Б.ОД

“Тамхигүй маргаашийн төлөө” ТББ-аас тамхины хор нөлөөг багасгах олон улсын туршлага сэдвээр өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас тамхидалттай хамгийн сайн тэмцдэг Англи, Австрали улсын судлаачдыг урьж авчирчээ.

Тухайлбал, Сэр Кэвин Баррон нь Английн парламентад 29 жил ажиллахдаа тамхины эсрэг олон хуулийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай юм. 10 жилийн өмнө гэхэд Европ тивд тамхидалтын түвшингээр тэргүүлж байсан Англи улс нь өдгөө тамхинаас олон хүн бүр мөсөн татгалзаж чадаж буй үзүүлэлтээр олон улсад жишиг болсон байна.

 Харин Австралийн доктор Колин Менделсон нь 30-аад жилийн турш тамхины эсрэг эмчилгээний тухай судалгаа, шинжилгээ хийсэн ба ойролцоогоор 100 мянга гаруй хувь хүнд тамхинаас татгалзахад нь тусалжээ.

Монгол Улсын хувьд жил бүр 20 мянган хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлд нэрвэгдэж, 4300 хүн нас бардаг. Мөн тамхидалтын түвшин 27 хувь байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.

Тиймээс “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ нь Монгол Улсад тамхидалтын түвшинг бууруулах, иргэдэд тамхины хоруу чанарыг таниулж, тамхинаас татгалзуулах зорилготой ажиллаж байна. Тус байгууллага 2025 он гэхэд 100 мянган хүнийг тамхинаас гаргахаар төлөвлөжээ.

Дээрх өндөр хөгжилтэй орнуудад тамхийг орлуулах бүтээгдэхүүн гэж байдаг. Тэдгээр бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжих нь тамхидалтын түвшинг бууруулах чухал алхам болдог гэж үздэг аж.

Хүмүүс тамхинд агуулагддаг никотинд донтсоны улмаас тамхи татдаг. Гэхдээ эрүүл мэндэд хор уршиг хүргэдэг ихэнх зүйл нь шатаж буй тамхинаас ялгардаг 7000 гаруй химийн хорт бодисоос үүдэлтэй юм.Тиймээс дээрх эрдэмтэд ЭМЯ болон Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзаж, тамхидалттай тэмцэх олон улсын сайн жишгээс хуваалцах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn