С.САРУУЛ

 

Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 150 гаруй хувиар нэмэгдсэнийг статистикийн байгууллага мэдээлсэн. Тэгвэл эдийн засаг хүнд энэ цаг үед ард иргэдийн нуруун дээрх ачааллыг багасгах үүднээс үндэсний үйлдвэрлэгч "Майнд Теч" Сэлэнгэ үйлдвэр үнийн хувьсгал хийх санаачлага гаргалаа. Ингэхдээ өнөөдөр зах зээл дээр 9000-10000 төгрөгөөр борлуулагдаж буй импортын ургамлын тосыг орлох бүтээгдэхүүнээ 35-40 хувиар хямдруулж 6600 төгрөгөөр борлуулахаар болжээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат “Бид 2012 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлж эх орондоо ургуулсан эрүүл хөрсний шим уриатайгаар Эзэгтэй, Оргих ургамлын тосыг дотоодын хэрэгцээнд хүргэж эхэлсэн. Европын жижигт нийцсэн тосны ургамал боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар жилдээ 30 мянган тонн  ургамлын тосыг дотоодын болон экпортын зах зээлд нийлүүлэх боломж бүрдээд байна. Хамгийн чухал нь манай бүтээгдэхүүний түүхий эд болох рапсыг тариаланчид  эх орондоо тарьж ургуулан хүргэж байгаа нь органик, генийн өөрчлөлтгүй, эрүүл тосыг монголчууддаа хүргэх боломжийг олгож байна.  Валютын ханш өсөж ургамлын тосны үнэ нэмэгдээд байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн хувьсгалыг санаачлан литр ургамлын тосны үнийг 6600 төгрөг болгон энэ оныг дуустал хэрэглэгчиддээ хамгийн хямд үнээр хүргэх ажлыг эхлүүллээ” гэв. Ийнхүү үнээ бууруулахад ургамлын тосыг НӨАТ-ын хөнгөлөлтөд хамруулсан төрийн бодлого түлхэц болжээ. Мөн түүхий эдээ хангалттай нийлүүлэх томоохон тариаланчидтай тогтвортой хамтран ажиллахаар болсон нь давуу тал болсон гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 218 (6950)