Д.ЦЭРЭННАДМИД

 

Яагаад юм гэвэл яг энэ үед ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа болохоор энэ сэдвийг хөндөхөөр шийдлээ. Тэгэхдээ төсөв гэдэг юу юм бэ гэдгийг эдийн засгийн хэлээр онолдох гэсэнгүй. Гэхдээ өөрөө төсөв хэмлэгчийн нэг басхүү их сургуульд суралцаж байхдаа “политэкономия” буюу эдийн засгийн ухааны хичээлийг томоохон эрдэмтдээр заалгаж олонтаа сонссон болохоор өөрийн гэсэн ойлголт байж л байна.

Тэгэхээр төсөв гэдэг бол ард иргэдийн амьжиргааг чиглүүлэн залах нэг ёсны хууль юм л даа. Иргэдийн өөрийнх нь төсөв ч гэж болно.

Харин төсвөөс юу харагдах ёстой вэ гэвэл хөдөлмөрчин хүн татварт төлсөн мөнгөө юунд зарцуулагдаж байнав. Энд төр, засгийн бодлого чиглэгдэж байна уу үгүй юу гэдгийг мэдэж болох баримт бичиг.  Төсвийг зөвхөн сайд, дарга нар зохиодог юм биш гэж л ярьцгаадаг. Гэтэл үнэн хэрэгтээ ойрын хэдэн жил яг л тийм дүр зургаар явж ирсэн шүү дээ.

Засгийн газраас Төсвийн төслийг оруулж ирдэг. Парламент түүнийг хэлэлцэх явцдаа тэс өөр болгож баталдаг болсоор удав. Энэ нь эрхэм түшээд тойргийн эрх ашигтаа нийцүүлж сонгуулиас сонгуульд дамжсан элдэв амлалтаа хамгаалж, эдийн засгийн тооцоо нь тодорхойгүй, зураг хийгдээгүй төсөл хөтөлбөрт хөрөнгө мөнгийг тараан цацаж ирсэн нь алдаа байлаа. Өнөөгийн байдлаар долоон их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын үлдэгдэлтэй, тэдний зарим нь дуусаагүй 10 жилийн нүүр үзсэн ч бий. Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд гувшаа хурга шиг байсаар төсвийн мөнгийг үрэн таран хийдэг гэсэн үг.

Ямар сайндаа гишүүн бүр дөрвөн тэрбум төгрөг хуваарилуулж авч байхав. Түүнийгээ “миний юм биш засгийн газрын мөнгө” гэж ойлгуулахыг хичээсээр төсвийн тодотголоос бүтэн авч үлдсэн удаатай. Тэгээд гишүүд маань тойрогтоо очихдоо “Итгэлт баян” шиг л харагддаг шиг байсан. Тэр нь уг тойрогтоо дахин нэр дэвших замаа засч байгаа хэрэг байдаг. Үүндээ амташсан ч байв.

Энэ тухайд мөн ч их яригдсан, бичигдсэн. Харин өөрчлөлт гарах эсэхийг 2023 оны төсөв л хэлэх учиртай байх. Төсвийн шинэчлэл хийх тухай яриа бий.  Ирэх оны төсвийн төслийг ажихад орлого нь 19.6 их наяд, зарлага нь 20.3 их наяд байхаар төсөвлөгдсөн. Эндээс харвал зарлагын хувьд гэхэд энэ оных 18 их наяд байсан бол их өсөлттэй харагдаж байгаа юм.

Мөн алдагдал нь 1.5 их наяд гэдэг цочмоор тоо. Үүнийг Засгийн газраас тайлбарлахдаа нийгмийн тал, халамжийн бодлого буруугаас гэлцэхээс хэтрэхгүй байна. Төрийн өөрийнх нь зардал тоймгүй өссөнийг ердөө хэлэхгүй юм.

Яам, сайдын тоо, тэдний албаныхан түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн. Энэ нь тэдний үрдэг зардал нэмэгдсэн хэрнээ энгийн иргэдийн төлөх татварын дарамт өсөх магадалтай байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийнхөө талаар танилцуулахдаа –Энэ оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5,1 хувь буюу 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн төсөлд алдагдлын хэмжээ нийт бүтээгдэхүүний 2,8 хувь буюу 1,5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож 833,5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулсан байгаа гээд шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж зөвхөн урьд эхлүүлсэн зарим төслийг үр ашигтайгаар дуусгах зорилтыг дэвшүүллээ гэсэн нь олзуурхам сонсогдсоон.

Түүнээс хойш төсвийн төслийн талаар санал, шүүмжлэл зөндөө л өрнөсөн. Бас иргэдийн саналыг цуглуулж байна л гэсэн. Энэ дагуу хурлынхаа тоог нэмж хэлэлцүүлэг  хийлээ л юм болсон.

Хорь орчим мянган иргэн төсөлтэй танилцаж тэднээс 1000 хүн санал ирүүлсэн гэж мэдээлсэн бий. Харин түүнээс төдөн саналыг төсөвт тусгахаар болж байна гэсэн үг сонсогдохгүй л юм.

Харин төсвийн хувь заяаг залагч нэгний хэлснээр төсвийн талаар хийх хэлэлцүүлгийг дараа жил хэлэлцэхээс нь сар гаруйн өмнөөс олон түмний санал бодлыг авах нь чухал юм байна гэдэг нь харагдлаа гэж байгаа нь энэ жилийн санал цуглуулалт, ганц удаагийн дэндүү албан чанартай хэлэлцүүлгийн үр дүн 2023 оны төсөвт төдийлөн нөлөөлөхгүй юм шиг ойлголт төрүүлж байна.  Тиймээс уг төсөв 2024 оны сонгуульд л чиглэхээс хэтрэхгүй нь дээ гэж бодогдсон. Ингэхлээр чи яасан хардамтгай нөхөр вэ гэж намайг зэмлэж магадгүй. Тэгвэл хардах, халаглахаар шалтаг, шалтгаан бас цөөнгүй байгаа хэлье.

Ер нь төр, засгийг зөв зохистойгоор удирдаж чиглүүлж тэр дотор төсвийг чанартай болгохын тулд төсөв батлагчид улс орон хийгээд ард түмнийхээ амьдралыг нэг цонхоор харж, санал бодлоо нэгтгэж байж үр дүнд хүрнэ шүү дээ.

Гэтэл тийм бишийн жишээ цөөнгүй байна . Энэ нь хардлагыг маань лавшруулаад байгаа хэрэг. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарын нэг удаа утсаар ярьсан тухай мэдээлэл сониноос уншсаан.

Тэгж ярилцсан нь үнэн бол ард иргэд, улс орны хувь заяаны асуудал тэдний хоорондын харьцаанаас тун холуур нь харагдсан. Сайд нар гэхэд нэгнийгээ хог новш, дурак муракт нь хүрч аашилна гэж юу гэсэн үг вэ. Төсөв хэлэлцэх явцад мөн л тэр маягаар харьцвал яанаа гэж санагдав.

Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ Улаанбаатар хотын хувьд ямар ч том төсөл байсан дэмжихгүй гэжээ. Энэнээс харвал хотын автозамын их түгжрэл, утаа униар, хүн амын хэт бөөгнөрөл, нийтийн тээврийн үйлчилгээ ядуу байгааг хэвээр хадгална гэсэн хэрэг юмсан уу. Гэхдээ нийслэл гэдэг их айл захын нэг аймагтай адил биш өөрийн гэсэн чадал чансаатай, хөрөнгөтэй юм болгонд алга тосоод байдаггүй юм шүү дээ.

Бас нэг жишээ хэлье. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой тун ноцтой зүйл хэлээдэхсэн. Тэр нь Сангийн сайд Б.Жавхлан нь ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сан бас Монгол банкинд байдаг сангаас “ЗЭТ финанс” банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан. Ингэж сайд нь бүгдийг мөлждөг байж таарахгүй гэж ил цагаан хэлсэн бий.

