П.АМГАЛАН

 

Хаа нэгтээ хэн нэгний амьдрах эрх зөрчигдөж байгаа бол эрэгтэй, эмэгтэй хүйс хамаарахгүйгээр алдагдсан эрхийг хангуулахад жендэр хэмээх  ухагдахууны гол зорилго оршдог. Тиймээс жендэрийн үндэсний хорооноос  2022-2031  оны  “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г танилцуулсан юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө арван жилийн хугацаатай батлагджээ.

Уг стратеги төлөвлөгөө нь таван зорилго,  20 зорилт, 240 гаруй  үйл ажиллагаатай бөгөөд төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудын хамтын оролцоотой хэрэгжиж байгаа аж. Уг төлөвлөгөө нь Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого төлөвлөлтийн дөрөв дэх шатны арга  хэмжээ юм.  Анх 2002-2015 онд анхны жендэрийн эрх  тэгш байдлыг хангах хөтөлбөр батлагдсан. Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг батлах тухай хуулийг 2011 онд баталж хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг 2012-2016 онд хэрэгжүүлэхээр  хоёр дахь шатны төлөвлөлт хийсэн юм. Харин жендэрийн эрх  тэгш байдлыг хангах гурав дахь хөтөлбөрийг 2017-2021 онд  хэрэгжүүлж дууссан байдаг. Тиймээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг ийнхүү дараагийн арван жилийн  хугацаанд баталжээ.

 

“Батлагдсан бодлого төлөвлөлтийн хэрэгжилт ямар байна гэдэгт илүү анхаарч ажиллаж байна”

 

Энэ талаар  Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны тогтвортой хөгжлийн дарга С.Батцэцэг “Жендэрийн эрх  тэгш байдлыг хангах анхны төлөвлөгөөнд тодорхойлсон арга хэмжээнүүдийг зааж өгөөгүй байдаг. Мөн хамтран хэрэгжүүлэх байгууллагууд нь тодорхойгүй байсан. Харин хоёр дахь төлөвлөлт нь өмнөх  төлөвлөгөөнийхөө дутууг, талыг нь нөхөөд хариуцах эзэн хамтран хэрэгжүүлэх байгууллага, арга  хэмжээнүүдийг нарийвчлан тусгаж өгсөн. Гэвч хаанаас ямар эх үүсвэрээр санхүүжих талаарх төсөв мөнгөний асуудал тусгагдаагүй. Харин  гурав дахь төлөвлөлтөд төсөв санхүүжилтийг нь хэрхэн хаанаас тусгах зохицуултыг оруулж өгсөн байдаг. Харин энэ удаагийн жендэрийн эрх  тэгш байдлыг хангах хөтөлбөрийн онцлог нь  өмнөх  дутагдалтай талыг тусгахын зэрэгцээ  таван зорилго, 20 зорилт бүр  үйл ажиллагаа бүхэн тусгайлсан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэй.  Өмнө нь жендэрийн тэгш байдлыг хангах, олон нийтийн дундах жендэрийн тухай боловсролыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх,  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо гэсэн үндсэн зорилт  тусгагдсан байсан. Энэ удаагийн арван жилийн стратеги төлөвлөгөөнд мөн шинэ зорилтуудыг тусгаснаараа онцлог. Жишээ нь, COVID-19 цар тахлын үр нөлөө, уур амьсгалын өөрчлөлт,  гамшгийн эрсдлийг даван туулахад ямар  бодлого төлөвлөлт хэрэгтэй эсэх талаарх шинэ  зорилтыг нэмж оруулсан. Өмнө салбар, орон нутгийн бодлого төлөвлөлт голлож байсан бол одоо хэрэгжилт санхүүжилт, хэрэгжүүлэхэд дутагдалтай байгаа хүний нөөц чадавхыг бэхжүүлэх. Батлагдсан бодлого төлөвлөлтийн хэрэгжилт ямар байна гэдэгт үнэлгээ дүн шинжилгээ хийх ажилд илүү анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

 

“Эрүүл мэндийн асуудалд жендэрийн ойлголт хэрэгтэй байна”

 

Өмнөх жендэрийн эрх  тэгш байдлыг хангах хөтөлбөрийн үйл явцад холбогдох байгууллагууд анализ хийсэн байна. Ингэхэд иргэд болон төрийн, төрийн бус байгуулага, холбогдох байгууллагад жендэрийн хууль тогтоомж бодлого төлөвлөлтийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх шаардлага их байна гэсэн дүн гарчээ. Тиймээс жендэрийн асуудал бол тасралтгүй хийх хэрэгтэй нөлөөллийн ажил. Мөн жендэрийн асуудал байнга хувьсан өөрчлөгдөж байдаг гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа. Энэ тухай Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны тогтвортой хөгжлийн дарга С.Батцэцэг “Өмнө жендэрийн асуудал гэхээр  эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын тухай ярьдаг байсан. Энэ нь тухайн цаг үедээ эмэгтэйчүүдийн  эрх илүүтэй зөрчигдөж байсан гэсэн үг.  Харин өнөөдөр  салбаруудад  янз бүрийн асуудал үүсэж байна. Жишээ, нь эмэгтэй эрэгтэй хүний наслалт зөрүү зэрэг  эрүүл мэндийн асуудал руу жендэрийн асуудал хэрэгтэй байна гэсэн үг. Мөн тогтвортой хөгжлийн боловсрол 2030  хөтөлбөрийн 17 зорилгын  тавдугаар зорилгод зөвхөн жэндэрийн тэгш байдлыг хангах чиглэлийн тухай тусгасан байдаг. Бусад 16 зорилгод жендэрийн тэгш байдлын хэний ч орхигдуулахгүй байх гэсэн үндсэн зарчим бий. Тиймээс бүх байгууллага жендэрийн асуудлыг тусгах хэрэгтэй” гэлээ.

