С.САРУУЛ

Бельгийн хаант улсад оршин суугаа иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд тус ЭСЯ Бельгийн талтай яриа хэлэлцээг явуулсны дүнд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргав.

Тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн жолооны үнэмлэхгүйгээр иргэд автомашин жолоодож хэрэг, зөрчилд холбогдох, зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шалгуурт тэнцэхгүй байх, түрээсээр автомашин авч ашиглах боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байжээ.

Бельгийн Засгийн газрын дээрх шийдвэр нь манай иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулах ба цаашилбал улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэрэг амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжсэн чухал алхам болж байна. 

Энэ завшааныг ашиглан Бельгийн Зам, тээвэр, хөдөлгөөний яаманд талархал илэрхийлье. Европын Холбооны орнуудаас Бельги Улс манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байгаа бөгөөд Нидерланд, Люксембург Улсуудад мөн хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn