Т.САЙХАН

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдрөөс эхлэн компаниудтай байгуулсан гэрээ болон ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллээ ил тод, нээлттэй байршуулна гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэллээ.  Мөн тэрбээр "Эхний ээлжинд бид мэдээллээ ил тод болгож байна. Тухайлбал, уурхайгаас ачигдаж гарсан нүүрс Цагаан хаданд бууж, цааш хилээр хэрхэн гарч байгаа зэрэг мэдээллийг нээлттэй унших боломжоор хангаж байгаа юм. Оффтейк гэрээний асуудлыг олон нийт нэлээд сонирхож байна. Тиймээс үүнд хариулт өгье. Оффтейк гэрээ гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлдэг. Одоогоор ЭТТ ХК-д дөрвөн офтек гэрээ бий. Эдгээрийг дурдвал,

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
  • Богд хаан төмөр замын төсөл
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл
  • Газрын тос дамжуулах хоолой барих төсөл

Нүүрсээ худалдан борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгийг нь аваад дээр дурдсан дөрвөн төслийг санхүүжүүлж байгаа гэсэн үг. Олон улсын жишгээр аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд тодорхой хэмжээнд мөнгө санхүү босгох шаардлагатай болдог. Тиймээс урьдчилж санхүүжилтийн эх үүсвэрийг босгохоор оффтейк  гэрээ байгуулдаг нийтлэг практик байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын шийдвэр гарч, дээр дурдсан төслүүдэд оффтейк гэрээ хэрэгжиж байгаа гэсэн үг. Гэхдээ тухайн дөрвөн гэрээний хоёр нь ЭТТ ХК-ийн албан ёсны цахим сайт дээр ороогүй. Үүний нэг нь маш нууц, нөгөөх нь нууцын зэрэглэлтэй" хэмээн хэллээ. 

Мөн үргэлжлүүлэн "Төслийн санхүүжилтийг нүүрсээр төлөх нөхцөлтэй гэрээнд дээр дурдсан дөрвөн оффтейк гэрээ байгаа. Үүнээс гадна ямар нэгэн төсөлтэй холбогдохгүйгээр мөнгийг нь урьдчилж аваад дараа нь нүүрсээ гаргах нөхцөлтэй мөн дөрвөн гэрээ бий. Энэ хүрээнд Chalco, Glory Town Holding, Jiayou, E-Commodities компанитай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, ЭТТ ХК урьдчилж мөнгөө аваад дараа нь нүүрсээ ачуулах нөхцөлтэйгөөр явж байгаа дөрвөн гэрээ байна. Жишээлбэл, Chalco компанитай 2011 оноос хойш хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд мөнгийг нь урьдчилж аваад дараа нь нүүрсээ ачуулж явж байсан практик бий.  Одоогийн байдлаар 45 сая долларыг дээр дурдсан дөрвөн компаниас авсан. Эдгээр гэрээний урьдчилгаа нь 605 сая доллар байна. Нүүрсээ худалдан борлуулах байдлаар арилжааны нийт 100,000-1,000,000 тонн бүхий 27 гэрээ байна. Эдгээр гэрээ нь коксжих нүүрснийх. Мөн 20-300 мянган тонн бүхий 109 гэрээ байна. Эдгээр гэрээ нь эрчим хүчний нүүрснийх юм.  Нөгөө талдаа гэрээг ил тод болгохын тулд худалдан авагч талаас давхар зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Тухайн зөвшөөрлийг худалдан авагч талтайгаа ярьж байгаад зөвшөөрлийг нь авснаар нээлттэй тавина. Иймээс ч өнөөдөр бүх нэршил, авсан дүнг нээлттэй, ил тод зарлаж байгаа юм" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn