Б.ДОЛЖИНЖАВ
Дани улсын түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй Ерөнхий сайд Метте Фредериксенийг бид энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо. Социал Демократ намын дарга Метте 2019 оны зургадугаар сараас хойш Дани улсыг удирдаж байгаа юм.
Улс төрийн замнал
Данийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд Метте Фредериксен 1977 оны арваннэгдүгээр сарын 19-нд төржээ. Тэрбээр Социал Демократ намын даргаар долоо дахь жилдээ ажиллаж байна. Харин ерөнхий сайдын албан тушаалыг 2019 оны зургадугаар сараас хойш нэр төртэйгээр гүйцэтгэж яваа дэлхийн шилдэг эмэгтэй улс төрчдийн нэг яахын аргагүй мөн юм. Түүнийг Европын холбооны улсыг хамгийн олон жил удирдсан төрийн тэргүүнээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тодруулсан байдаг.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнээр 2000-2001 онд ажиллаж байсан Метте улс төрийн хүрээнээс өөр салбарт ажиллаж байсангүй. Тухайлбал, тэрбээр анх 2001 оны ерөнхий сонгуулиар Копенгаген мужийг төлөөлөн парламентын гишүүнээр сонгогдсон. Ингэснээр намынхаа соёл, хэвлэл мэдээлэл, жендэрийн тэгш байдлын асуудлыг хариуцсан хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах болсон юм. Түүний энэ улс төрийн хүчин чармайлт, урам зориг, нийгэмд үзүүлсэн нөлөөллийг нь үнэлэн “Nina Bang”-ийн нэрэмжит шагналыг 2002 онд хүртээж байв. Нам нь 2005 оны ерөнхий сонгуульд ялагдсаны дараа Метте намынхаа нийгмийн асуудлыг хариуцсан хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.
Ийн түүний Социал Демократ нам 2011 онд ялалт байгуулж, олонх болох үед Хөдөлмөр эрхлэлтийн сайдаар томилогдсон байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн сайдаар ажиллаж байхдаа тэтгэврийн шинэчлэл хийж, эрт тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлж, уян хатан ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог сайжруулахад идэвхи зүтгэл гаргаж ажилласан юм. Тодруулбал, ажилгүй залуучуудад олгох мөнгөн тэтгэмжийг бууруулж, ажил хийх бусад боломжуудыг бүрдүүлэхэд анхааран ажилласан.Үүнээс гурван жилийн дараа буюу 2014 онд Хууль зүйн сайдаар дэвшин ажилласан билээ.
Гадаад бодлого
Ерөнхий сайд болсныхоо дараагаас Метте олон улсын анхаарлыг татаж эхэлсэн. Учир нь Данийн автономит муж болох Гринландыг /Greenland/ худалдахаас татгалзсаны улмаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дани дахь төрийн айлчлалаа цуцалсан нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Тухайлбал, “The Wall Street” сонины 2019 оны наймдугаар сарын 15-ны дугаарт “Дональд Трамп Гринланд мужийг худалдаж авах боломжийн талаар нөхөрлөлийн орнуудтайгаа хэлэлцсэн.Гэвч Гринландын захирагч Ким Киелсен худалдахгүйгээ илэрхийлжээ” гэсэн мэдээлэл гарсан байдаг.
Энэ мэдэгдлийг Метте баталж “Гринланд бол Дани биш. Гринланд зөвхөн Гринландад харьяалагддаг” хэмээн мэдээлж Трампын хэлэлцүүлгийг утга учиргүй хэмээн шүүмжилж байв. Үүний дараа тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Данид хийх айлчлалаа цуцалсан билээ.
COVID-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭН БОДЛОГО
Метте Фредериксен бол COVID-19 цар тахлын хамгийн хэцүү үед улсаа удирдсан Ерөнхий сайд юм. Энэ үеэр тэрбээр Австри, Израилийн Ерөнхий сайд нартай хамтран COVID-19-ийн эсрэг вакцины үйлдвэр барьж, хөгжлийн хамтарсан санг үүсгэн, хамтарсан судалгаа хийсэн билээ. Үүний үр дүнд коронавирусын мутацид орсон шинэ хувилбараас сэргийлэх нэмэлт тунгаар иргэдээ удаан хугацаанд хангах хангалттай нөөцийг бүрдүүлж чадсан юм.
Боловсролын шинэчлэл ба шүүмжлэл
Ерөнхий сайд Фредериксен магистрын зэргийн суралцах хугацааг хоёр жил байсныг нэг жил болгох саналыг энэ оны есдүгээр сард гаргасан. Ингэхдээ нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж байгаа хүмүүст хамаарах бөгөөд байгалийн шинжлэх ухаан, анагаах ухааны салбарын суралцагчдад хамаарахгүй юм. Гэвч хоёр жилд олгох ёстой мэдлэгийг нэг жилд олгосноор боловсролын чанарт сөргөөр нөлөөлнө хэмээн багш, оюутан, судлаачид энэ саналыг шүүмжилсээр байна. Харин Ерөнхий сайд Фредериксен ажилчид сургуульд биш ажлын талбартаа олон жилийг зарцуулснаар боловсролын чанар сайжирна гэсэн байр сууриндаа бат хэвээр байгаа юм.
Нийгмийн бодлогууд
Тэрбээр хүүхдүүдийг хүчирхийлдэг эцэг эхээс нь салгах, гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар тусгасан “Хүүхдийн хууль” батлахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан билээ. Мөн тэрбээр Улаан-Ногоон холбоо, Социалист ардын нам, Данийн Ардын нам зэрэгтэй хамтран олон жил ажилласан хүмүүст эрт тэтгэвэр гарах боломжийг бүрдүүлсэн юм. Энэ нь 2019 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол амлалтуудынх нь нэг байв.
Уур амьсгалын өөрчлөлт
Метте Фредериксенийн Засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийг 70 хувиар бууруулах олон улсын гэрээнд нэгдсэн. Энэ талаар Метте “Би байгаль хамгаалагч болохоосоо өмнө Социал демократ байсан. Одоо ч өглөө бүр сэрэхдээ би Социал демократ хэвээр байх болно” гэж ярьжээ. Дани бол зорчигчдын нислэгт нүүрсхүчлийн хийн татвар ногдуулдаггүй Европын дөрвөн орны нэг юм.
Хүүхэд нас ба боловсрол
Түүний аав нь хэвлэлийн үйлдвэрийн ажилтан бол ээж нь багш байжээ. Тэрбээр өсвөр насны хүүхэд байхаасаа ой мод, халим зэрэг амьтдыг хамгаалах кампанит ажлыг зохион байгуулж байв.
Метте Фредериксен “Aalborg”-ийн их сургуульд нийгмийн шинжлэх ухаан, захиргааны чиглэлээр бакалаврын зэргээ, “Copenhagen”-ийн их сургуульд Африк судлалын чиглэлээр магистрын зэргээ тус тус хамгаалжээ.
Тэрбээр одоогоор “Epostler” (2003), “From Fight to Culture” (2004) гэсэн номын хамтран зохиогчоор ажиллаад байна.
Эх сурвалж:www.polit.mn