Б.ДАРЬСҮРЭН

ШӨХТГ-ын даргын 2022 оны аравдугаар сарын 05-ны 01/29 дугаартай удирдамжийн дагуу долоо хоног бүр шатахууны түгээлтэд шалгалт хийж байна. Тухайбал, энэ сарын 28-нд ШӨХТГ-ын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Сод Монгол", "Шунхлай", "Петровтис" ХХК-ийн 20 ШТС хамрагдсанаас 17 ШТС-ын үйл ажиллагаа хэвийн байсан аж. Харин гурван ШТС-д АИ-92 шатахуун түгээхгүй байсан бөгөөд нөөц дууссан гэх хоёр ШТС-ын шатахууны автомат түвшин хэмжигчийг шалгахад хоёр савны нөөц дууссан байжээ. Түүнчлэн нэг ШТС-ын түгээгүүрийн хошуунд гэмтэл гарсныг засуулахаар дуудлага өгсөн нөхцөл байдлууд илэрчээ. 

"Магнай трейд" ХХК-ийн хувьд "Ачуулсан шатахуун өнөөдөр ирж байна. Буусны дараа ШТС-уудаар тараана гэх мэдээллийг ирүүлсэн. Мөн үйл ажиллагааны доголдолтой холбоотойгоор зарим ШТС-аа хааж байна" гэх хариуг ирүүлжээ.
Энэ сарын дөрөв дэх долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 33, АИ-92 автобензин 21, АИ-95 автобензин 36, дизель түлш 22, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн буюу ердийн нөөцтэй байна. Харин Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин гурав , АИ-92 автобензин 16, АИ-95 автобензин 44, дизель түлш 33, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn