Б.ДОЛЖИНЖАВ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал  С.Ганбямбыг томилох саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зөвшилцөж, томилохыг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Бригадын генерал С.Ганбямбын танилцуулгатай дэлгэрэнгүй танилцлаа. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын шат шатны ажлыг хийсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллах хэмжээний шаардлагыг хангасан нэр дэвшигч орж ирсэнд баяртай байна.Таны гаргаж байгаа шийдвэр анхан шатандаа бодитой байх ёстой. Доод шатны албан тушаалтан, цэргийн албан хаагчдын зовлон, жаргалыг мэддэг хүний шийдвэр оновчтой, хэрэгжих үндэслэл сайтай байдаг. Ингэж байж байгууллагадаа хүлээн зөвшөөрөгдөнө. Зэвсэгт хүчний бүтцэд төрлийн цэргийн командлалууд одоо байгаа юу. Бодитой хэрэгжиж байгаа юу. Цэргээсээ олон генералтай боллоо гэж олон нийт шүүмжилж байна” гэв.

Түүний асуултад Бригадын генерал С.Ганбямба “Олон улсын чиг хандлагын дагуу Зэвсэгт хүчний тухай хуульд 2010 онд өөрчлөлт оруулж Монгол Улс хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг, тусгай хүчин гэсэн таван төрлийн цэрэгтэй болсон. Үүнээс дөрөв нь одоогоор командлалтай байна. Байлдааны үед бие дааж байлдааны үйл ажиллагаа явуулах чадвартай цэргийг төрлийн цэрэг гэж нэрлэдэг” гэв.

Бригадын генерал С.Ганбямба ҮБХИС, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабт хилийн цэргийн цэргийн стратегийн аюулгүй байдлын чиглэлээр суралцжээ.

Эх сурвалж:www.polit.mn