Б.ДОЛЖИНЖАВ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал     С.Ганбямбыг томилох саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зөвшилцөж, томилохыг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд “Бүх аймаг, орон нутаг Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг батлуулаад дагаж мөрдөж байх ёстой. Энэ хуулийг биелүүлэх төлөвлөгөө хэр биелж байгаа вэ, хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. Орон нутгийн удирдлагуудтай энэ чиглэлд хэрхэн хамтарч ажиллаж байгаа эсэх нь маш чухал байна. Орон нутаг дасгал сургуулилтаа хийж аюулгүй байдлаа хангах ёстой. Энэ бол хамтарч ажиллах ёстой чухал зүйл. Орон нутгийн дайчилгаа бас их чухал.Цаашид энэ тал дээр хэрхэн ажиллах вэ” гэв.

Түүний асуултад Бригадын генерал   С.Ганбямба “Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг 2018 онд баталсан. Н.Энхболд гишүүн Батлан хамгаалахын сайд байхдаа орон нутаг, нийслэлийн хамгаалалтын төлөвлөгөөг баталсан. Түүний дараа 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэг орон нутаг хамгаалалтын төлөвлөгөөг хуулийн дагуу батлан хэрэгжүүлж байна: Хуулийн хэрэгжилтийн чухал хэсэг нь орон нутгийн сургалт буюу орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах юм. 2021 оноос  хойш орон нутгийн хамгаалалтын сургуулилтийг хийж байгаа. Энэ онд Өмнөговь аймагт орон нутгийн хамгаалалтын сургуулилтийг хийсэн. Хуулиар нэгдсэн сургалт гэж том сургалт бий. Үүнийг 2023 онд Төв аймгийн тамгын газартай хамтарч зохион байгуулахаар шийдвэрийг гаргуулсан. Дайчилгааны сургуулийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангитай хамт явуулна” гэж хариуллаа.

 Эх сурвалж:www.polit.mn