С.УЯНГА

Бид амьдралынхаа 90 хувийг байшинд өнгөрүүлдэг. Өдрийн 24 цагийн 10-г унтаж, наймыг ажил, сургуулийн орчинд, дөрвөн цагийг гэртээ, нэг хэсгийг нь машиндаа  өнгөрүүлдэг бол зөвхөн хоёрхон цагийг л гэр, сургууль, ажилдаа ирж, очих зэргээр гадаад орчинд өнгөрүүлдэг байна. Үүнийгээ өвлийн улиралд агаарын бохирдлоос “нуугдаж” байна гэж ойлгох нь элбэг. Гэтэл хачирхалтай нь энэ бүх битүү орчин буюу дотоод орчны агаарын бохирдол гаднахаас 5-10 дахин илүү хор уршигтай. Тэр хэрээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж буй мэргэжлийн байгууллагууд тал талаас нь судалж гаргасан байдаг. ДЭМБ-ын мэдээгээр бага буурай, хөгжиж буй улс орны 3.8 сая иргэн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас баржээ.

Дотоод орчны агаарын бохирдол бол ойлгож ядах “том” философи биш. Ердөө та бидний амнаас ялгарч буй нян бактери, вирус. Мөн гэр, оффисын буйдан, ширээ, сандал, хивс зэрэг эд хогшлын нарийн ширхэгт тоосонцор бүрдүүлж байдаг. Түүнчлэн дуу шуугиан, чимээ, чийгшил, хөгц чийг бас нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, цонхоо онгойлгохгүйгээр гал түлэх, хоол цай хийх, тамхи татаж, цахилгаан ахуйн тоног хэрэгсэл ашиглах, угаалга, цэвэрлэгээ хийх, химийн гаралтай бүтээгдэхүүн оролцсон шампунь, ангижруулагч, бие угаагч хэрэглэх зэрэг олон шалтгаанаар үүсдэг. Түүнээс гадна хөгц мөөгөнцөр, барилгын материал, бусад үнэртэй зүйлс байна. Бас гэрийн тэжээвэр амьтад  дотоод орчныг ихээхэн бохирдуулагчид гэжээ. Нохой, муур нь хүүхдийн ор, гудсан дээр суух, хэвтэх дуртай байдаг. Тэгвэл судалгаагаар харшилтай хүүхдийн ор, гудсан дээрээс амьтны гаралтай харшил төрүүлэгчийг олжээ. Энэ бүх “чимээгүй” аюул хүний дархлааг унагаснаас олон  өвчний суурь болно. ДЭМБ-аас нийт өвчлөлийн 2.7 хувь нь дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй байгааг тогтоожээ.  

Дотоод орчны агаарын бохирдол буюу PM 2.5 тоосонцор ургийн өсөлтийг бууруулж байгааг дэлхийн улс орнуудад онцолсон байна. Ингэхдээ урагийн жинд нөлөөлөхөөс гадна  хүүхдийн уушги бүрэн ургаж гүйцээгүй байдаг тул агаарын хорт бодист илүү өртдөг байна.

Тэгвэл "Эс Эй Эс Глобал" ХХК дотоод орчны агаарын бохирдолтой холбоотойгоор ихэнхдээ 4-5 ам бүлтэй, байршлын хувьд хөдөө орон нутаг болон нийслэлийн есөн дүүрэг. Тэр дундаа Баянгол, Баянзүрх, СХД, Сүхбаатар дүүргийн 100 гаруй ээжийн дунд судалгаа хийжээ.

 

 

 

 

Дотоод орчны агаарын бохирдлын талаар хэр сайн мэдэх вэ гэсэн асуултад сайн ойлголттой гэж 12 хүн хариулсан бол 63 нь ерөнхий мэдээлэлтэй, 26 нь зөвхөн сонсож байсан, 14 нь төдийлөн анзаардаггүй, бусад нь анх удаа сонсож байна гэж хариулжээ. Харин хүүхдийнх нь ханиад хүрдэг давтамжийн талаарх асуулгад тал хувь нь жилд 1-2 удаа, 30 хувь нь улирал тутам, 5-10 хувь нь сар тутам гэсэн хариулахдаа гол төлөв цэцэрлэг, сургууль дээрээ ханиад хүрдэг гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар ялангуяа өвлийн улиралд олон хүүхэдтэй орчинд цонхыг төдийлөн сайн онгойлгодоггүй нь хүүхдийн дархлааг байнга дарангуйлж, ойрхон ханиад хүрэх давтамжийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Үүнд эцэг, эхчүүдийн дотоод орчны агаарын бохирдлын талаарх ойлголт мэдээлэл тааруу байгаа нь ч нөлөөлж байгаа юм. Тиймээс цонхоо давтамжтайгаар ойр ойрхон онгойлгохоос гадна зориулалтын дотоод орчны агаарын бохирдол хэмжих багажаар гэр, оффисоо хэмжүүлж мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах нь зүйтэй юм.

 

 

 

 

 

Эх сурвалж: www.polit.mn