Үүнийг Б.Жавхлан эсэргүүцэн тэр зээл авсан компаниуд надад ямар ч хамаагүй, би зээл авахад нь огт нөлөөлөөгүй гэж ярина лээ. Гэтэл нэгэн бодол сайдын суудалд ч сууж байсан тулхтай нөхөр гэгдэх Ц.Даваасүрэн арай тэгж улайм цайм нэгнийгээ гүтгэмээргүй юм. Гэвч цаана нь нэг юм заавал байж мэдэх нь гэж ойлгогдож байна. Гүтгэсэн гэвэл шүүх цагдаа л болохсон. Чимээгүй л байна.

Өөр нэг жишээ байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улсын Их Хурлын чуулган ирц хүрээгүйн улмаас тасалдав. Бодоод байхнээ. Тэр өдөр нь балжинням, дашням давхацсан сайн өдөр таарч хаа сайгүй хурим гэр, байшингийн найр болсон. Тэгэхлээр эрхэм гишүүд ажлаа орхиод зугаацаж явсан байж таарах нээ дээ.

Уг нь долоо хоногт хоёрхон өдөр чуулганы хуралдаантай байдаг болохоор нэг өдрийнхийг нь тасалчихад бас хайран цагаа даа. Тэр өдөр чуулган үргэлжилж төсвийн хэлэлцүүлгээ жаахан дөхүүлсэн бол аштай юу. УИХ-ын гишүүн хүн хариуцлагаас ангид биш л баймааргүй дээ. Яагаад ийм жишээ тоочив гэвэл төсөв ямар болох бол гэсэн санаа зовсны учир.

Ер нь УИХ, Засгийн газрын зарим нь аман дээрээ хариуцлага гэж хэлж чаддаг ч ажил албандаа ямар ханддаг нь түмэнд ил байдаг шүү дээ. Тэд төрөө бөхлөхийн оронд өөрсдийн сандал суудал, эрх дархийг л бөхлөхийг хичээх болсон. Нөгөө Хөгжлийн банкыг тоносон гэх асуудал одоо замхарсан уу яасан?

Гарз багатай зарим нөхдөөрөө туг тахина гэгч болоод л чимээ алдрах шиг. Дээрх жишээнүүд юу харуулж байнав гэвэл улстөрчид тэгж өөр хоорондоо талхилцаж бие бие рүүгээ “бохир угаадас” цацаж байгаа нь нэр нүүрээ барсан хэрэг төдийгүй улс орны амьдрал, хувь заяаны нэг том алхам жилийн төсөв хэлэлцэж буй үед хайран ч цаг.

Ер нь тэгээд нэг сайд нэг гишүүний алдаатай яриа, буруутай үйлдэл зөвхөн тэр хүн өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж байгаа юм биш Монголын төр, засаг болохоо байхын эхлэл гэж харагдаж байна.

Нөгөө гэвэл үргэлж хиртэй мөнгө бодож бүхнийг зоосны нүхээр харж явдаг хүний шинийг харах нүдний хараа үгүй болдог гэдэг юм шүү. Яагаад энэ бүхнийг эргэн харж сануулж хэлээд байгаа юм бэ гэвэл дээрх сайд, дарга нар маань төсөв батлагчид учир бичигч би төсөв сайн болно, шинэчлэл хийгдэх байх гэж бодмоглох гээд чадамгүйгээ хэлэх гэсэн юм.

Ний нуугүй хэлэхэд Улсын төсвийг тэд өөрсдийнхөө халааснаас гаргаж байгаа юм шиг л ханддаг шүү дээ. Үүнийгээ болиосой.  Иймээс эрхэм түшээд дарга нар минь толгой доторхи бугшсан муусайн бодол юугаа хаясан, хошиндуу хэлэхэд “толгойгоо сольсон” цагт төсөв сайжрах болов уу. Дэндүү хардамхай байна уу?  Уучлаарай!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)