Т.САЙХАН

Төрийн өмчит "Эрдэнэт үйлдвэр"-ийг Өмнөд Африкийн "Стандарт банк"-нд барьцаалан нийт 160.1 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгагдсан "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Түүнтэй хамт "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, "Алтжин групп"-ийг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцсон юм. 

Тэд учруулсан хохирлоо төлөх тав хоногийн завсарлага авсан бөгөөд өчигдөр тэр хугацаа дуусаж, шүүх хурал үргэлжилсэн юм. Улмаар Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, "Эрдэнэт үйлдвэр"-т учруулсан 105 тэрбум, бусад ААН-д учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Мөн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас дээрх үйлдвэрт учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсон байна. Тэдэнд шүүхээс 14 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгийн торгох ял шийтгэсэн байна 

Шүүгдэгч Ш.Батхүү битүүмжилсэн хөрөнгүүдээрээ хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй хэмээн тав хоногийн завсарлагын дараа мэдүүлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn