө төлдөг зээлийг хөрөнгө оруулалт гэж үзэхэд хэцүү. Эхлэлийн буюу энжил хөрөнгө оруулагч их чухал хэрэгтэй байдаг. Хөрөнгөө оруулна, гэхдээ маш их эрсдэлтэй гэдгийг нь ойлгоод, эргэж төлөгдөх магадлал бага гэдгийг нь мэдэж байгаа хэдий ч бизнесийнхэн ирээдүйн боломж, инновацлаг үнэ цэнд нь илүү ач холбогдол өгдөг гэсэн үг.  Энэ төрлийн хөрөнгө оруулалт одоохондоо манайд сайн хөгжөөгүй байна.  Иргэдийн хамгийн сайн мэддэг, өдөр бүр хэрэглэж байгаа “Facebook” итгэж, ямар ч орлого олоогүй байхад нь, яаж мөнгө олохоо бүрэн ойлгоогүй байхад нь ирээдүйн боломжийг харж хөрөнгө оруулан, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж байсан хүмүүс нь хэдэн жилийн дараа IPO хийхэд нь бүгд тэрбумтан болсон.  Үүнийг л инновацлаг бизнест оруулах хөрөнгө оруулалтын онцлог гээд байгаа юм.

 

Судалгаа: Олон нийтийн 30 хувь нь шүүхийн үйл ажиллагааг эерэгээр үнэлсэн

 

-Монголын Шүүгчдийн холбооноос олон нийтийн шүүхэд хандах хандлагын судалгаа хийх санал ирүүлснээр би өнгөрсөн хугацаанд нэгэн хөндлөнгийн судалгаа хийсэн.  Тэр үед буюу 2020 оноос иргэдийн зүгээс шүүхэд итгэх итгэл нэлээд суларсан гэж хүмүүс ярих болсон үе байсан.  Янз бүрийн хэл ам, бичлэг, нэвтрүүлэгүүд олон нийтийн дунд тарсан.  Холбооны зүгээс мэдээж хувь шүүгчтэй холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй.  Гэхдээ шүүх байгууллагыг нийтээр нь ингэж харлуулж болохгүй гэдэг үндсэн дээр судалгаа явуулахаар болсон.   Олон нийтийн сэтгэгдлийг мэдэх зорилготой байлаа. Энэ судалгаан дээр ажиллахад миний хувьд өмнө нь энэ байгууллагатай ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй учраас илүү давуу талтай байсан.  Асуудалд илүү объетив байдлаар хандаж судалгаа хийсэн гэсэн үг.  Мөн зөвхөн олон нийтийн хандлагаас гадна шүүхээр өөрийн биеэр үйлчлүүлж байсан иргэдийн үнэлгээг мөн судалж, тэдгээр нь хоорондоо хэр зөрүүтэй байна вэ гэдэгт анхаарал хандуулсан.  Учир нь энэ чиглэлээр хийгдсэн олон улсын эрдэм шинжилгээний ажлуудаас харахад нэгдүгээрт, олон нийтийн шүүхэд хандах хандлага буюу шүүхийн үйл ажиллагааг хэр түвшинд дүгнэж байгаа, хоёрдугаарт, яг шүүхээр үйлчлүүлж байсан хүмүүс хэрхэн дүгнэж байна гэдгийг судалдаг.  Онолын хувьд энэ хоёр хандлага хоорондоо ойролцоо түвшинд байх ёстой байдаг юм байна.  Гэвч судалгаагаар олон нийт янз бүрийн байдлаар баталгаатай, баталгаагүй мэдээлэл авч түүгээрээ шүүхийн байгууллагыг дүгнэж итгэх итгэл нь нэлээд доогуур түвшинд байгаа нь тогтоогдсон.  Харин нөгөө талаар шүүхээр  ямар нэгэн байдлаар үйлчлүүлж байсан иргэд маань шүүхэд итгэх итгэл нэлээд дээгүүр гарч ирсэн.   Тодруулбал, олон нийт  шүүхэд 30 хувь итгэдэг бол, үйлчлүүлсэн хүмүүсийн 60 хувь шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэсэн дүр зураг гарсан.

 

“Шүүх нээлттэй ил тод байх хэрэгтэй”

 

-Иргэдийн шүүх болон шүүхийн процессын талаарх ерөнхий мэдлэг, ойлголтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй санагдсан. Мөн аливаа асуудлыг хэн нэгний ярьж хэлж байгаагаар биш өөрийн мэдлэгт тулгуурлан үнэлж дүгнэдэг болмоор байна.  Ялангуяа цахим орчны мэдээлэлд хөтлөгдсөн дүгнэлтүүд нэлээд байна.  Магадгүй олны анхаарал татсан хэрэгт шүүх шийдвэрээ хуулийн дагуу гаргалаа гэхэд тухайн хэрэгт холбогдогч талынхан “Нийгэмд буруу шийдвэр гаргалаа.  Шүүх шударга биш” гэсэн агуулгыг цацаад эхэлдэг.  Иргэд маань ийм мэдээлэлд автаж асуудалд хандаж байгаа дүр зураг судалгаанаас харагдсан.    Нөгөө талаас шүүх байгууллага хууль баталдаггүй, парламентаас баталсан хуулийг хэрэгжүүлдэг газар.   Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг УИХ баталж байгаа. Гэвч олон нийт энэ асуудалд хуулийг хэрэгжүүлж буй шүүхийг нэлээд буруутгасан байна.  Тэгэхээр л  иргэд маань хууль, эрх зүйтэй холбоотой мэдлэг мэдээллээ сайжруулах шаардлагатай нь судалгаагаар харагдсан. Нөгөө талаас шүүх байгууллага өөрсдийн үйл ажиллагааг зөвөөр таниулах шаардлагатай байна.  Аливаа олны анхаарал татсан хэргийн талаар хаалттай авч хэлэлцдэг.  Гаргасан шийдвэрээ албан мэдээ байдлаар тараадаг.  Зөвхөн өөрийн цахим хуудас гэх албаны сувгаар дамжуулан мэдээлдэг нь нийтэд хүрч чаддаггүй.   Ер нь олон нийтээс нэлээд хөндий, тасарсан байгууллага байдаг.  Энэ нь олон нийтийн дүгнэлтэд мөн сөргөөр нөлөөлж байна.  Ялангуяа томоохон хэргүүд дээр ямар шийдвэр гаргасан гэдгээ олон нийтэд  мэдээлж, тайлбарлаж байх шаардлагатай.   Судалгааны дүгнэлтүүд маань иймэрхүү байдлаар гарч судалгаан дээр үндэслэн  шүүхийн байгууллагууд маань нээлттэй ил тод байх дээр анхаарч,  эхний алхмуудыг хийгээд эхэлсэн. Энэ жил мэргэжлийн хуульчидтай хамтран  дараагийн түвшний судалгааг хийх гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 221 (6953)