 

“Эрэгтэйчүүдийн андралоги, урологийн эмч мэргэжилтний тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан”

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөнд хэд хэдэн хийх үйл ажиллагааг тусгаснаас эрэгтэйчүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд мөн анхаарчээ.  Энэ талаар эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Жендэр гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодог. Өнөөгийн нийгэмд эрэгтэйчүүдийн дунд эрүүл мэндийн асуудал ихээр тулгардаг. Жишээ нь, Жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэж  эрэгтэйчүүдийн эрүүл мэнд болон аз жаргалтай амьдрахад сөргөөр нөлөөлж байна. Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арван жилээр богино насалж байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь эрэгтэйчүүд урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй байдал, амьдралын буруу  зуршил нь эрт нас барах нэг шалтгаан болж байна. Мөн сэтгэл зүйн дархлаа хангалтгүй байгаагаас эрэгтэйчүүдийн дунд  амиа хорлолт түгээмэл байдаг. Тиймээс жендэрийн арван жилийн стратеги төлөвлөгөөнд  хэд хэдэн асуудал тусгасан. 2020-2022 оны хооронд эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах  төлөвлөгөөнд 25 ажил тусгасан байдаг. Уг ажил энэ жил хэрэгжээд дуусаж байгаа ч  жендэрийн арван жилийн стратеги төлөвлөгөөнд тусгаснаар үргэлжлээд хэрэгжээд явна гэсэн үг. Энэ ажлын хүрээнд эрэгтэйчүүдийн кабинетыг нэмэгдүүлэх, андралоги, урологийн эмч мэргэжилтний тоог нэмэгдүүлэх, өмнө бэлтгэсэн эрэгтэйчүүдийн эмч нарыг нарийн  мэргэжлээр сургаж мэргэшүүлэх гэсэн ажлыг тусгасан” гэсэн юм.

 

"Эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах  үндэсний тогтолцоог бэхжүүлнэ"

 

Жендэрийн  эрх тэгш  байдлыг хангах  салбар дундын  стратеги төлөвлөгөөний нь  таван зорилтод шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг  нэмэгдүүлнэ гэж тусгасан байсан. Энэ тухай  Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг “Удирдлагын акедемийн хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах  үндэсний тогтолцоог бэхжүүлэх үүрэг хүлээж ажиллаж байна. Удирдах ажилтнуудад жендэрийн агуулга бүхий сургалтыг орох юм. Ингэснээр  төгссөн мэргэжилтнүүд ажлынхаа үйл ажиллагаанд тусгаж ажиллах боломж бүрдэнэ. Мөн шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн  оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Эмэгтэйчүүд шйидвэр гаргах түвшинд ажиллахаар  илүү хүнлэг байхаас гадна авилгын хэмжээ буурдаг гэсэн судалгаа байдаг. Ийнхүү эмэгтэйчүүдийн жендэрийн  асуудалд анхаарснаар тодорхой хугацааны дараагаар өөрчлөлтүүд гарах юм. Мөн төрийн захиргааны  байгууллагын удирдах түвшинд ажиллаж  буй эмэгтэйчүүдийн тоо найман хувьтай байсан бол өнөөдөр 22 хувь болж өссөн. Түүнчлэн ажлын тайланд хүйсийн харьцаа ямар байсан тухай статистик мэдээлэл гаргадаг тогтолцоо руу шилжихээр зорьж байна. Энэ нь шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс бодит дата дээр суурилж  амьдралд зөв шийдвэр гаргах суурийг бүрдүүлэх чухал зүйл болж байгаа юм. Тиймээс удирдлагын академиас хэрхэн дата дээр ажиллах, шийдвэр гаргах гэдгийгсургалтынхаа агуулгад багтааж байгаа” гэлээ.  Харин Азийн сангийн эдийн засгийн хөтөлбөрүүд хариуцсан захирал Т.Триша “ Канадын гадаад хэргийн яамны санхүүжилттэйгээр  Азийн сан 2020 оноос хойш  хэрэгжүүлж байгаа  эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах  стратегийн төлөвлөгөөг дэмжин ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөө нь зорилгуудаа сайн тусгаж өгсөн гэж харж байгаа. Азийн сангийн зүгээс төлөвлөгөөний эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог илүү бататгах, бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлээс хязгаарлагдахгүйгээр эрх мэдлийг дээшлүүлэх талаарх зорилтыг тусгасан” гэсэн юм.

Жендэрийн  эрх тэгш  байдлыг хангах  салбар дундын  стратеги төлөвлөгөөний таван зорилт

♦ Охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүст эрүүл  аюулгүй амьдрах, сурч боловсрох  тэгш боломж бүрдүүлнэ.

♦ Эдийн засгийн хүрээнд  жендэрийн  тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ.

♦ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог  хөгжүүлнэ.

♦ Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг  нэмэгдүүлнэ.

♦ Уур амьсгалын  өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 212 (6944)