Б.БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Тиймээс энэ удаагийн дугаартаа эмэгтэйчүүдийн хумсыг гоёдог маникюрчин Г.Мөнх-Отгонг онцолж байна.

 

Эгчийгээ маникюр хийхийг харах сонирхолтой санагдсан

 

Эмэгтэйчүүдийн гоёлын чухал зүйл бол хумс. Өнгөлөг, загварлаг, урт хумсанд дургүй эмэгтэй байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ гэрийн нөхцөлд өөрөө будах, салонд мэргэжлийн маникюрчинаар будуулах ялгаатай. Тэгвэл өөрийн хүсэл сонирхлоороо маникюрчин гэх нарийн мэдрэмж шаардсан мэргэжлийн эзэн болсон энэ  залууг Г.Мөнх-Отгон гэдэг. IT инженер мэргэжилтэй, 28 настай тэрбээр "Lavander" салоны маникюрчин.

Түүний хувьд 2017 оноос эхэлж маникюр хийх болжээ. Энэ талаар “Оюутан байхдаа биеийн шивээс хийдэг байсан. Тиймээс сургуулиа төгсөөд шивээсээрээ дагнан ажиллах болсон. 2016 онд бэр эгчтэйгээ хамт Эрдэнэт хотод гоо сайхны салон нээсэн юм. Эгч маань маникюр, би шивээсээ хийдэг байлаа. Бэр эгчийгээ маникюр хийхийг харахаар сонирхолтой санагдаж заалгасан. Ингээд 2017 оноос шивээсээ бүр мөсөн орхиж маникюрчин болсон” гэсэн юм.

 

Өөрийг нь зорих үйлчлүүлэгч олон бий

 

Г.Мөнх-Отгон хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болжээ. Энэ тухай хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдэд их олон газар ажилласан. Энэ хугацаанд зөвхөн надаар үйлчлүүлэхийн тулд намайг хаана ч очсон зорьж ирдэг үйлчлүүлэгчид олон байдаг. Жишээлбэл, миний байнгын үйлчлүүлэгч нэг эгч надаар хумсаа янзлуулахын тулд хотын баруун захаас зүүн зах хүртэл явж ирдэг байсан. Одоо хотын төвд ажиллаж байгаа учраас үйлчлүүлэгчдэд маань амар байгаа” гэв.

Мөн түүнийг маникюраар ажиллаж эхэлж байхад хүмүүс ихэд  сонирхож бас гайхдаг байжээ. “Хүүеээ, эр хүн байж юу хийгээд байгаа юм. Ядаргаатай биш үү, байнга ингээд суух. Эсвэл чи ч өдөр болгон янз бүрийн эмэгтэйн гар бариад гоё байдаг байх даа” гэх мэтээр ханддаг байсан гэв. Харин өөрийнхөө давуу талыг “Эсрэг хүйстний нүдээр харж энэ эмэгтэйд ийм өнгө, чимэглэл зохих юм байна гэж бодож буддаг. Энэ нь миний давуу болов уу” гэсэн юм.

 

Байнгын үйлчлүүлэгч Х.Анхбаяр: Эрэгтэй хүн учраас зураг зурахдаа сайн

Түүний байнгын үйлчлүүлэгч Х.Анхбаяр “Миний хувьд Г.Мөнх-Отгоноор үйлчлүүлээд дөрвөн жил болж байна. Түүний хувьд маш нямбай, хурдан хийдэг. Зарим маникюрчид хэтэрхий удаан, үйлчлүүлэгчээ чилээх нь их байдаг. Харин Г.Мөнх-Отгоны хувьд хурдан шуурхай нь давуу тал болдог. Мөн шинэлэг будалтуудыг хийдэг. Бас хумсан дээр зураг зурахдаа маш сайн” гэсэн юм.

 

Түүний дөрвөн найз нь маникюрчин болжээ

 

Г.Мөнх-Отголны цаашдын зорилго нь “Гадаадад гарч ажиллаж, амьдрах” гэсэн юм. Энэ тухай хэлэхдээ “Гадаадад маникюрчины цалин өндөр байдаг. Яагаад гэвэл хортой нөхцөл гэж үздэг. Тиймээс би гадагшаа гарч ажиллах зорилготой байгаа. Мөн давхар өөрийн чадвараа сайжруулна гэж бодож байгаа” гэсэн юм.

 Манай улсад 10 гаруй эрэгтэй маникюрчин байдаг. Сүүлийн үед гоо сайхны чиглэлээр ажиллах эрэгтэйчүүд олон болж байгаа ажээ. Үүний нэг жишээ бол Г.Мөнх-Отгоны эрэгтэй дөрвөн найз нь маникюрчин болсон байна. Энэ талаар “Маникюрчинг заавал эмэгтэй хүн хийх ёстой биш шүү дээ. Эрэгтэй хүн маникюр хийх нь олон давуу талтай. Эрэгтэй хүний нүдээр харж хийж байгаа учраас дандаа гоё болдог гэж боддог” гэсэн юм. Харин хүндрэл бэрхшээлийн хувьд “Маникюр нь улир­лаас хамаардаг ажил учраас өвлийн саруудад үйлч­лүүлэгч багатай байдаг. Мөн цаг наргүй ажилладаг нь хэцүү. Бас их удаан суух шаардлагатай болдог учраас ну­руу их чилдэг. Гэхдээ би ажилдаа дур­тай” гэсэн юм.

Өнөө цагт хүйс хамаарахгүй мэргэжлээ сонгож болдог гэдгийг “Зууны мэдээ” сонины “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” цуврал нийтлэлүүдээс харж болно. Тодруулбал, эрэгтэй хүн маникюрчин, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, эмэгтэй хүн автобусны жолооч, ачааны машины жолооч байж болохгүй мэт хэвшмэл ойлголтыг халах нь тогтвортой хөгжлийн зорилгын нэг. Нэг үгээр хэлбэл жендэрийн тэгш байдлыг бий болгох нь тал зүйлийг бүтэн болгохтой адил юм. Мөн хүйсийн тэгш байдал нь аливаа зүйлийг хоёр талаас нь харж тухайн орчинд дутагдаж буй орон зайг дүүргэж, амжилттай ажиллах үндэс болдог гэдгийг судлаачид хэлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 213 (6945)