Б.ДОЛЖИНЖАВ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал  С.Ганбямбыг томилох саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зөвшилцөж, томилохыг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрүүл мэндийн үзлэгээр оруулаад эрүүл саруул хүүхдээ цэрэгт явуулчхаад шарил хүлээж авсан хэрэг олон гарлаа. Энэ ямар учиртай юм бэ. Ховд аймгийн цэргийн ангид сүрьеэ гарсан. Тэр ангийн захирагчид арга хэмжээ авсан уу. Нэг жил бол цэргийн эрдэм сурахад бага хугацаа. Эх орноо хамгаалах ёстой хүндтэй алба. Гэтэл хэрэгтэй хэрэггүй хамаг ажлыг хийх ёстой юм шиг цэргүүдийг ойлгодог. Одоо бол баячуудын хүүхдүүдээс бусад нь алба хааж байна.Олон улсад хурцадмал байдал үүссэн үед Сэлэнгэ-2022 хээрийн сургуулилтийг Казахстан, Хятадын хилийн ойролцоо хийлээ. Мөн Москвад хээрийн сургуулилт хийсэн. Үүнд тайлбар өгнө үү” гэлээ.

Түүний асуултад Бригадын генерал С.Ганбямба “Зарим албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болоод хугацаат цэргийн албанд ирсэн иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох асуудал гарсан. Үүний хор хэмжээ, хохирлыг багасгахын тулд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ховд аймгийн цэргийн ангид сүрьеэгийн голомтот нөхцөл байдал үүссэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнийг авчирч, дараагийн албан хаагчид ирэхээс өмнө халдваргүйжүүлэх арга хэмжээг авсан. Мөн ангийн захирагчид сахилгын арга хэмжээ авсан. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал маш чухал. Цэрэг татлагын үзлэгт оролцсон залуусын 34 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй.Цэрэгт эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй эдгээр залуусыг тухайн аймаг орон нутгийн цэргийн штаб нь эрүүл болгоход анхааран ажиллах ёстой.Энэ онд 249 цэргийн албан хаагч бүтээн байгуулалтад оролцож дээд тал нь 8.5 сая төгрөг дансандаа хуримтлуулсан. Хугацаат цэргийн хугацаанд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Санал дүгнэлтээ хэлж байгаа” гэв.

Энэ үеэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Манай улс жилд 18-24 хээрийн сургуулилт хийдэг. Үүнд АНУ, Орос, Катар гэсэн олон улс оролдцог. Үүнээс хэдхэн орныг онцлоод улс төр хийж болохгүй. Монгол улс олон жилийн турш хийсэн уламжлалт хамтарсан сургуулилтаа хийсэн” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn