С.УЯНГА

 

Баян-Өлгий, Хонгконг нисэх тийзийн үнэ  ижилхэн 1.2 сая төгрөг. Нарийн яривал 100 мянган төгрөгийн л зөрүүтэй. Гэтэл Өлгий рүү хот хоорондын автобусаар 130 мянган төгрөгөөр хүрчихнэ. Эндээс харвал агаараар 10 дахин өндөр төлбөр төлөх нь. Мэдээж онгоц, машин хоёрын тав тух, цаг хугацааг харьцуулшгүй. Ховдын нислэг нэг сая руу дөхнө. Энэ жишгээр бусад аймгууд ч мөн адил төлбөр нь 5-6 дахин зөрүүтэйгээс орон нутгийн нислэг хөгжихгүй явж ирсэн гэж хэлж болно. Үүн дээр цар тахал, геополитикийн сорилт улам л жин дарж байна. Тухайлбал, шатахууны зардал 2019 онтой харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн нь тийзийн үнэ өсөхөд нөлөөлсөн. Одоогийн байдлаар "Чингис хаан" нисэх буудалд нэг тонн шатахууныг 5.6 сая төгрөгөөр борлуулж байгаа аж.

Орлого, үйл ажиллагаа нь хэдэн жил дамнан доголдоод байгаа үндэсний агаарын тээвэрлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлээд байгаа.Тэр дунд орон нутгийн нислэгийг хөгжүүлэхэд нөхөн олговор олгох гарцыг хөнджээ. Ингэхдээ тухайн орон нутгийн иргэд онгоцоор зорчих бол тийзийн төлбөрийн талыг нь төр даах юм байна. Өөрөөр хэлбэл, зорчигчдынх нь тоогоор нислэг үйлдэж байгаа авиа компаниудад нөхөн олговор олгоно. Харин хөнгөлөлт эдлэх иргэд заавал орон нутгийн харьяалалтай байх ёстой аж. Үүнийгээ яарсан, өвдсөн, өндөр настай, бага насны хүүхэдтэй бүлэг хүмүүст агаарын тээврийн үйлчилгээг хүргэх хөшүүрэг гэж харж буй аж. Энэ талаар албаны эх сурвалж  “Хөнгөлөлтийн нөхөн олговрыг төсвөөс орон нутгийн нислэг дээр Монголын нөхцөл байдалтай уялдуулаад харахаар яах аргагүй татаасаар шийдэхээс өөр томоохон хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй. Тийзийн үнэд хөнгөлөлт олгох асуудал олон жил яригдаж байна. 2017-2019 онуудад тодорхой хэмжээгээр хийгдэж байсан л зүйл.  Харин ковидын дараах үеийн нөхцөл байдалд өргөн хүрээнд хийе гэж байгаа юм.  Одоо хоёр аймагт нислэг үйлдэж байгааг 7-9 болгож нэмэх бололцоо бий. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газар, УИХ шийдвэрлэнэ. Хөнгөлөлтөд жилд  9.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг хийсэн. Нийслэлийн нийтийн тээврийн 180 тэрбум төгрөгтэй харьцуулахад маш бага мөнгө. Мөн улсын төсөв болон ИНЕГ-ын навигацийн төвлөрүүлдэг орлоготой харьцуулахад бага тоо. Болох талаас нь харж хэрэгжүүлж чадвал орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй хүрнэ. Ялангуяа, яарсан, өндөр настай, залуучуудад энэ бодлого үр өгөөжөө өгөх нь гарцаагүй” гэсэн юм. Одоогийн байдлаар ирэх оны төсөвт тусгасан бөгөөд үндэсний агаарын тээврийнхнийг дэмжсэн энэ бодлого төсөвт илүү зардал, дарамт болно гэсэн шүүмжлэл ч буй юм. Энэ талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасангаас тодруулахад “Орон нутгийн агаарын тээврийг хөгжүүлэх судалгаан дээр үндэслэж нислэгийн зардлыг бууруулахад шатахууны тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна. Ойрын үед Роснефть компанитай гэрээ хэлэлцээ хийж шатахууны үнийг 1-2 сая төгрөгөөр бууруулах хүлээлт байгаа. Нөгөө талаас орон нутгийн нисэх буудал болон үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө. Ер нь бусад тээврүүд НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Агаарын тээврийн хувьд жилд гурав орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын асуудал яригдаж байгаа. Үүнийг чөлөөлчих юм бол зорчигчийн тийзийн үнэ найм хүртэлх хувиар буурах боломжтой. Мөн Монгол Улсын  өргөн уудам нутаг, тархай бутархай суурьшилтай өнөөгийн нөхцөлд тулгуурлан бодлогоос татаас олгож байж агаарын тээвэр ард иргэддээ хүрнэ. Өнгөрсөн хугацаанд агаарын тээврийн үйлчилгээ компаниудын цэвэр бизнесийн зарчмаар явснаас үнэ тариф буурсангүй. Гэтэл яарсан, өвдсөн, өндөр настай, бага насны хүүхэдтэй бүлэг хүмүүст агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ хүрээнд тухайн орон нутгийн ард иргэд зорчсон тохиолдолд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж, зөрүү татаасыг төр бодлогоор олгох ажлыг эхлүүлсэн. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа үед санал оруулаад ажиллаж байна” гэлээ.

Иргэний нисэхийн салбарт өнгөрсөн 10 гаруй жилийн турш агаарын тээврийн салбарыг харьцангуй бодлогоор барьж ирсэн бол зах зээлийг задалж, либералчлалыг эрчимжүүлэхийг зорьж байгаа аж. Жишээлбэл, Солонгосын зах зээл дээр өмнө нь нэг л компани нисдэг байсан бол энэ оноос дөрөв болсон. Мөн долоо хоногт зургаа нисдэг байсан бол өнгөрсөн зун 15 болж нэмэгдсэн. Европ тийшээ нислэг нэмэгдсэн нь агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, багтаамж, давтамжийг нэмэгдүүлэхээр зах зээлийнхээ өрсөлдөөнөөр үнэ тариф нь буурч байгаа гэсэн судалгааг хийжээ. Улаанбаатар Сөүл чиглэлд тийзийн үнэ өмнө нь 1.5-2 сая байсан бол өнөөдөр нэг сая болсон. Истанбул чиглэлийн тариф нэг дахин буурсан зэргээр зах зээлийг задалснаар эерэг үр дүн гарч байна гэсэн үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)