Р.ОЮУН

 

Ардын жүжигчин Л.Нацагийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Циркийн Нацаг” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Тэрбээр монгол циркийг үүсгэн байгуулагчдын нэг юм. БНМАУ-ын Ардын жүжигчин Л.Нацаг сургуульд байхдаа толгой дээрээ тогтох, годройтох хөдөлгөөнийг гарамгай хийхийн зэрэгцээ утсан хөгжмийг чадварлаг тоглодог байсан нь циркийн урлагт амжилт үзүүлэх суурь нь болжээ. Тухайлбал, 1936-1938 онд гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Д.Гомбо нартай ЗСБНХУ-ын Бүх холбоотын циркийн сургуульд амжилттай суралцаж 16 настайдаа төгсөж иржээ.

Тэд 1938 оноос Төв театрын циркийн ангийн жүжигчин, 1941 оноос улсын циркт жүжигчин, багш, найруулагч, уран сайхны удирдагчаар 40 гаруй жил ажилласан байна. Тэрбээр ажиллах хугацаандаа циркийн үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан. 1972-1978 онд Циркийн сургуулийн захирал, 1978-1981 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ардын циркийг үүсгэн байгуулалцаж багшаар ажиллажээ. Л.Нацагийн олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж 1944 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1972 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цолоор шагнасан байна. Түүний 100 жилийн ойг тохиолдуулан гэр бүл, үр хүүхдүүдийнх нь санаачилгаар Монголын театрын музей, Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо хамтран энэ үзэсгэлэнг ирэх сарын 11-нийг хүртэл үзэгчдэд толилуулна.   

Идэр нас.
Аав Д.Ламжав, ах Л.Ванган, Л.Нацаг. 
1960-аад оны дунд үе.
Төрийн шагналт, УГЗ  ах Л.Ванганы хамт.
Л.Нацагийн тоглолтын хувцас.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)