Т.САЙХАН

"Зууны мэдээ" сонин "Трэнд зочин" буландаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцсан билээ. Тэрбээр "Чингис хаан, хаад язгуурын музей"-г барьж байгуулахдаа Казахстан болон ОХУ-ын Эрмитажын музейгээс туршлага судалсан гэдгийг онцоллоо.  Тэрбээр " 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан Улсад айлчилсан.  Тэр үед ШУА-ийн түүх угсаатны хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор бид хоёр  хамт явж, тус улсын музейтэй танилцсан.   Төв Азид баригдсан хамгийн сүүлчийн, дэлхийн стандартын музей бол Казахстаны музей байсан. БНСУ-ын нэртэй архитекторыг урьж зураг төслийг боловсруулсан. Тэр музейг үзээд юу бодож ирсэн бэ гэхээр “Чингис хаан музей”-гээ аль болох эх үзмэрээр дэглэх ёстой юм байна гэсэн бодолтой ирсэн.   Мөн түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахад айлчлалын багт багтаж, Санкт Петербург хотын Эрмитажын  музейг очиж үзсэн. Чингис хааны музейн дээд талын хүндэтгэлийн танхимд долоон метрийн өндөртэй Чингис хааны алтан хөшөө баригдана.  Монгол төрийн хүндэтгэлийн олон үйл ажиллагаа  тэнд болох орон зай байх юм. Тэр үед алтдах үзмэрийн хэмжээг арай багаар тооцож байсан юм билээ.  Эрмитажын  музейг үзэхэд Оросын хааны гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байсан зарим эд зүйл гэхэд 60-70 кг алтны тухай байгаа юм. Тэндээс бид Чингис хааныхаа алтадсан хөшөөг хэмжээний хувьд арай том үнэ цэнтэй байх ёстой юм байна гэсэн тооцоололтой ирж байлаа.  Мөн Эрмитажын музейд зочлох  үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус музейн захирал Чингисийн чулууны бичгийн цор ганц эх хуулбарыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр бэлэглэж байсан.  Энэ бол манай музейн анхны үзвэр байлаа. Тэр өдөр 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байсан нь /1206 он/  их бэлгэшээлтэй сайхан санагдаж байсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn