С.САРУУЛ

Өнгөрсөн сард болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу тус номын сангийн захирал Д.Индра хэрхэн жишиг болох боломжтой талаар болон үйл ажиллагаа, фондын баяжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг танилцуулав. Тус номын сан нь ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар 1980 онд ашиглалтад орсон, 93 мянган нэр төрлийн 386 мянга гаруй сан хөмрөгтэй. Харин салбарууд нь Монголын анхны номын сангуудаар нэрлэгддэг бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх М.Горькийн нэрэмжит номын сан 1946, Хан-Уул дүүрэг дэх номын сан 1948, Баянзүрх дүүрэг дэх номын сан 1968,  Сонгинохайрхан дүүрэг дэх номын сан 1991 онд байгуулагджээ.

Улсын хэмжээнд 1500 гаруй номын сан байдгаас хөгжлийн бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цорын ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. 42 жилийн хугацаанд 350 мянга гаруй хүн карт нээлгэснээс 101 мянга гаруй уншигч тогтмол үйлчлүүлдэг. Эдгээрээс 32  мянга нь хүүхэд, 1500 орчим нь ахмад настан, 66 мянга гаруй насанд хүрэгчид бол хөгжлийн бэрхшээлтэй 291 иргэн байна. Мөн 200 гаруй орны 150 хэл дээрх номыг харааны бэрхшээлтэй иргэд онлайнаар унших боломжийг бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра сүүлийн жилүүдэд номын баяжилтыг хийхэд анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Цаашид зургаан төрлийн үйлчилгээг E-Mongolia системд оруулж, цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр зорьж байгаа. Орчин үед номын санг ном унших газар гэхээсээ илүү соёлын төв, бүтээлч орон зай гэж харах болсон. Энэ хүрээнд Америкийн элчинтэй хамтран төсөл хэрэгжүүлж, Бүтээгчдийн орон зайг байгуулах гэх мэт олон ажил санаачилж, зохион байгуулж байгааг хэлж байлаа. Төв болон салбар номын санд фондын баяжилтыг нэмэгдүүлж, дөрвөн салбар номын санг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болгох шаардлагатай байгааг мөн онцолж байсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нийтийн төв номын санг  олон улсын жишиг нийтийн номын сан болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэчлэн сайжруулах боломжийн талаар судалгаа хийж, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

Эх сурвалж: www.polit.mn