Б.ДОЛЖИНЖАВ

Эрэгтэйчүүд үсээ ургуулж, арьсаа арчилж, эмэгтэйчүүд мото спорт, жүдогоор амжилтын тавцанд цойлсон шинэ цаг үед бид амьдарч байна. Ер нь бие галбир, хувцаслалт, ажил мэргэжлийн алиныг нь ч хүйсээр зааглах ёсгүй гэдгийг олон улсын хэмжээнд сурталчилж байна. Жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх энэ давлагаанд хүүхэлдэйн киноны зах зээлд цахиур хагалж яваа “The Walt Disney” компани нэгджээ. Тодруулбал, тус компани шинэхэн “Тусгал” /Reflect/ киноныхоо балетын бүжигчний дүрд анхны “plus-size” буюу махлаг эмэгтэйг сонгосон нь олон улсын кино салбарт нэгэн том тэсрэлт боллоо. Тус киноны гол дүр Бианкаг бие галбирын хувьд шүүмжлэхээс илүү залуу үеийнхний сэтгэлгээ өөрчлөгдсөний тусгал боллоо хэмээн сайшааж байна. Энэ тухай 16 настай охин “Тусгал” богино хэмжээний кино бондгор гэдгээрээ шоолуулсны улмаас балетын сургуулиа хаях шийдвэрээ цуцлахад маш их тус болсон. Балетаар хичээллэхэд заавал туранхай байх ёсгүйг сурталчилсан кино багийнханд үнэхээр их талархаж байна” гэж “CNN”-д ярьжээ.

Харин киноны найруулагч Хиллари Брэдфилд “Гол дүр Бианка биеийн галбираасаа ичдэг сөрөг мэдрэмжээ ялан дийлж, юунд ч үл санаа зовнин өөрийнхөөрөө бүжиглэж байгааг харуулахыг зорьсон. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг нэг их хэцүү зүйл биш гэдгийг илэрхийлэхийг хүссэн” гэж ярив. “The Walt Disney” компанийн тухайд олон нийтийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх чиглэлд тууштай ажиллаж байгаа билээ. Тухайлбал, тус компани энэ оны эхээр “Baymax” кинондоо трансжендэр дүрийг онцолж байв. Харин энэ удаагийн бүтээлээрээ балетаар заавал туранхай хүн л хичээллэх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвджээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин